"Нисдэг бор” "дугуйгаа жийгээд мөрөөдлөө биелүүлэхээр явахдаа агшин бүрээс аз жаргалыг мэдэрсэн"

2024 оны 6 сарын 112024-06-11
"Нисдэг бор” "дугуйгаа жийгээд  мөрөөдлөө биелүүлэхээр явахдаа агшин бүрээс аз жаргалыг мэдэрсэн"

Хүсэл мөрөөдөл гэдэг бол хүрэхэд хол ч хөдөлмөрлөж хичээвэл ойрхон зүйл гэдгийг дугуйтай аялагч Б.Очирваань харууллаа. Учир нь тэр 6 настайгаасаа эхлэн хөлбөмбөг сонирхож, олон тэмцээн уралдаан оролцож алхам бүртээ өөрийгөө сорьсон авхаалжтай хүү байсныг түүний ээж Н.Амарсайхан хэллээ. Ингээд хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг сонсож, өөрийн хоббиг нь хөгжүүлж, урам зориг өгснөөр өнөөдрийн энэ амжилтад хүрсэн гэдэг.

Н.Амарсайхан Б.Очирваанийн ээж

“Хүүгийнхээ юуг ч хорьж үзээгүй”

“Хүүгийнхээ юуг ч хорьж үзээгүй. Тэр үргэлж зөв зүйл хийдэг учраас итгэдэг. Анх дугуйтай аялал хийнэ гэхэд нь миний хүү чадна. Эрүүл мэндээ бодоод сайн яваад ирээрэй гээд ерөөгөөд явуулсан. Ингээд мөрөөдлөө биелүүлээд ирэхийг харах үнэхээр сайхан байна. Миний хүү Англид очоод уулзахыг хүссэн хүмүүстэйгээ уулзах тэр мөчийг бид бүгд үзчихээд уйлж, огшиж, хашхирсан гээд сэтгэл хөдлөл бол үгээр илэрхийлэхийн аргагүй байсан”

Б.Батбаяр Б.Очирваанийн дүү

Б.Батбаяр: Мөрөөдөл биелдэг биш биелүүлдэг гэдгийн үлгэр жишээ нь миний ах

“Үнэхээр мөрөөдөл биелдэг биш биелүүлдэг гэдгийг ахаасаа харлаа. Цаашид ахтайгаа хамт дугуйн аялал хийх талаар бодно. Үнэхээр гайхамшиг, маш том үлгэр жишээ байлаа. Бахархаж байна. Манай гэрээс эмээ маань их сэтгэл нь зовж байсан. "Яана даа миний хүү. Хол газар ганцаараа яаж явах билээ" гэж байсныг санаж байна. Ах маань Монголоос яваад ирэх хүртлээ онлайнаар яриад байсан учраас бид санаа зовоогүй. Харин улам их итгэл төрж байсан. Эцэст нь тэр чадлаа”

Дэлхийн 20 орноор дамжин 14,000 километрийг “нисдэг бор” хэмээн нэрлэсэн унадаг дугуйтайгаа 11 сарын турш туулсны эцэст Лондонд хүрч, Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд "FA Cup"-ийн хагас шигшээ "Коунтри Сити", "Манчестер Юнайтед" клубүүдийн тоглолтыг үзэж, өөрийн шүтдэг хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй уулзаж буй торгон агшныг олон нийтэд хуваалцаж хүн бүрийн сэтгэлийг өмөлзүүлж огшоож чадсан нэгэн. Ийн тэр өнөөдөр эх орондоо ирж гэр бүл, дугуйн спорт сонирхогч найз нөхдийн хамт баяраа хуваалцлаа. Түүнийг ар гэрийнхэн нь Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас тосон авч “Степп арена”-гаас дугуйн спорт сонирхогчид болон бусад хүмүүс угтан авч цагдаагийн хамгаалалтад парад болон Сүхбаатарын талбай хүртэл зорчлоо. Түүний үйлдэл олон хүнийг хүсэл зорилго тэмүүллээр нэгтгэж чадсан нь энэ.

