П.Наранбаяр: Сургалтын хөтөлбөр, сурах бичиг шинэчлэх баг байгуулан ажиллаж байна

1
2024 оны 7 сарын 252024-07-25
П.Наранбаяр: Сургалтын хөтөлбөр, сурах бичиг шинэчлэх баг байгуулан ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяртай ярилцлаа.

------------------------------------------------------------------

-Хамтарсан Засгийн газарт орж, Боловсролын сайдаар томилогдоод хэд хонож байна. Таны хувьд ажлаа юунаас эхэлж байна вэ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажил дээр хэд хоног суулаа. Ингэхдээ эрх баригч МАН болон Ардчилсан нам ХҮН-ын мөрийн хөтөлбөр дэх боловсролын салбартай холбоотой заалтуудыг нийлүүлж, уялдуулах байдлаар ажиллалаа. Энэ маань дуусч, үйл ажиллагааны хөтөлбөр болоод өнөөдөр/өчигдөр/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдлээ. Сүүлд нь УИХ-д танилцуулагдаад явах учиртай юм. Ер нь сайд болсноосоо хойш барьж байгаа миний зарчим бол нэгдүгээрт, ямар нэгэн огцом, тулгасан, гэнэтийн шийдвэрээр энэ салбарт ойлгомжгүй байдал бий болгохгүй байхыг зорьж байгаа. Хоёрдугаарт, төрийн жинхэнэ албан хаагчдыг халах, цомхотгох зүйлийг хийхгүй. Мэдээж өөрт олгогдсон эрх мэдлийн хүрээнд дотор нь сэлгэж ажиллуулж болно. Гуравдугаарт, иргэн төвтэй, иргэдийг чирэгдүүлэхгүй байх гэсэн чиглэлийг яамныхандаа өгсөн. Албан бичиг, өргөдлийн хариу, аливаа шийдвэрийн хурдыг нэмэгдүүлэхээр ярьж байна. Яамны ажилчид маань ч гэсэн миний энэ шийдвэрүүдийг хүлээн авч, гар нийлэн ажиллаж байгаа. Үүнд нь их талархаж байна.

-Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг нэмэгдүүлж, эцэг эх нь хуваалцах шийдвэрийг гаргасан байсан. Хэдэн төгрөгөөр нэмсэн юм бэ. Хүүхдийн ар гэрийнхэн хэдэн төгрөг төлөх ёстой вэ?

-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг ар гэрийнхэн нь хуваалцана гээд Боловсролын тухай хууль дээр заагаад өгчихсөн юм. Харамсалтай нь энэ заалт сүүлийн найман жилийн турш хэрэгжихгүй явж ирсэн. Харин энэ оны тавдугаар сарын 29-ний өдөр хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоож, 3000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэ бол цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны материалын л зардал шүү дээ. Гэтэл хүүхдүүд үндсэн хоолоосоо гадна тараг сүүнээс эхлээд хэрэглэх учиртай. Тэгэхээр энэ бүхэн 3000 төгрөг яагаад ч хүрэлцэхгүй. Өнөөдөр төсөв мөнгө хэцүү байгааг ойлгож байгаа. Тийм болохоор энэ зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлье. Энэ нь хүүхдийн өсөлт хөгжилд сайнаар нөлөөлнө гэж үзэж байгаа. Эрүүл мэндэд ч тустай. Эцэг эхчүүд ч гэсэн хоолны зардлын тодорхой хувийг гаргах саналтай байдаг. Ийм байхад төр 100 хувь даана гэж дайраад хүүхдүүд төрийн өмчийн цэцэрлэгт явахдаа өлсөж харьдаг байж болохгүй.

-Нэмж байгаа мөнгийг ар гэрийнхэн нь төлнө гэсэн үг үү?

-Тийм. Өдрийн 1000 төгрөг гэхээр сард 22 мянган төгрөг төлөх тооцоолол гарч байгаа.

