Монгол Улстай Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Үүнийг манай улс олон оронтой байгуулаагүй

2024 оны 7 сарын 262024-07-26
Монгол Улстай Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Үүнийг манай улс олон оронтой байгуулаагүй

1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон билээ. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж байгаатай холбогдуулан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Хэльмут Кулитцтай ярилцлаа.

--------------------------------------------------------------------------------------------

-Сайн байна уу? Сайхан наадав уу. Таны хувьд наадам ямар болж өнгөрөв. Наадмаар морь унаж, айраг уув уу?

-Айраг уусан (инээв), морь болон уралдаануудыг бүрэн үзэж сонирхоход харамсалтай нь цаг давчуу байлаа. Хүй долоо худагт олон уяа, гэрээр зочилсон бөгөөд маш халуун дулаан, найрсаг хийгээд амар амгалан уур амьсгалтай байсан. Наадмын нээлт гайхалтай сайхан болж яг л түүнтэй адил надад маш онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Морины уралдааны хувьд удахгүй болох Даншиг наадмаар илүү сайн үзэж танилцах бодолтой байна.

-Ярилцлагынхаа эхэнд би танд Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн мэндийг дэвшүүлж, баяр хүргэе. Өнгөрсөн 50 жилийн харилцаа, хамтын ажиллагааны үр дүн, магтууштай ажлууд юу байв?

-За, би түүхэн цаг үеэс дэлгэрүүлж ярьсан нь дээр байх. 50 жилийн ойг илүү өргөн хэмжээнд авч үзэх ёстой болов уу гэдгээс эхлүүлье. Дипломат харилцааг анх зэргэлдээх коммунист дэглэмтэй Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улстай бүр тэртээ 1950 оноос тогтоосон байдаг. Харин Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай 1974 онд давхар тогтоож байсан ч, тухайн үеийн нийгмийн хуваагдал, үзэл суртлаар “эсрэг лагерь”-т харьяалагдаж байсан (инээв). Улс төрийн үзэл баримтлалын өөрчлөлтүүд, мөн 1990 онд Герман Улс эргэн эвлэн нэгдсэний дараа олон шинэ зүйлийн үндэс суурь тавигдаж, манай хоёр талт харилцаанд хөгжлийн үе эхэлсэн. Гэхдээ 1990 оноос өмнөх хоёр орны ард иргэдийн ойр дотно харилцаа болон шат шатны байгууллага хоорондын хамтын ажиллагаа герман хэлийг судлан сурахаас эхлүүлээд ялангуяа боловсролын салбар дахь холбоо сүлжээг шилжилтийн тэр цаг үед сулруулахгүйгээр өнөөг хүртэл хөгжүүлэхэд түлхэц болсон. Үүнд бидний харилцааны хосгүй үнэ цэнэ оршиж байна.

-Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт хамтын ажиллагаа өргөжих болжээ? 

-Жишээлбэл, Герман-Монголын хамтын ажиллагаа уул уурхайн салбарт маш арвин түүхтэй. 60 гаруй жилийн өмнө Ардчилсан Герман улстай эхлүүлж, улмаар 1990 оноос хойш шинэ чиг баримжаатайгаар үргэлжлүүлж байна. Өдгөө бидний Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг мөн бөгөөд 2011 оноос Ашигт малтмалын түншлэлийн харилцаанд шилжсэн. Ингээд 10 гаруй жилийн өмнө Налайхад үүсгэн байгуулсан Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь өнөөдөр хамтын хосгүй бөгөөд чухал боловсролын цамхаг болж чаджээ. Тэнд инженерүүдийг хамгийн дээд түвшинд, ялангуяа эрдэс түүхий эдийг нэмүү өртөг шингээж боловсруулах тал дээр бэлдэж байна. Мөн саяхан манай Холбооны Саксон муж улсын шинжлэх ухааны төлөөлөгчийн газар ШУТИС дээр үүд хаалгаа нээлээ. Үүгээрээ уул уурхай хийгээд дээд боловсролын салбар дахь Саксон-Монголын эртний уламжлалыг шинэ шатанд гаргаж буй хэрэг юм. Эрдэс баялгийн хайгуулын хувьд гэвэл бид бүр тодруулбал, манай Холбооны Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэн монгол түншүүдтэйгээ олон жилийн өмнөөс хамтарч байна. Түүнчлэн төлөөллийн байгууллагууд нь Монголд бүртгэлтэй байдаг болохоор Германы олон аж ахуйн нэгжүүд гэхээс урьдаар бараг бизнес эрхлэгчид гэх нь зүйтэй байх, тэд технологи хийгээд техникийн эд анги ханган нийлүүлэх, ажил гүйцэтгэх, эсвэл өөрсдөө олборлох үйл ажиллагаа явуулах замаар тус салбарт идэвхтэй ажиллаж байна. Үүн шиг олон жишээнүүдийг нэрлэж болно.

