Нэг кг хуванцрыг 400 төгрөгөөр авч байна

2024 оны 7 сарын 262024-07-26
Нэг кг хуванцрыг 400 төгрөгөөр авч байна

Манай улс жилд багадаа 20 орчим мянган тонн хуванцар хаягдал гаргадаг. Харин нэг хүн жилд 137.58 кг хуванцар ашигладаг гэсэн судалгаа гарчээ. Иргэд хогоо ангилж хаях сонирхолтой болсон ч хаана, хэнд өгөхөө мэддэггүй.

Тэгвэл өрхийн хэрэглээндээ ашигласан хуванцраа хурааж, тушаах боломжтой болжээ. "Ти Эм Эл пластик" үйлдвэр 30 кг-аас дээш хуванцрыг хаягаар очиж авдаг бөгөөд нэг кг-ийг 400 төгрөгөөр авдаг аж. Харин 30 кг-аас бага бол дараах дугааруудад холбогдож тушаах боломжтой ажээ.

"Ти Эм Эл пластик" үйлдвэр “М-Си-Эс Кока кола” ХХК-ийн охин компани юм. "М-Си-Эс Кока кола" компани нь 2030 он гэхэд борлуулсан бүх ундааны саваа дахин боловсруулах зорилт тавьснаа зарласан билээ. Энэхүү зорилгынхоо хүрээнд тэд PET-1 буюу ундаа, усны хуванцар савыг дахин боловсруулах ТМL үйлдвэрийг 2018 онд санаачлан эхлүүлжээ. Тус үйлдвэр нь жилдээ 27 мянган тонн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд Монгол Улсын нийт хуванцар хаягдлыг дахин боловсруулж, хоёрдогч түүхий эд үйлдвэрлэж байгаа юм.

Энэ талаар "Ти Эм Эл пластик" үйлдвэрийн гүйцэтгэх захирал Ч.Агиймаа "Ганцхан ширхэг дахиврыг дахин боловсруулснаар 3.87 кг нүүрстөрөгчийн хий, 17.4 л ус, 8.3 гр нефть зарцуулахаас сэргийлэх боломжтой. Манай үйлдвэр өдөртөө 75 тн хуванцрыг дахин боловсруулж, 45 тн түүхий эд үйлдвэрлэж байна. Хагас боловсруулсан түүхий эдээ өндөр температурт хайлуулан, талсжуулж эцсийн бүтээгдэхүүн буюу rPET мөхлөг үйлдвэрлэнэ. Үйлдвэрлэсэн rPET мөхлөгөө бид Узбекстан, БНХАУ руу экспортолдог байсан бол өнгөрсөн онд төхөөрөмжөө сайжруулан, хүнсний зориулалттай мөхлөг үйлдвэрлэж одоо дотооддоо нийлүүлэхээр бэлдэж байна. Ингэснээр дахин боловсруулсан хуванцрыг хүнсний зориулалтаар ашиглах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, таны уусан Bonaqua усны савны амьдрах хугацаа улам уртсах болно оо гэсэн үг" гэсэн юм.

6500 м.кв талбайтай энэ том үйлдвэр үндсэн хоёр шугамтай. Цагт 3-3.5 тонн түүхий эд боловсруулж, хоёр тонн хэрчдэс үйлдвэрлэх чадалтай Sorema төхөөрөмж нь гаднаас орж ирсэн түүхий эдийн шошгыг салгаж, ангилан ялгаж, угааж, хатаан хэрчих үндсэн үүрэгтэй. Үүний дараа Eremа нь хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг 280 градусын өндөр температурт хайлуулж, талсжуулан, хөргөснөөр хоёрдогч түүхий эд бэлэн болдог. Уг түүхий эдээр нэхмэлийн утас, гялгар хавтас, дахин боловсруулсан хуванцар гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

"СӨХ болон хувь хүмүүстэй хамтарч ажиллана"