-Та анхны тушаалаараа хичээлийн жилийг гурван улиралтай байхаар шийдвэрлэсэн байсан. Гэтэл өмнө нь Л.ЭнхАмгалан сайдын үед ингэж өөрчлөөд багш, хүүхдийн ачаалал зэргээс шалтгаалан буцаагаад дөрвөн улиралтай болгож байсан юм билээ. Тэгвэл та ямар тооцоо судалгаан дээр үндэслэн ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Олон жилийн дундаж, хичээлийн байдал, карентин тогтоосон зэргийг эргээд харах хэрэгтэй. Ноднин гэхэд л буцаагаад дөрвөн улиралд шилжүүлсэн хэрнээ 12 дугаар сарын сүүлээр гэнэтхэн нэг сарын хугацаатай карентин тогтоочихсон. Ингээд цахим хичээлд шилжүүлсэн. Энэ нь эргээд хүүхдүүдэд муугаар нөлөөлөөд байдаг юм. Ер нь өнөөдөр цаг агаар, байгаль дэлхийгээ харсан ч гэсэн манайхыг дөрвөн улиралтай орон гэж хэлэхэд хэцүү болчихлоо шүү дээ. Ялангуяа хүйтний улирал нь хэт удаан болдог болсон. Нэмээд энэ үеэр хотын түгжрэл эрс нэмэгдэж, ханиад томуу ихэсдэг. Тийм болохоор хичээлийг гурван улиралтай болгодог чинь энэ бүхэнд тааруулсан юм. Амрах, хичээллэх ёстой хугацааг нь их нарийн тооцсон. Ер нь миний хувьд энэ удаагийн өөрчлөлтийг олон хүн их нааштайгаар хүлээн авч байна гэж харсан. Хамгийн гол нь энэ хичээлийн жилийн бүтцийг бид долдугаар сарын эхний 15 хоногийн дотор гаргасан. Ингэхээр сургуулиуд бэлтгэл ажлаа хангахад их амар болно. Амьдрал дээр тулгасан шийдвэр шиг хэцүү юм ер нь байдаггүй. Тэгэхээр одооноос ингээд бүтцийг нь эрт гаргаад өгчихөөр сургуулиуд Тогтмол ажлын төлөвлөгөө/ТАТ/, Сарын ажлын төлөвлөгөө/САТ/ хоёроо эрт гаргана. Тийм ч учраас ТАТ, САТ хоёрынхоо мэдээллийг эцэг, эхчүүдэд цаг алдалгүй хүргэ гэсэн албан бичгийг сургуулиуд өгсөн. Сургуулийн хичээлийн жилийн бүтэц гэдэг чинь нийгмийн амьдралын бүтцийг тодорхойлж байдаг. Энэ нь эргээд эцэг эхчүүдэд ажил, амралтаа төлөвлөх боломж олгоно.

-Энэ жилийн Элсэлтийн шалгалтын үр дүн их тааруу гарсныг цахим хичээлийн үр дүн гэж үзэх хүмүүс байна. Боловсролын хоцрогдол үүссэн ч гэж байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?

- Энэ бол бодитой. Яагаад гэхээр цахим хичээлийг ажиглаж байхад камераа өгсөн, өгөөгүй гэсэн хэрүүлээр л эхэлдэг. Ингэж байгаад хичээлээ эхэлдэг. Гэтэл цаана нь үнэхээр хичээлээ сонсоод хийж байна уу, үгүй юу гэдэг бас эргэлзээтэй. Мэдээж хариуцлагатай, хичээлээ тогтмол хийдэг хүүхдүүд байдаг. Гэвч хийдүүлдэг нь ч төдий чинээ байгаа. Дээрээс нь танхимд найз нөхөдтэйгөө цуг байж нийгэмшдэг. Үүнд нь ч гэсэн цахим хичээл сөргөөр нөлөөлдөг. Цар тахлын үед манай улс цахим шилжилтийг хамгийн хурдтай хийсэн орон гэж үнэлэгдэж байгаа ч сургуулиа хамгийн урт хугацаанд амраасан. Үүгээрээ бараг дэлхийд рекорд тогтоосон байх. Уг дотооддоо халдвар алдаагүй байх үед амраах хэрэггүй байсан гэж би боддог. Гэхдээ энэ бол нэгэнт өнгөрсөн асуудал болсон. Харамсалтай нь тэр үед бий болсон хоцрогдол олон жил үргэлжилнэ. Дор хаяж 2-3 жил болно. Үүний хаялага л явж байна гэж харж байгаа. Дээрээс нь элсэлтийн шалгалтын математикийн гүйцэтгэлийн дундаж хувь 24 байгаа нь үнэхээр харамсмаар тоо.

-Энэ хоцрогдлыг богино хугацаанд арилгахын тулд яамнаас ямар ажлуудыг хийх вэ?