Гэхдээ нэн түрүүнд энэ оны эхэнд хийсэн Холбооны Ерөнхийлөгч Штайнмайерын төрийн айлчлалын үеэр хоёр улс харилцан итгэлцэл дээр суурилсан улс төрийн харилцаагаа шат ахиулан “стратегийн түншлэлийн” түвшинд хүргэсэн амжилтыг зайлшгүй хэлэх нь зүйтэй. Үүний хажуугаар шинжлэх ухаан, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, хууль эрх зүй болон цэргийн гэх мэт чиглэлүүд дэх нягт хамтын ажиллагаанууд байна. Нэн ялангуяа урлаг, соёл бол мэдээжийн хэрэг дурдагдана! Тухайлбал, их зохиолч Д.Нацагдоржийн үеийнхнээс хойш 100 шахам жилийн дараа тэдний үр хойч үе ч хэмээн үзэж болох 40 орчим монгол залуу Монголын талын тэтгэлгээр Германд суралцахаар өнгөрсөн намраас эхлэн бэлтгэгдэж байгаа нь бидний ойр дотно харилцааны нэн сайхан илрэл юм.

-Залуу үеийнхэн сүүлийн жилүүдэд Герман улсад суралцах боловсрол эзэмших сонирхол ихтэй болжээ?

-Товчхондоо, манай хоёр орны ард иргэдийн маш ойр дотно харилцаа, сайн барилдлага бараг бүх хүрээний харилцааг тодорхойлдог. Тийм гайхалтай харилцаан дээр бидний харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь бэхжин батаждаг. Улмаар Германыг бүр их сонирхож байгаад бид баяртай байна. Монгол сурагчид өнгөрсөн жилийнх шиг герман хэлний мэдлэгээ баталж тийм олон хэлний диплом авч байгаагүй бөгөөд мөн тийм олон ерөнхий боловсролын сургууль төгсөгчид Германд дээд, мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшихээр сонирхож байгаагүй билээ. Үүнд бид маш их баяртай байгаа бөгөөд хувь тус бүрдээ мөн ажлынхаа хүрээнд ч цаашид хүлээх өндөр үүрэг хариуцлага хэмээн үзэж байна.

-Сүүлийн жилүүдэд Германд залуу ажиллах хүчний эрэлт ихэссэн гэсэн. Энэ үнэн үү?

-Тийм ээ, үнэн. Ихэнх аж үйлдвэржсэн орнуудын нэгэн адил бидэнд мэргэжилтнүүд, инженерүүд, анагаах болон сувилахуйн салбарын болон бусад олон салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээ байгаа. Энэ нь юуны түрүүнд хүн ам зүйтэй холбоотой. Тиймээс Герман улс гадаад боловсон хүчний цагаачлалыг зохицуулж, хөнгөвчлөх "Мэргэжилтнүүдийн цагаачлалын тухай хууль"-ийг баталж хэрэгжүүлээд эхэлсэн. Энэ талаарх мэдээллийг Элчин сайдын яамны болон бусад холбогдох цахим хуудас болон фэйсбүүк хуудсаар авах боломжтой.

-Сонирхсон хүн бүр танилцах боломжтой юм байна?

-Сонирхсон хүн бүрийг тус зохицуулалттай танилцахыг хүсч байна. Герман хэлний мэдлэгтэй байхыг мэргэжлийн олон салбарт чухалчлан шаардаж байгаа ч, сайн англи хэлтэй бол Германд ажиллах бололцоо бас бий. Энэхүү цагаачлалын хуулийн хүрээнд "Боломж карт" хэмээх зохицуулалт 2024 оны 6 дугаар сард хэрэгжиж эхэлсэн бөгөөд ингэснээр гадаадын мэргэжилтэй ажилчдад ажлын байр олох зорилгоор 12 сар хүртэлх хугацаагаар Герман руу явах бололцоог олгодог. Үүний тулд тухайн хүний мэргэшил чадвар, хэлний мэдлэг, гэр бүлийн нөхцөл байдлыг харгалзсан онооны систем ашиглагдана. Сонирхсон мэргэжилтнүүд боломж картын шаардлагыг хангаж байгаа эсэхээ өөрсдөө онлайнаар хялбархан шалгах боломжтой.

-Элчин сайдын яам одоогоор юун дээр төвлөрч ажиллаж байгаа вэ. Ямар арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд цаашид хэрэгжих вэ?

