Орос улс цөмийн пуужин байршуулж магадгүй болов

2024 оны 9 сарын 52024-09-05
Орос улс цөмийн пуужин байршуулж магадгүй болов

BBC болон Ройтерс агентлаг нэгэн зэрэг “Орос улс 9М370 "Буревестник" цөмийн далавчит пуужин байрлуулахаар бэлтгэж байна” гэж мэдээлэв. Мөн Америкийн эрдэмтдийн холбооны гишүүн Деккер Эвелет, Ханс Кристенсентэй хамтран өөрийн твиттер хуудаснаа ОХУ-ын Вологда мужийн Шекснинскийн дүүрэгт хиймэл дагуулаас авсан зурагт өөрчлөлт орсон болохыг мэдээлжээ. Энэхүү байгууламжийг 25594 дүгээр цэргийн бүлэг буюу ОХУ-ын БХЯ-ны 12 дугаар ерөнхий газрын стратегийн цөмийн хүчний зэвсгийн үйлчилгээний анги гэж нэрлэдэг аж. Байгууламжийн дэргэд Вологда-20 хот байрлах ба энэ хэсэгт цэргийн хуаран, албан хаагчдын байр, байгууламжууд байрладаг бөгөөд бас цөмийн цэнэгт хошууны агуулах гэх таван  байгууламж байдаг юм байна. Судлаачид энэ объектын талбайд гарсан өөрчлөлтийг хиймэл дагуулаас авсан сүүлийн үеийн зургуудаас олж илрүүлжээ. Шинжээчид уг өөрчлөлтийг “пуужин хөөргөх есөн талбай бэлдсэн байна” гэж дүгнэжээ.  Мөн Ройтерс агентлаг “эдгээр хөөргөх талбайнууд нь цөмийн цэнэгт хошуу хадгалах газруудын ойролцоо байрлаж байна” гэдгийг онцолжээ.  Эрдэмтэн Эвелетийн бичсэнээр эдгээр байрлалууд нь "том суурин пуужингийн системд зориулагдсан бөгөөд Орост бүтээгдэж байгаа цорын ганц том суурин пуужингийн систем бол “Skyfall” юм". “SSC-X-9 Skyfall” гэдэг нь Оросын “Буревестник төсөл”-д өгсөн НАТО-гийн нэр юм. Харин Буревестникийг монголчууд М.Горькийн хувьсгалд уриалсан нэгэн өгүүллэгт “Салхич шувуу” хэмээн коммунист ёсоор уянгалж, үгчилж орчуулсан байдаг ч үнэндээ бол энэ нь зүгээр л “цахлай” гэсэн үг юм.  

Владимир Путин 2018 онд Холбооны зөвлөлд үг хэлэхдээ “Бид тив алгасах сармат пуужин, усан доор явах цөмийн хөдөлгүүртэй посейдон торпедо, кинжал пуужин, хэт авианы авангард, буревестник пуужинтай болсон” хэмээн зарлаж энэ тухай “хүүхэлдэйн кино” үзүүлж, барууны цэргийн шинжээчдийн доог тохуу болж байсан билээ. Хожим Кинжал пуужин нь газраас хөөрдөг пуужингийн агаараас хөөргөх хувилбар болох нь батлагдаж уг пуужинг “зохиосон” гэх хэд хэдэн эрдэмтэн шоронд орсон юм. Харин Путин 2023 оны 10 дугаар сарын 5-нд “Орос Буревестникийг амжилттай туршсан” гэж зарлаж байсан боловч туршилтын нарийн ширийн зүйл өнөөдрийг хүртэл тодорхойгүй, уг пуужингийн ангиллыг тодорхойлох боломжгүй байгаа билээ. Путин “Посейдон торпед, Буревестник пуужингууд нь  жижиг хэмжээтэй, атомын “ramjet” хөдөлгүүртэй учир  бараг хязгааргүй нисч дайсны агаараас хамгаалах системийг тойрч байндаа тусна” гэж хэлж байсан ч түүний энэ мэдэгдлийг баталгаажуулах боломжгүй байгаа юм. Харин түүний хэлснийг үнэн гэж үзвэл уг пуужинг замд нь устгах эсвэл цөмийн хөдөлгүүр нь эвдэрсэн тохиолдолд тухайн газарт цацраг идэвхт бохирдол үүсч болзошгүй гэдэг нь л тодорхой байгаа юм. Орос улс энэхүү төслийг Зөвлөлтийн үеийн пуужингийн хөгжилд үндэслэн нэлээд удаан хугацаанд боловсруулж ирсэн. Гэсэн хэдий ч туршилтын явцад ийм зэвсэг хийх нь тийм ч хялбар биш болох нь тогтоогдсон. Тухайлбал, 2019 оны наймдугаар сард Оросын Северодвинскийн ойролцоох туршилтын талбайд осол гарч Оросын цэргийнхэн пуужингийн шингэн хөдөлгүүрийн систем дэлбэрсэн гэж мэдээлсэн. Удалгүй "Росатом" Северодвинскийн ойролцоох дэлбэрэлт нь радиоизотопын хөдөлгүүр бүхий пуужингийн туршилтын үеэр болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үүний улмаас "Росатом"-ын таван ажилтан амь үрэгдэж, өөр гурван хүн янз бүрийн гэмтэл авсан гэдгийг мэдээлсэн. Гэхдээ бодит хохирогчдын тоо тодорхойгүй үлдэж оросууд энэ мэдээллийг чанд нууцалж чадсан юм. Харин BBC “Уг ослын үеэр цацраг идэвхт бодисоор хордох аюулын талаар эмч нарт анхааруулалгүйгээр их хэмжээний цацраг туяаны хордлого авсан хохирогчдыг Архангельск хотын иргэний эмнэлэгт хүргэсэн байна. Үүний дараа эмнэлгийн зарим хэсэг, тээврийн хэрэгсэлд ариутгал хийх шаардлагатай болжээ” хэмээн мэдээлж байсан билээ.

