Улиасны унгирал харшилд нөлөөлдөггүй

1
2024 оны 6 сарын 112024-06-11
Улиасны унгирал харшилд нөлөөлдөггүй

Жил бүрийн зургаадугаар сард улиас модны биологийн үр хөврөл буюу бидний хэлдгээр цагаан хөвөн унаж эхэлдэг. Цас оров уу гэлтэй их хэмжээгээр хийсч нүд, ам руу орох төдийгүй харшилтай хүмүүст нөлөөлдөг гэдэг. Тэгвэл цагаан хөвөн үнэхээр харшилд нөлөөлдөг эсэх талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн поликлиник тасгийн арьс, харшлын эмч А.Хулангаас тодрууллаа.

---------------------------------------------------------------------------------------------------------

-Улиас модны улингар харшилд нөлөөлдөг үү?

Улиас модны унгирал дангаараа харшил үүсгэдэггүй, харшилд нөлөөлөхгүй. Монгол оронд ургаж буй мод, ургамлын ихэнх нь салхиар тоосоо хүртээдэг учраас ургамлын тоосонцор нь салхиар дамжин харшилд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл хийсээд байгаа цагаан хөвөн буюу унгирал нь харшилд нөлөөлж байгаа бус ургамлын тоосонцор нь харшилд нөлөөлж байгаа гэсэн үг. Улиас мод нь модлог ургамал. Дөрвөн сараас эхлээд зургаан сарын дунд хүртэл тоосоо хүртээдэг.

-Ургамал тоосоо гөвөх үед харшилтай хүмүүс хэрхэн арга хэмжээ авбал дээр вэ?

Ургамал тоосоо хүртээж байгаа үед харшилтай хүмүүс модонд ургадаг алим, лийр, киви, тоор, хар чавга, чангаанз зэрэг жимснүүдийг аль болох идэхгүй, гадуур явахдаа амны хаалт хэрэглэж, тоосоо гөвөх цаг буюу өглөөний 05:00 цаг, шөнийн 22:00-03:00 цагийн хооронд цонхоо нээхгүй, битүү орчинд байх хэрэгтэй.

-Харшлыг бүрэн эдгээх арга байдаг уу? Хүмүүс харшлаа эдгээхийн тулд янз бүрийн арга хэрэглэдэг шүү дээ.

Харшлыг бүр мөсөн эдгээх арга гэхээс илүүтэй харшлын зовиурыг багасгах, дарах эмчилгээ хийдэг. Үүний тулд ургамлын тоосоо гөвөх улирал эхлэхээс өмнө буюу намар 10 сараас эхлээд өвөл 2-3 сарын хооронд харшлын сорил тавиулах хэрэгтэй. Ингэснээр ямар модлог ургамалаас харшилтайгаа мэдэж үүнд тохирсон эмчилгээг авдаг. Юунд харшилтайгаа мэдсэний дүнд тохирох эмчилгээгээ хийлгэх нь зүйтэй. Эмч, мэргэжилтнүүдийн зүгээс иргэдэд дур мэдэн эм, тариа хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. 

Унгиралыг багасгахын тулд 5420 ширхэг эм улиас модыг хэлбэржүүлжээ

Тэгвэл унгиралыг бууруулахад хотын зүгээс ямар ажил хийж байгаа талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсээс тодруулсан юм.  

Хотын хэмжээнд нийт 38,838 ширхэг улиас байдгаас 46,9 хувийг /18,232/  эм улиас эзэлдэг. Өнөөдрийн байдлаар 118 байршилд 5420 ширхэг эм улиас модыг хэлбэржүүлсэн. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд мод, сөөгийг хэлбэржүүлэхээс гадна молцог баг цэцэг хяргах, гараар түүх, тусгай тоноглол бүхий автомашинаар эм улиасны унгиралыг усаар угаах зэрэг ажлуудыг хийж эхэлсэн. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурна гэлээ.

Мөн унгиралыг багасгах үүднээс үрлэх мөчрийг хавар задрахаас нь өмнө таналт тайралт хэлбэржүүлэлт хийх, молцог түүх, унгирал гарсан үед шүршиж угаах зэрэг ажлуудыг шат дараатай хийдэг гэв.

Санал болгох