-Хийхээр зэхэж байгаа дараагийн арга хэмжээ бол 50 жилийн ойн хүрээнд есдүгээр сарын 7-нд Сүхбаатарын талбайд болох “Германы өдөр” юм. Энэ өдөр бид хамтран зохион байгуулагч болох хоёр орны олон түншүүдтэйгээ цугтаа Германы оролцоотой Монголд явуулж буй үйл ажиллагаагаа танилцуулахыг хүсч байна. Эдгээр нь жишээлбэл, бидний хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөр, төслүүд мөн ерөнхий, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт болон их дээд сургуулийн түвшинд хэрэгжүүлж буй хөтөлбөр, саналууд байх болно. Түүнчлэн Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооны гишүүд өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ танилцуулна. Тоглоом, спорт, урлаг соёлын үзвэр, үзүүлбэрээс гадна мэдээж хоол хүнсийг яасан ч орхигдуулахгүй ээ. Тиймээс зуны адаг, намрын тэргүүн сарыг хамтдаа үдэх бидний урилгыг монголчууд хүлээн авч хүрэлцэн ирвэл бид баярлана.

Бараг үүнтэй зэрэгцэн бид есдүгээр сарын эхээр Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамтай Хөгжлийн хамтын ажиллагааны дараагийн үе шатын талаар зөвлөлдөх болно. Энэ үеэр бид аль аль үндсэн сэдвийн хүрээнд тодорхой ямар төслүүд хэрэгжүүлэх талаар ярилцана. Одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүч ба эрчим хүчний үр ашиг, байгаль орчин / уур амьсгал болон эдийн засгийн хөгжил / мэргэжлийн боловсрол гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд хамтарч байна. Отгон хамтарсан протоколд 2023 оны есдүгээр сард гарын үсэг зурсан бөгөөд төслүүдийн санхүүжилтийн нийт хэмжээг 80 хүртэлх сая еврогоос багагүй байхаар тусгасан. Үүний гуравны хоёр орчим нь эргэн төлөгдөхгүй дэмжлэг, нэг үгээр бэлэг ч гэж хэлж болно.
-Их сонирхолтой санагдаж байна. Бүр тодруулбал ямар төслүүдэд илүү чиглэгдэх вэ?
-Тэгэхээр, жишээлбэл, бид Хустай, Хомын тал гэх мэт Монголын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газруудыг дэмждэг. Энэ хүрээнд байгаль хамгаалагчдыг хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, сургалт, авто тээврийн хэрэгсэл гэх мэт зүйлсээр хангаж байна. Өөр нэг жишээ гэвэл бид 27 сая еврогийн өрийг хөрвүүлэх болно: Монгол Улсын ХБНГУ- д төлөх өмнөх өрийг эргэн төлөх шаардлагагүй, харин эрүүл мэндийн сан руу шилжүүлэн эргэн дамжуулах замаар сүрьеэтэй тэмцэх гэх мэт эрүүл мэндийн төслүүдийг санхүүжүүлнэ. Энэ бүгдийг бид өнгөрсөн намар тохиролцсон юм.

-Германчууд сүүлийн жилүүдэд Монгол Улсаар их аялах болжээ. Тэд аялахдаа ямар хүлээлэлттэй байдаг вэ. Сайн чанартай, тав тухтай үйлчилгээ болон адал явдал уу?

-Тийм шүү, Ковид цар тахлын улмаас тасалдсаны дараа 2023 онд Германаас хүрэлцэн ирэгсдийн тоо 10.000 орчимд хүрч эрс өссөн. Үүгээр манай ард иргэд Европоос (ОХУ- ынхыг тооцохгүйгээр) хүрэлцэн ирэгсдийн хамгийн том бүлгийг эзэлж байна. 2024 онд энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа ба 2016/2017 оны хамгийн өндөр үзүүлэлтийг давж магадгүй. Дунджаар 14 ба түүнээс дээш хоногоор ирдэг бөгөөд тэд ихэвчлэн нийслэл хотод 2-3 хоног, хөдөө орон нутагт 10-14 хоногоор тойрон аялал хийдэг.

-Хэчнээн хэмжээний зардал гаргадаг вэ?