-Бид өнөөдөр/өчигдөр/ Засгийн газрын хуралдаанд танилцуулга оруулсан. Сонсоод үүн дээрээ тохирох арга хэмжээ авч ажиллахыг надад үүрэг болгосон. Тиймээс бид нэгдүгээрт, хэмжээст оноо гэдгийг хэрэглэж ирснийг гүйцэтгэлийн хувьтай нь давхар бодож, харуулдаг болно. Энэ жилийн математикийн 500 оноо гэдэг чинь гүйцэтгэл нь ердөө 24.5 хувь байхгүй юу. Энэ аюул мөн үү. Арван асуултын хоёрыг нь л зөв хариулсан нөхөр оюутан болоод ороод ирэхээр нөгөө багш нар нь толгойгоо базна биз дээ. Тиймээс цаашдаа Элсэлтийн шалгалтын босго оноог үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Одоо бол босго оноо 480 байгаа. Үүнийг хувийн сургуулиуд 490, улсын сургуулиуд чансаанаасаа хамаараад 520 хүртэл нэмэгдүүлэхээр ярьж байна. Ингэж байж бид оюутнуудаа чанаржуулна. Манай улсад төрийн өмчийн долоон сургууль бий. Тэд чинь хөөрхий оюутны тооноосоо хамаарч төсөв нь шийдэгддэг юм. Гэтэл энэ чинь судалгааны сургууль болж хөгжье гэвэл учир дутагдалтай. Гадаадад доктор хамгаалаад ирсэн нэг багш шалгалт аваад 120 оюутныг унагасан байгаа юм. Гэтэл декан нь наад оюутнуудынхаа төлбөрийг өөрөө олж ирээрэй гэж загнасан тухайгаа надад ярьж байсан. Энэ хоёр хүнийг буруутгах арга байхгүй. Багш чанартай сургалт бий болгохыг зорьсон бол декан нь сургуулиа оршин тогтнох үгүйд санаа нь зовж байна шүү дээ. Тиймээс энэ жилээс төрийн өмчийн сургуулиудын зарим нэгэн урсгал зардлыг төрөөс даадаг болж байгаа. Энэ бол том алхам.

-Багш нарын цалин бага байна гэсэн гомдол, шүүмж байнга гардаг. Үүн дээр Засгийн газар, харьяа яамнаас ямар бодлого барьж байгаа вэ?

-Сүүлийн нэг жилийн дотор хоёр удаа цалинг нэмсэн. Гүйцэтгэлийн үнэлгээг нь хийгээд 30 хүртэлх хувиар нэмж олгодог болсон. Үүн дээр нь нэмээд анги удирдсан зэрэг бүх нэмэгдлүүд нь бий. Үүний зэрэгцээ алслагдсан газарт ажиллаж байгаа багш 40 хүртэлх хувийн нэмэгдэл авдаг болгосон. Ингэж нэмэгдүүлэхээс өмнө анх удаагаа багшилж байгаа хүмүүс гар дээрээ 700 орчим мянган төгрөгийн цалин авч эхэлж байсан бол одоо нэг сая төгрөг рүү дөхөж байгаа. Гэхдээ энэ ч гэсэн чамлалттай. Тиймээс цаашдаа ч гэсэн цалинг өсгөх бодлогыг барина.

-Багшлах хүчний механик хомсдол бий болсон гэдэг. Алслагдсан газар, гэр хорооллын сургуулиудад зарим мэргэжлийн багшийг өөр мэргэжилтэй хүн орлож хүртэл хичээлийг нь заадаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Багш нарын хомсдол 10 хувь болчихсон. Энэ бол том тоо. Иймээс багшийг яаралтай бэлдэж гаргах, зах зээлд нь оруулах шаардлагатай. Мөн 1-5 жил ажиллаж байгаа багш нарын дунд хийсэн судалгаагаар харахад 47 хувь нь ажлаасаа гарсан. Цалин, ажлын байрны орчинг голж байна. Сургуулийн удирдлага, магадгүй зарим эцэг эхээс ирж байгаа зүй бус дарамтаас болоод багш нар олноороо ажлаасаа гарч байна. Тиймээс үүн дээр бодлого гаргах ёстой. Сургууль, багш, эцэг эх гэсэн гурвалсан харилцааг бэхжүүлэх хэрэгтэй. Энэ асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орж байгаа. Үүнээс гадна заавал хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа нэг зүйл бол багшийг бэлдэж гаргах процессоо хялбаршуулах. Гадаад, дотоодын нэртэй их, дээд сургуулийг сайн төгссөн хүнд багшлах эрхийн үнэмлэхийг нь хялбаршуулсан журмаар олгодог болмоор байгаа юм. Тухайн хүн 45 хоногийн дидактик буюу сурганыг сурах сургалтад суусан л бол багшлах эрхтэй болдог байдал руу шилжих хэрэгтэй. Зөвхөн МУБИС дээр бэлдээд байх шаардлагагүйгээр ийм маягаар либералчлах шаардлага байна. МУБИС саяхан босго оноогоо өөрсдөө доошлуулсан. Энэ маш буруу бодлого.