TML үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа аж. Учир нь үргэлж түүхий эдийн хомсдолтой байгаа юм. Угтаа бид ердөө л хогоо ангилаад дадчихвал эдгээр үйлдвэрийг түүхий эдээр бүрэн хангах боломжтой. Иргэд хуванцар саваа зориулалтаар нь ашиглаж, гэртээ ангилан ялгаж хэвшвэл үйлдвэрийн ажилд тун дэмтэй тухай ажилчид хэлж байсныг дурдах нь зүйтэй. Учир нь ангилан ялгаагүй түүхий эд бохирдолтой байдаг тул металл, гаднын биет байгаа эсэхийг үйлдвэрийн ажилчид нэг бүрчлэн гараараа шалгадаг аж. Мөн тэд 2018 оноос хойш хоёрдогч түүхий эд цуглуулдаг аж ахуй нэгж, хувь хүмүүс, цэгүүдтэй хамтран ажиллаж, өнгөрсөн жил долоон мянга гаруй байгууллагатай уулзаж, хогоо ангилан ялгах тухай сургалт оржээ. Түүнчлэн TML үйлдвэр энэхүү ажлаа улам дэлгэрүүлж, дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулах, үйлдвэрт тээвэрлэн нийлүүлэх зорилготой SESL Smart Solution охин компанийг өнгөрөгч онд байгуулсан нь хог хаягдлын менежментийг нэг алхам урагшлуулахад чухал ач холбогдолтой ажил болжээ. Хуванцар сав жин бага боловч овор хэмжээ ихтэй тул цуглуулалтын компани дахивруудыг тээвэрлэснээр ТӨК-ийн ажлыг хөнгөвчилж буй хэрэг. Одоогоор тэд дахиврын бизнес эрхлэгчид, орон нутгийн идэвхтэй харилцагч, аж ахуй нэгжүүд, СӨХ, албан байгууллагууд руу төлөөлөгч нараар холбогдон түүхий эдээ цуглуулдаг ба одоогоор "SESL Smart Solution" компанийн түүхий эд хүлээх авах цэг Улаанбаатарт гурав, Дарханд нэг бий. Мөн СӨХ болон хувь хүн, албан байгууллагатай хамтран ажиллахад нээлттэй гэдгээ энэ үеэр илэрхийлж байсан юм.

Монгол Улс нийт хог хаягдлынхаа 50 хувийг дахин боловсруулах боломжтой ч өдгөө ердөө 3-5 хувийг нь л дахин боловсруулдаг. Харин  бусад улс оронууд хог хаягдлаа ангилан тушаахыг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгож боловсруулсаар байна. Тодруулбал,  Австри улс нийт хаягдлынхаа 54 хувь орчмыг дахин боловсруулдаг бол Германчууд ашигласан хуванцрынхаа 99 хувийг дахин боловсруулдаг аж. Харин Япон улс жил бүр үйлдвэрлэдэг 9.4 сая тонн хуванцар хаягдлынхаа 25 хувийг дахин боловсруулж, 57 хувиас нь эрчим хүч гарган авдаг байна. Эдгээр хөгжингүй орнуудаас ялгаатай нь манай улсад хуванцар шатааж эрчим хүч гарган авах технологи хараахан хөгжөөгүй тул зөвхөн булшлах, дахин боловсруулах гэсэн хоёр сонголт л бий. Тиймээс хогоо булшлах биш боловсруулахад иргэн таны оролцоо чухал байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Санал болгох

Толгой нь нийлээд байхад хөл нь “зодолдох” хэрэг юун?!

Хоёр сарын өмнө дууссан УИХ-ын 2024 оны сонгуулийн сонин хуучраагүй л байна. Сонгуулийн үеэр салам нүдэлдэж байсан намууд сонгуулийн дараа ялсан МАН-ын засагт орцгоосон. Ингээд нэг ялагчтай сонгуулийн дараа гурван нам нийлээд Засгийн газрыг байгуулсан. Улмаар хамтарсан Засгийн газрын ажлыг эхлүүлэхээр УИХ ээлжит бусаар чуулав. Ээлжит бус чуулганаар мөрийн хөтөлбөрийг баталж, төсөвт тодотгол хийлээ. Гэсэн ч сайд нь шинээрээ, гишүүд нь түүхийгээрээ л байна. Бид бүгдээрээ л харж байна.

2 өдрийн өмнө
Э.Золзаяа: Гол өрсөлдөгч МАН-ыг ялж үзүүлнэ

Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол ХҮН нам төдийгүй хувь улстөрч миний хувьд удаан хүлээж, бэлтгэсэн чухал эргэлт, өөрчлөлтийн сонгууль. Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа ХҮН намын Бодлого, судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүдээ энэ удаагийн сонгуульд тэргүүлэх үүрэгтэй оролцуулж байна

2 өдрийн өмнө
Хоолны хаягдал хөрсөнд хор биш бордоо болдог

Монголчууд хоол хаях нь амны хишигт муу гэлцдэг. Гэвч орчин үед хүмүүс хоносон хоол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас илүүдэл хоолоо шууд хаядаг болсон. Хөдөө орон нутгийхантай адил нохойндоо өгчихнө гэх аргагүй болохоор хоолны хаягдал бусад хогтой хамт хар уутанд ороод хаашаа ч юм алга болдог. Бид тэр хогоо үнэр орж, муудчихна гээд гэртээ удаан байлгадаггүй. Гэтэл тэр бүх хаягдал таны гэрийг биш ч та бидний дэлхийг бохирдуулж байна. 

2 өдрийн өмнө
Н.Тожилсүрэн: Тайга нохой чоныг дийлэх чадалтай

Монголын нохой судлалын холбооны гишүүн, “Хар салхи” тайга нохойн үржлийн газрын үүсгэн байгуулагч Н.Тожилсүрэнтэй ярилцлаа

2 өдрийн өмнө