Б.Очирваань: Том мөрөөдөлтэй байгаарай залуусаа

Уг нь Б.Очирваань өөрөө мэргэжлийн хөлбөмбөгчин болж, “Улаан чөтгөрүүд”-тэй нэгдэх хүсэлтэй байсан юм. Гэвч хуурамч агентад залилуулснаар их хэмжээний мөнгөө алдсан байна. Энэ үед хүсэл эрмэлзэл, эрч хүч, өөртөө итгэх итгэлээ алдсан мэт санагдсан гэдгээ хайртай багтаа илгээсэн захидалдаа тэр дурджээ. Гэхдээ тэр бууж өгөөгүй бөгөөд энэ хүнд хэцүү үед өөдөө босож, мөрөөдлөө бодит амьдрал дээр биелүүлнэ гэж өөртөө амласнаар уг аяллаа эхлүүлсэн байна. Энэ талаар тэр “Дугуйгаа жийх бүрдээ би “Олд Траффорд”-д очих мөрөөдлөө биелүүлэхийн төлөө замаа ахиулаад зогсохгүй өөрийгөө юуг ч хийж чадна гэдгээ нотолж байгаа хэрэг гэж бодож байлаа.

B.jpg
B.jpg

“Олд Траффорд” бол миний хувьд зүгээр нэг хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн биш. Энэ бол урам зориг, хайр, аз жаргал бас багахан гуниг, миний гэр” хэмээж байсан. Очироо мөрөөдөл болсон цэнгэлдэхдээ очиж өөрийнхөө шүтээн хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй уулзсан нь аяллынх нь хамгийн оргил хэсэг байсан гэлтэй. 

Тэрбээр энэхүү аялалынхаа талаар хэлэхдээ “Мөрөөдлийнхөө төлөө зуу зуун километрээр ойртож байгаа нь догдлуулж байсан. Энэ аялалын ачаар олон орны гайхалтай хүмүүстэй уулзаж улам их урам зориг авч, мөрөөдлийнхөө үнэ цэнийг илүү их мэдэрч байлаа. Хэцүү байгаагүй. Адал явдалтай байсан. Том мөрөөдөөрэй. Ямар нэгэн арга замыг олж мөрөөдлөө биелүүлээрэй гэж залуустаа хэлье. Хөлбөмбөгчин болно гэх хүсэл зорилго тавьсан тэр цагаас ээж  маань үргэлж  дэмжиж байсан. Үргэлж хайртай. Бүх цаг үед ээж маань хурцалж байсан учраас өнөөдрийн энэ амжилтад хүрлээ. Ээж байгаагүй бол магадгүй би бууж өгөх байсан байх” гэлээ.

Ийн спортын дэд мастер Б.Очирвааньд Монголын Дугуйн холбооноос спортын 1-р зэргийг олголоо. Энэ удаагийн аяллаараа цаашид Монголын хөлбөмбөг сонирхогч залуус дэлхийн хэмжээнд гарах боломжийг нээж чадсан хэмээн үзэж байгаа юм. Түүний энэ удаагийн аяллын гол зэвсэг нь унадаг дугуй нь байсныг тэр онцолсон.

Тэрбээр “Нисдэг бор” дугуй нь хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, эрч хүч, урам зоригтой болоход нөөлөөсөн бас нэгэн гол зэвсэг аж. Замын турш саатаагүй. Нар салхинд гандаж хуучраагүй энэ дугуй нь түүнийг тэнгэрийн мөрөөдөлд нь хүргэжээ. Б.Очирваанийн тухайд дугуйгаа Европын дугуйн хамгийн том үйлдвэрт сайн технологи, хичээнгүй хүмүүсийн гараар угсрагдаж Монголд ирэхэд нь шууд хайрцагнаас нь задлуулан угсарч унаад аялалдаа гарсан гэдэг.

BIKE.jpg
BIKE.jpg

Энэ цагаас түүний амьдралд амьдрал бүхэлдээ өөрчлөгдөж  хамгийн нандин дурсамжуудаа бүтээсэн нь энэ.  Дугуйгаар аялахдаа мөрөөдлөө биелүүлэхээр явж буй  агшин бүрээс аз жаргалыг мэдэрч чаджээ.

Санал болгох