-Та ярианыхаа эхэнд хэлсэн Засгийн газрын ажлын төлөвлөгөөг хийсэн гэсэн. Мэдээж хамтарсан гурван намын мөрийн хөтөлбөрөөс тусгасан байж таарна. Тэгвэл таны өөрийн тань бодож, төлөвлөж байсан ажлуудаа хийж хэрэгжүүлэх хэр боломжтой гэж харж байна вэ?

-Ер нь гарч байна, гарах ч ёстой. Учир нь сонгогчдын өмнө амласан миний амлалт бий. Үүнийгээ сайн тусгахаар ажиллаж байна. Би энэ сарын 10-нд сайдаар томилогдсон. Наадмын амралт өнгөрөөгөөд 16наас ажил эхэлсэн. Түүнээс хойш ажлын төлөвлөгөөн дээр ажиллаж, гурван намын мөрийн хөтөлбөрийг боломжийн хэмжээнд уялдуулсан. Ер нь маш сайн туссан гэж хэлж болно. Тухайлбал, ахлах сургуулийг төрөлжүүлэх асуудал орж байгаа. Энэ нь мэргэжлийн эрхийг олгодог ахлах сургуулиуд бий болж, хүүхдүүддээ карьерийн сонголтыг өгдөг систем бий болно гэсэн үг. Төрөлжсөн сургууль төгссөн хүүхэд их, дээд сургуульд суралцах эрх нь мэдээж нээлттэй. Мөн мэргэжлийн эрхээрээ шууд ажлын байран дээр гарах ч боломжтой болно. Гэхдээ үүнийг үе шаттайгаар хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол алдаа мадаг гарч магадгүй. Энэ бол боловсролын салбарт их өөрчлөлт авч ирнэ. Тухайн хүүхэд 10 дугаар ангидаа орохдоо л аль сургуульд орохоо шийддэг болно. Хамгийн гол нь үүнийг хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн эрхтэй нь уялдуулж өгөх хэрэгтэй. Дотор нь зэрэглэж эхэлнэ. Тэр нь цалинд нь нөлөөлнө гээд олон давуу талтай. Ингээд ирвэл залуучууд ирээдүйн амьдрал, орлогоо төлөвлөх боломжтой болно. Мөн 18 наснаасаа шууд хөдөлмөрийн зах зээлд оролцоод эхлэхээр эцэг эхээрээ тэжээлгэдэг байдал цөөрнө. Өөрсдөө орлого олдог, татварын харилцаанд ордог, бие даасан иргэд болж эхэлнэ. Өнөөдөр ахлах сур-гууль төгсөгчдийн 93 хувь нь их, дээд сургуульд элсэж ордог. Тэр хэрээрээ аав ээжээрээ тэжээлгэдэг арми бий болдог.

-Жил бүр л сурах бичгийн асуудал үүсдэг. Хүүхдүүд сурах бичигтэй болж амжихгүй байсаар бараг эхний улирлын амралт болдог. Дээрээс нь сурах бичгийн чанар, агуулга, нэг компани монополь байдлаар хэвлэдэг зэрэг гомдол гардаг. Үүн дээр яамнаас ямар арга хэмжээ авах вэ?

