Монголд хүүхдэд төрсөн цагаас эхлэн Д витамин өгдөг, хятадууд өглөө, орой нэг цаг гадаа гаргахыг зөвлөдөг

2024 оны 7 сарын 252024-07-25
Монголд хүүхдэд төрсөн цагаас эхлэн Д витамин өгдөг, хятадууд өглөө, орой нэг цаг гадаа гаргахыг зөвлөдөг

Монголчууд бид хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн Д витамин уулгадаг. Тэгвэл бидэнтэй адил газар зүйн байршилтай улс орнуудад Д витамины хэрэглээ ямар байдаг талаар энэ удаагийн “Тэд, Бид” буландаа онцолж байна.

------------------------------------------------------

Монголд төрсөн цагаас эхлэн Д витамин өгдөг

Монголчууд бид хоол хүнс болон газарзүйн байршлаас хамаарч нарны элчээс Д витамин авах боломж хомс байдаг. Тиймээс хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн Д витамин уулгахыг эмч нар зөвлөдөг. Зөвлөмжийн дагуу эцэг эхчүүд өдөр бүр Д витаминыг нэмэлтээр уулгасаар байна.

Түүнийг Н.Баярчимэг гэдэг. Дөрвөн нас болон долоон сартай хоёр хүүхэдтэй. Тэрээр хүүхдүүдээ төрсөн цагаас эхлэн өнөөдрийг хүртэл Д витамин уулгаж байгаа аж. Энэ тухайгаа “Хоёр хүүхдэдээ 1000 мг-тай Д витамин өдөрт нэг удаа уулгадаг. Учир нь эмч нар хүүхдийг гурван нас хүртэл 1000 мг-тай Д витамин өгөх ёстой гэдэг. Мөн шүд ургах, яс бэхжих зэрэгт тустай шүү дээ” гэсэн юм. Харин шинжилгээ өгч тохирох витаминыг нь уулгадаг эсэх талаар 20 хүнээс судалгаа авахад нэг нь ч шинжилгээнд хамруулалгүй Д витамин уулгаж байлаа. Энэ тухай "Юнимед интернэйшнл” эмнэлгийн хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор П.Нямцэрэн “Ер нь бол хүн хэд хэдэн аргаар витамин Д авдаг. Нэгдүгээрт, нарны гэрлээс витамин Д арьсаараа дамжуулан авдаг. Гэвч манай орны хувьд витамин Д-гийн архаг дутагдалтай бүс нутагт харьяалагддаг учир нарны гэрлээс витамин Д хангалттай авч чаддаггүй. Зуны цагт ч нарны туяанд бидний арьсанд шингэх хэмжээний витамин Д байдаггүй. Харин хавар дөрөвдүгээр сард нарны туяанаас хамгийн их витамин Д-г авах боломжтой үе гэсэн судалгаа гарсан. Гэвч эрс тэс уур амьсгалын нөлөөнөөс хамаараад дөрөвдүгээр сард хүмүүс нүцгэн яваад арьсаараа витамин Д-г авах ямар ч боломжгүй. Хоёрдугаарт, хоол хүнсээрээ дамжуулан авах боломжтой байдаг. Гэвч Монголд байдаг өргөн хэрэглээний хоол хүнс витамин Д-гээр баяжигдаагүй байгаа. Өндөг, загас, сүү, бяслаг гэх мэт хүнсэнд витамин Д агуулагддаг, тэгэхдээ маш бага хэмжээтэй. Тухайлбал, сүүнээс витамин Д-гээ нөхнө гэвэл өдөрт 12 аяга сүү, 16-20 ширхэг өндөг иднэ гэсэн үг. Тэгэхээр хоол, хүнсээр нөхөх боломж бага учраас заавал эмийн хэлбэрээр нэмэлтээр уух шаардлагатай. Хамгийн гол нь манайхан шинжилгээ өгөхгүй, эмийг замбараагүй хэрэглэдэг, дур мэдэн уудаг. Тиймээс заавал эмчийн заавраар, тунг нь тааруулж уух нь чухал” хэмээн IToim.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

Харин нөгөө талдаа Д витамин иргэдийн дур мэдэн худалдан авч уудаг эмийн нэг болжээ. Энэ талаар Халдвартын эцэст байрлах Монос эмийн сангийн эмийн санчаас тодруулахад “Эцэг эхчүүд ихэвчлэн 1000 мг-тай Д витамин худалдан авдаг. Жоргүй олгодог учир байнга л авдаг” гэсэн юм.