-Статистикийн үүднээс нэг аяллын хувьд дээрх тоо нь нэлээд их хугацаа юм. Бидний таамаглалаар Германаас ирсэн жуулчид Монголд аялахдаа нислэгийн зардлаа оруулаад дунджаар дөрвөөс таван мянган евро зарцуулдаг бөгөөд энэ нь чамлахааргүй төсөв юм. Үүнээс багагүй хэсэг нь гэр кeмп ажиллуулагсдад шууд очно. Ингэснээр хөдөө орон нутгийн эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд шууд дэмжлэг үзүүлэх тул бид үүн дээр их сайшаалтай ханддаг. Герман жуулчид Монголын соёл, зан заншил, нүүдэлчдийн амьдрал, уламжлал, урлаг хийгээд танай гайхамшигтай үзэсгэлэнт байгалийн шүтэлцээг мэдэрч танилцахаар ирдэг гэж би бодож байна. Манай ард иргэд хэрэв унаган ахуй, соёлтой танилцах боломж гарвал тав тухыг бол хойш нь тавьж чадна.

-Монгол Улс герман аялагч, жуулчдыг татахдаа юун дээр анхаарах нь зөв бэ?

-Түрүүн хэлсэнчлэн, эх орон нэгтнүүдийг маань хүн байгальтайгаа зохицон амьдрах уламжлал ихэд гайхшируулдаг. Үүгээрээ Монгол Улс үнэхээр алдартай шүү дээ. Байгальд хүндэтгэлтэй хандах гүн суусан үзэл ч тэр. Түүнчлэн монгол соёл дор бойжсон итгэмээргүй уран төгс урлагийн илэрхийлэмжүүд ч ялгаагүй тэднийг татдаг. Тэд мото, уулын, морин аялал гэх мэт хувийн онцгой сонирхлынхоо хажуугаар эдгээрт хамгийн их ач холбогдлыг өгөх болов уу. Нөгөөтэйгүүр Монгол Улс бол орчин үеийн улс бөгөөд түүнд ялгаагүй л хотжилт, тээврийн хөгжил, газар болон нөөцийн ашиглалт, байгаль орчинд үзүүлэх нөлөө гэх мэт сорилтууд тулгарч байна. Зарим зочдод, ялангуяа анх удаа Улаанбаатарт ирээд замын түгжрээнд зогсох үедээ (инээв) “тунгаан бодож учраа олоход” амаргүй байдаг байж магадгүй. Гэхдээ танай орныг илүү сайн таньж мэдэхэд энэ ч бас сонирхолтой. Учир нь өнөөгийн Монгол Улс уламжлал хийгээд орчин үеэ хослуулах учиртай.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер өнгөрсөн хоёрдугаар сард манай улсад төрийн айлчлал хийсэн. Мөн Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд Др.Фолькер Виссинг энэ оны гуравдугаар сард Монголд айлчилсан. Эдгээр айлчлалуудын ач холбогдол юу байв?

-Төрийн айлчлал ямагт онцгой өндөр ач холбогдолтой байдаг л даа. Ялангуяа энэ үеэр Стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан. Үүнийг манай улс Дэлхий дахинаа тийм ч олон оронтой байгуулаагүй ээ. Тус түншлэлийн үр дүнд хийх дараагийн ажил нь манай хоёр улсын Засгийн газар болон хувийн хэвшлүүд хоорондын маш тодорхой бодит хамтын ажиллагаа байхыг төрийн айлчлалаас хойш хэдхэн долоо хоногийн дараа хийсэн манай Цахим хөгжил, зам тээврийн сайдын айлчлалаар маш шуурхай тодотгон харуулсан. Төрийн айлчлал нь бие даасан хөтөлбөр, төслийн цар хүрээнээс хальж, үндсэндээ хамтын бүхий л үйл ажиллагааг харилцан хамааралтай гэдэг утгаар нь зангидаж, эсвэл нэг санаан дор нэгтгэдэг. Бид ирэх жилүүдэд энэ хэмнэл, эрч хүчээрээ ажиллах болно.

-Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хувийн хэвшил дэх Германы хөрөнгө оруулалт нэмэгдсээр байгаа. Энэхүү хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн таатай орчин манай улсад байна уу. Аль салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой бол?