Ер нь Японы хоёр хотод хаясан атомын бөмбөгнүүд тухайн үеийн япончуудын цаасан ханатай модон байшин, тоосгон барилгад их хэмжээний хохирол учруулсан нь үнэн. Харин өнөөдрийн цемент цутгаж босгосон барилгууд бол огт өөр хэрэг. Энэүү үнэнийг судлаачид улстөрчдийг айлган, цөмийн бөмбөгнөөс хол байлгах гэж өнөөдрийг хүртэл сөхөхгүй явж ирсэн. Мөн Кремль цөмийн пуужин байршуулах гэвэл АНУ, Англи, Францын энгийн пуужингууд нэгэн зэрэг урьдчилан хамгаалах цохилт өгч, уг байгууламж төдийгүй Украинд байгаа Оросын арми, Кремлийн удирдлага, хамгийн гол нь Путин өөрөө шууд устгагдах болно. Өнөөдөр АНУ-д л гэхэд зөвхөн Америкийн уугуул иргэдийн байлдааны сүхний нэртэй 12 мянган далавчит пуужин байлдааны бэлэн байдалд байна. Тэгээд ч дайнд цөмийн бөмбөг хэрэглэвэл олон цэрэгтэй улсын давуу байдал нэг мөсөн, ор мөргүй болно. Иймээс Оросын худалдааны гол холбоотон Хятад, Энэтхэг энэ явдлыг яав ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бүхэн ОХУ-ын Вологда мужийн Шекснинскийн дүүрэгт болж буй явдал нь хэлэлцээ хийх гэж, Путины явуулж буй ээлжит аргаа барсан сүрдүүлэг байх магадлал өндөр байна. Ерөөс В.Путины Украин руу дайрахдаа хэлсэн үг А.Гитлерийн Польш руу дайрахдаа хэлсэн үгнээс “Польш” гэсэн үгийг “Украин” гэсэн үгээр сольсноороо л ялгарч байгаа билээ. ЗХУ армиа тоогоор илэрхийлж байсан бол Путин өнөөдөр яг Гитлер шиг өөрийн армийг “Төв”, “Хойд” бүлэглэл гэх мэтээр нэрлэж байна. Владимир Путины гол суртал ухуулагч Владимир Соловьёвын телевиз, нийтийн сүлжээнд хэрэглэж байгаа үгс орос л болохоос фашистын тэргүүн суртал ухуулагч, “Надад хэвлэл мэдээллийн хэрэгслийг өгчихвөл би ямар ч үндэстнийг гахайн сүрэг болгож чадна" гэж хэлж байсан Йозеф Геббельсийнхтэй яг адилхан байна. Бүр тэдний дохио, зангаа нь хүртэл адилхан байна. Үүнийг хэн ч байсан интернет рүү ороод харчихаж болно. Мөн Украины энгийн иргэд, эхчүүд, хүүхдүүдийг устгаж буй Оросын пуужингууд барууны, бүр АНУ-ын чип хэрэглэж байгаа нь илрээд жил өнгөрч байна. Гэтэл байдал бахь байдгаараа л Оросын пуужингууд Украинд цохилт өгсөөр байна. “Дайн бол үнэндээ зүгээр л давуу технологи бүхий томчуудын хийдэг том бизнес. Аль ч дайнд ардчилсан тогтолцоотой тал нь ялдаг. Эртний Грекийн хот улсууд, Ром, Их Монгол улс, дэлхийн I, II дайны түүх үүнийг  баталдаг” гэдэг нүцгэн үнэнийг хэлэх цаг болсон. Грек, Ром, Монголын томчууд адилхан л тив дамнуулан “дэлхийн дайн” гэх том бизнес хийж байсан байдаг. Харин томчуудын энэхүү том бизнест энгийн иргэд олноороо амь үрэгддэг нь яах аргагүй харамсмаар зүйл мөн. 

Эх сурвалж: "Өдрийн сонин"

Г.Амарсанаа

Санал болгох

Э.Хулан: Томуу төст өвчний шинж тэмдэг 3-5 өдөр үргэлжилнэ

Ханиад,  вирусээс урьдчилан сэргийлэх талаар “Буянт манал” ӨЭМТ-ийн хүүхдийн эмч Э.Хулангаас тодрууллаа

2 цагийн өмнө
Б.Догмид: Лодонгийн Дандар бол эр зоригтой, жинхэнэ баатар хүн л дээ

“Цаг хэд болж байна. Өнө мөнх” гэж Оросын яруу найрагч Осип Мендельштам дуу алдсан юм гэдэг. Тэр үгийн утга юу байсан бэ гэвэл цаг хугацааны их шуурганаа тогтож үлдэх нэгээхэн зүйл байхгүй атал нийгэм хийгээд хүмүүний түүхийг цадиглан туурвигч уран бүтээлч нэгний уранбүтээл л эзнийхээ нэрийг хойч үед үлдээдэг нь өнөд мөнхөрнө гэсэн үг ажээ.

2 цагийн өмнө
А.Итгэлт: Фэйсбүүкт амьдралаа дэлгэх нь романс залилангийн хохирогч болох эрсдэлтэй

Цахим гэмт хэрэг, тэр дундаа романс залилангийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад А.Итгэлттэй ярилцлаа.

2 цагийн өмнө
О.Отгонтөгс: Гаднаас нь мянга орилох биш, дотор нь ороод шүүсийг нь шахаад өгье гэж бодсон

НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн гурав дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч О.Отгонтөгстэй ярилцлаа.

3 цагийн өмнө