Хятадууд өглөө, орой нэг цаг гадаа гаргахыг зөвлөдөг

Бээжин болон Улаанбаатар хотууд газар зүйн байршил ойролцоо. Тодруулбал, нарны туяанаас авах Д витамины хэмжээ адил гэсэн үг. Гэтэл Бээжинд хүүхдэд Д витаминыг санал болгодоггүй байна. Харин өглөө, орой нэг цаг гадаа гаргахыг зөвлөдөг байна. Энэ талаар  Бээжин хотод оршин суугаа иргэн Б.Ууганцэцэг “Бид хүүгээ нэг настай байхад Улаанбаатараас Бээжинд амьдрахаар ирж байсан. Одоо хүү маань таван настай. Хүүхдээ төрсөн цагаас эхлэн 1.6 сартай болтол Д витамин уулгасан. Учир нь монгол эмч нар өдөр бүр 500-1000 мг-тай Д витамин уулгахыг зөвлөсөн. Харин Бээжинд ирснийхээ дараа хүү маань өвдөж эмнэлэгт очсон. Тэр үеэр Д витаминаа цаашид уулгасаар байх уу гэхэд эмч маань “Яагаад Д витамин уулгаад байгаа юм” гэж маш их гайхсан. Монгол эмч нар уухыг зөвлөдөг талаарх учир шалтгаанаа хэлэхэд “Хүүхдийг өглөө, орой нэг цаг заавал гадаа гарга. Агаар болон нарнаас Д витаминыг нь авхуулах нь зүйтэй” гэсэн. Үүнээс хойш хэд хэдэн эмчээс Д витамин уулгах шаардлагатай эсэх талаар асуухад бүгд гадаа гаргахыг зөвлөсөн” гэв.

Солонгост шинжилгээ өгч байж Д витамин уулгадаг

Солонгос улсад Д витаминыг заавал эрдсийн шинжилгээ өгч байж хүүхдэдээ уулгадаг байна. Энэ талаар Солонгос улсад оршин суугаа иргэн Б.Өлзийжаргал “Манайх 5 настай хүү, нэг настай ихэр хүүхэдтэй. Хүүхдүүдээ Солонгос улсад төрүүлж өсгөж байна. Солонгос улсад хүүхдэд заавал Д витамин уулга гэдэггүй. Харин нэмэлтээр ямар нэг витамин уулгах шаардлагатай гэж үзвэл заавал эрдсийн шинжилгээ өгч байж шийддэг” гэсэн юм.

Сонирхуулахад Д витамин илүүдсэнээр хоолонд дургүй, цочромтгой, тайван бус, хөлрөмтгий, толгой өвдөх, цонхийх, цус багадах, их шээх, жин нэмэхгүй байх зэрэг ерөнхий хордлогын болон витамин Д дуталтай ижил төстэй шинж илэрдэг байна. Иймд Д аминдэмийг эмчийн хяналтанд зөв хэрэглэх нь маш чухал юм.

Мөн Д витаминыг хяналтгүй, дур мэдэн хэрэглэх, шинжилгээ өгөхгүй өндөр тунгаар уух, удаан хугацаанд хэрэглэх нь Д витамин илүүдэх нөхцөл болдог. Харин хэрэглэж эхлэхээсээ өмнө цусан дахь витамин Д –ийн шинжилгээг өгч, эмчийн зааврын дагуу өөрт тохирсон тунгаар зөв хэрэглэх нь зүйтэй.  Илүүдэл гарсан тохиолдолд зайлшгүй эмчид хандах, нэмэлт найрлагагүй, тунгийн зөв савлагаатай, бүртгэлтэй Витамин Д хэрэглэх, Наран шарлага, нарны туяатай Д аминдэмийг хавсрахгүй байх ёстой ажээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Санал болгох

Толгой нь нийлээд байхад хөл нь “зодолдох” хэрэг юун?!

Хоёр сарын өмнө дууссан УИХ-ын 2024 оны сонгуулийн сонин хуучраагүй л байна. Сонгуулийн үеэр салам нүдэлдэж байсан намууд сонгуулийн дараа ялсан МАН-ын засагт орцгоосон. Ингээд нэг ялагчтай сонгуулийн дараа гурван нам нийлээд Засгийн газрыг байгуулсан. Улмаар хамтарсан Засгийн газрын ажлыг эхлүүлэхээр УИХ ээлжит бусаар чуулав. Ээлжит бус чуулганаар мөрийн хөтөлбөрийг баталж, төсөвт тодотгол хийлээ. Гэсэн ч сайд нь шинээрээ, гишүүд нь түүхийгээрээ л байна. Бид бүгдээрээ л харж байна.

2 өдрийн өмнө
Э.Золзаяа: Гол өрсөлдөгч МАН-ыг ялж үзүүлнэ

Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол ХҮН нам төдийгүй хувь улстөрч миний хувьд удаан хүлээж, бэлтгэсэн чухал эргэлт, өөрчлөлтийн сонгууль. Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа ХҮН намын Бодлого, судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүдээ энэ удаагийн сонгуульд тэргүүлэх үүрэгтэй оролцуулж байна

2 өдрийн өмнө
Хоолны хаягдал хөрсөнд хор биш бордоо болдог

Монголчууд хоол хаях нь амны хишигт муу гэлцдэг. Гэвч орчин үед хүмүүс хоносон хоол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас илүүдэл хоолоо шууд хаядаг болсон. Хөдөө орон нутгийхантай адил нохойндоо өгчихнө гэх аргагүй болохоор хоолны хаягдал бусад хогтой хамт хар уутанд ороод хаашаа ч юм алга болдог. Бид тэр хогоо үнэр орж, муудчихна гээд гэртээ удаан байлгадаггүй. Гэтэл тэр бүх хаягдал таны гэрийг биш ч та бидний дэлхийг бохирдуулж байна. 

2 өдрийн өмнө
Н.Тожилсүрэн: Тайга нохой чоныг дийлэх чадалтай

Монголын нохой судлалын холбооны гишүүн, “Хар салхи” тайга нохойн үржлийн газрын үүсгэн байгуулагч Н.Тожилсүрэнтэй ярилцлаа

2 өдрийн өмнө