-Хөрөнгө оруулалтын тухайд боломжуудаа бүрэн ашиглаад хэмжээндээ тулж очихоос тун хол байна. Уул уурхайн салбарт хайгуулыг, тэр дундаа ховор металлыг, нэмэгдүүлэх, магадгүй эрдэс түүхий эдийг дотооддоо боловсруулахад жинтэй түлхэц өгч чадах итгэл найдвар бидэнд байна. Тэр тусмаа шилжилт хийхээр болбол Германы эдийн засагт технологийн хувьд хүчтэй давуу талууд бий. Монгол Улс өөрсдөө дотооддоо боловсруулалт хийснээр нэмүү өртгийг бий болгож, эдийн засгийн өгөөжөө илт өсгөн маш их хожих болно. Бас Герман- Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд бэлтгэгдсэн инженерүүд шууд үүн дээр ажиллах боломжтой нь хамгийн гоё. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт бид илүү их хувь нэмэр, оролцоотой байхыг хүсдэг. Герман компаниуд Монголд уг салбарт үйл ажиллагаагаа эхлүүлсэн анхдагчийн нэг юм. Гэвч харамсалтай нь, эрх зүйн орчныг таамаглахад хэцүү хэвээр байгаа гэх юм уу даа. Хүчин төгөлдөр байсан гэрээнүүдийг төрийн байгууллагууд нэг талын шийдвэрээр өөрчилсөн жишээ өнгөрсөн хугацаанд гарсан. Хөрөнгө оруулагчдыг ийм зүйл татах гэхээсээ урьдаар холдуулна шүү дээ. Тиймээс бид шинэ засгийн газрын эдгээр "хуучны тээртэй ачаанууд"-аа шийдвэрлэж, Монголын эрчим хүчний бодлогыг сэргээгдэх эрчим хүч рүү илүү нээлттэй болгох тухай мэдэгдэлд баяртай байна. Үндсэндээ нүүрс ба сэргээгдэх эрчим хүч хоёроос "аль нэгийг нь" гэж туйлшрах бус, харин шилжилтийн үед утга учиртай "аль алиныг нь" хослуулах тухай юм.
-Германчууд шар айраг ууж тулгахдаа "PROST" гэж хэлдэг. Ингэж хэлэхдээ заавал нүд нүд рүүгээ эгцэлж харах ёстой гэдэг. Хэрвээ тэгэхгүй бол долоон жил азгүй хайр дурлалтай учирдаг гэдэг нь үнэн үү?

-Заа даа! Шар айргийн шилийг давж өнгийх ч бас амаргүй шүү. Гэхдээ байна аа, ямар ч үед, нүдээ аньсан үедээ ч гэсэн шар айргаа айх аюулгүй амталж болно оо. Машин жолоодох үеийг эс тооцвол (инээв).

 

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Н.Нарванчин

Санал болгох

Толгой нь нийлээд байхад хөл нь “зодолдох” хэрэг юун?!

Хоёр сарын өмнө дууссан УИХ-ын 2024 оны сонгуулийн сонин хуучраагүй л байна. Сонгуулийн үеэр салам нүдэлдэж байсан намууд сонгуулийн дараа ялсан МАН-ын засагт орцгоосон. Ингээд нэг ялагчтай сонгуулийн дараа гурван нам нийлээд Засгийн газрыг байгуулсан. Улмаар хамтарсан Засгийн газрын ажлыг эхлүүлэхээр УИХ ээлжит бусаар чуулав. Ээлжит бус чуулганаар мөрийн хөтөлбөрийг баталж, төсөвт тодотгол хийлээ. Гэсэн ч сайд нь шинээрээ, гишүүд нь түүхийгээрээ л байна. Бид бүгдээрээ л харж байна.

2 өдрийн өмнө
Э.Золзаяа: Гол өрсөлдөгч МАН-ыг ялж үзүүлнэ

Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол ХҮН нам төдийгүй хувь улстөрч миний хувьд удаан хүлээж, бэлтгэсэн чухал эргэлт, өөрчлөлтийн сонгууль. Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа ХҮН намын Бодлого, судалгааны хүрээлэнгийн дэргэдэх Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүдээ энэ удаагийн сонгуульд тэргүүлэх үүрэгтэй оролцуулж байна

2 өдрийн өмнө
Хоолны хаягдал хөрсөнд хор биш бордоо болдог

Монголчууд хоол хаях нь амны хишигт муу гэлцдэг. Гэвч орчин үед хүмүүс хоносон хоол эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас илүүдэл хоолоо шууд хаядаг болсон. Хөдөө орон нутгийхантай адил нохойндоо өгчихнө гэх аргагүй болохоор хоолны хаягдал бусад хогтой хамт хар уутанд ороод хаашаа ч юм алга болдог. Бид тэр хогоо үнэр орж, муудчихна гээд гэртээ удаан байлгадаггүй. Гэтэл тэр бүх хаягдал таны гэрийг биш ч та бидний дэлхийг бохирдуулж байна. 

2 өдрийн өмнө
Н.Тожилсүрэн: Тайга нохой чоныг дийлэх чадалтай

Монголын нохой судлалын холбооны гишүүн, “Хар салхи” тайга нохойн үржлийн газрын үүсгэн байгуулагч Н.Тожилсүрэнтэй ярилцлаа

2 өдрийн өмнө