-Боловсролын ерөнхий хуулиараа 10 жил тутамд Үндэсний хөтөлбөр буюу Цөм хөтөлбөрөө шинэчлэх учиртай. Ер нь шинэчлэхээс өөр аргагүй байдаг. Жишээлбэл, 2014 оны Цөм хөтөлбөр яригдаж байхад хиймэл оюун ухаан гэж байсангүй. Үүнийг яах юм. Тэгэхээр бага сургуулиас нь эхлээд кодын хичээл орж эхлэх хэрэгтэй болж байна. Тийм болохоор яг өнөөдөр /өчигдөр/ 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан дээр нь би гарын үсэг зурчихаад сууж байна. Энэ хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэл хоёр зэрэг явна. Шинэ сурах бичиг зохиох хүмүүс, хяналтын баг нь энэ 200 гаруй хүн дотор орсон. Мөн нэг компанид өгдөг гэдэг байдлыг эцэс болгохын тулд ажлын хэсэгт нь сурах бичиг хэвлэх туршлагатай үндэсний хэмжээний компаниудын төлөөллийг ч багтаасан. Иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөл ч гэсэн орсон. Ингээд сурах бичгийн шинэчлэл 100 хоногийн дотор хийгдэнэ. Угаасаа өмнө нь хийсэн суурь судалгаанууд нь байгаа. Үүний дараагаар жилийн турш 50 сургууль дээр туршина. Тэгээд 2025-2026 оны хичээлийн жилд улс орон даяар нэвтрүүлэхдээ гарсан алдаа дутагдлыг бүгдийг нь засаад хэрэгжүүлнэ. Ер нь сурах бичгийн агуулга хоцрогдоод байдаг учраас таван жил тутамдаа шинэчлэгдэхээр хуульчлагдсан байгаа. Дээрээс нь энэ жилийн сурах бичгийг бичүүлэхэд нэг том онцлог бий. Жишээлбэл, математикийн сурах бичгийг гэхэд 1-5 дугаар ангийг нэг л баг бичнэ. Өмнө нь анги тус бүрийг өөр багууд бичдэг байсан учраас хоорондоо холбоо, уялдаагүй болчихоод байдаг байсан.

 

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

Санал болгох

Толгой нь нийлээд байхад хөл нь “зодолдох” хэрэг юун?!

Хоёр сарын өмнө дууссан УИХ-ын 2024 оны сонгуулийн сонин хуучраагүй л байна. Сонгуулийн үеэр салам нүдэлдэж байсан намууд сонгуулийн дараа ялсан МАН-ын засагт орцгоосон. Ингээд нэг ялагчтай сонгуулийн дараа гурван нам нийлээд Засгийн газрыг байгуулсан. Улмаар хамтарсан Засгийн газрын ажлыг эхлүүлэхээр УИХ ээлжит бусаар чуулав. Ээлжит бус чуулганаар мөрийн хөтөлбөрийг баталж, төсөвт тодотгол хийлээ. Гэсэн ч сайд нь шинээрээ, гишүүд нь түүхийгээрээ л байна. Бид бүгдээрээ л харж байна.

2 өдрийн өмнө
Э.Золзаяа: Гол өрсөлдөгч МАН-ыг ялж үзүүлнэ

Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол ХҮН нам төдийгүй хувь улстөрч миний хувьд удаан хүлээж, бэлтгэсэн чухал эргэлт, өөрчлөлтийн сонгууль. Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа ХҮН намын Бодлого, судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүдээ энэ удаагийн сонгуульд тэргүүлэх үүрэгтэй оролцуулж байна

2 өдрийн өмнө
Хоолны хаягдал хөрсөнд хор биш бордоо болдог

Монголчууд хоол хаях нь амны хишигт муу гэлцдэг. Гэвч орчин үед хүмүүс хоносон хоол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас илүүдэл хоолоо шууд хаядаг болсон. Хөдөө орон нутгийхантай адил нохойндоо өгчихнө гэх аргагүй болохоор хоолны хаягдал бусад хогтой хамт хар уутанд ороод хаашаа ч юм алга болдог. Бид тэр хогоо үнэр орж, муудчихна гээд гэртээ удаан байлгадаггүй. Гэтэл тэр бүх хаягдал таны гэрийг биш ч та бидний дэлхийг бохирдуулж байна. 

2 өдрийн өмнө
Н.Тожилсүрэн: Тайга нохой чоныг дийлэх чадалтай

Монголын нохой судлалын холбооны гишүүн, “Хар салхи” тайга нохойн үржлийн газрын үүсгэн байгуулагч Н.Тожилсүрэнтэй ярилцлаа

2 өдрийн өмнө