“Эдү Апарт” "Сутай” хотхоныг ашиглалтад авах комиссыг ахалж ажилласан Т.Эрдэнэтуяад эрүү үүсгэн шалгаж байна

10
2024 оны 3 сарын 212024-03-21
“Эдү Апарт” "Сутай” хотхоныг ашиглалтад  авах комиссыг ахалж ажилласан Т.Эрдэнэтуяад  эрүү үүсгэн шалгаж  байна

Орон сууцны хотхонд гал гарч долоон хүн амь эрсдэв. Өрхийн тэргүүн, ууган охинтойгоо амьд үлдэж, гэргий нь бага насны 2 хүүхэдтэйгээ амь эрсдэж бүтэн байсан гэр бүлийг өнчрөл хагацлын мананд үлдээсэн гашуун түүхийг мартаж болохгүй. Өглөө ажилдаа яваад өргөсөн тангарагтаа үнэнч байсаар хорвоог орхисон гал сөнөөгчийг, бусдын амь насыг аврахаар хичээл зүтгэл гаргаад амиа алдсан оршин суугчдыг санах учиртай.

Энэ хотхон бол Хан-Уул дүүрэгт байрлах “Сутай” хотхон байсан юм.  Тухайн барилга ашиглалтад орсон цагаас эхлэн галын дохиолол нь огт ажиллаагүй. Уг нь оршин суугчид ажилладаггүй дохиоллоо ажиллуулж өгөхийг гэж байр зарсан компаниас хүссэн. Гэхдээ тэд юу ч хийгээгүй. “Сутай” хотхоны анхны зураг  төсөл нь хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж байхаар стандартыг хангаж зураг төслөө гаргасан. Барилгын зөвшөөрлөө ч авсан.Гэтэл бодит байдал дээр тоглоомын талбай, ногоон байгууламжгүй.Түүнчлэн галын дохиолол нь ажилладаггүй, орц гарцгүй гэх мэт асуудал хөндөгдөж байна. Ингэж иргэдийг хууран мэхэлдэг олон жишээний нэг нь энэ барилга. Иргэдэд сурталчилсан шигээ аюулгүй байдал, тав тухтай орчин зэргийг хангаагүй нь дараах зургаар нотлогдоно

“Сутай” хотхон 2015 онд

Сутай хотхон.png
Сутай хотхон.png
СУТАЙ ХОТХОН 1.png
СУТАЙ ХОТХОН 1.png

Хотын стандарт хяналтын газраас “Сутай” хотхон нь зураг төслийн  дагуу баригдаагүй гэсэн дүгнэлтийг гаргаж, зөрчлийн хэрэг  нээх саналтайгаар АТГ-т хандсан ч  прокурорын байгууллага үүнийг нь үндэслэлгүй хэмээн үзжээ.

  Зөрчлийн хэрэг нээх тухай  тогтоол 

ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭХ ТОГТООЛ.jpg
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭХ ТОГТООЛ.jpg

 

Тухайн хотхон стандарт нормын дагуу баригдаагүйгээс хүний амь нас эрсдээд 4 сарын хугацаа өнгөрөхөд нэг ч асуудал шийдэгдээгүй байна. Тэгвэл ийн стандарт зөрчсөн барилгыг 2017 онд Хотын ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар ажиллаж  байсан Т.Эрдэнэтуяагаар удирдуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй барилгын комисс хүлээн авсан байна.

 “Сутай” хотхон комиссын дүгнэлт

 

Т.ЭРДЭНЭТУЯА ГАРЫН ҮСЭГ.jpg
Т.ЭРДЭНЭТУЯА ГАРЫН ҮСЭГ.jpg

Барилга хүлээн авах улсын комисс  ямар түвшинд  хэрхэн  ажлаа хийдэг вэ гэдгийн нэгэн  илрэл нь “Сутай” хотхон юм. Т.Эрдэнэтуяа  2014-2023 оны  хүртэл  Нийслэлийн хот төлөвлөлтийн  ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар ажилласан. Энэ хугацаанд  3700 гаруй барилга ашиглалтад оруулах актад гарын үсэг зурж  баталгаажуулжээ. Гарын үсэг бүр хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг батлан даадаг үүрэгтэй гэдгийг тэд ухамсарласан болов уу? Ингээд түүний гарын үсгээр баталгаажиж ашиглалтад орсон дараах барилга нь “Эдү Апарт” хотхон.

Edu Apart.jpg
Edu Apart.jpg

“Эдү  Апарт” хотхон нь Таван богд группийн Ц.Баатарсайханы  дүү Ц.Отгонбаатарынх гэдэг.  Дүнжингаравт нэгдүгээр сарын 22-нд газ тээвэрлэсэн автомашин дэлбэрснээс долоон хүний амь эрсдэхийн зэрэгцээ “Эдү Апарт” хотхон галд өртөж 70 орчим хувь нь шатсан. Орон сууцыг тухайн үед борлуулахдаа галын үед ажиллах шүрших төхөөрөмжтэй хэмээн итгүүлж байжээ. Гэтэл оршин суугчид байранд орсон цагаас тухайн шүршигч болон  галын дохиолол огт ажиллаагүй, түүнчлэн галын гидрантын хоолой байхгүй гэх мэт асуудал үүсжээ. Хэрэв эдгээр тоноглол ажиллаж  байсан  бол оршин суугчид эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол нь бага байсан талаар ярьсан. Хүзүүвчээр холбогдсон хас хэлбэр бүхий энэ  орон сууц руу  галын болон бусад автомашин нэвтрэхэд хүндрэлтэй байдаг нь нэгдүгээр сард болсон дэлбэрэлтийн үед ажиглагдсан. Хүзүүвчтэй хэсгээр галын машин саадгүй нэвтрэн гэх дүгнэлтэд  Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар гарын үсэг зурж баталгаажуулжээ.

НОБГ ДҮГНЭЛТ 2015 ОН.jpg
НОБГ ДҮГНЭЛТ 2015 ОН.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын дүгнэлт бодит байдлаас зөрж буй. Түүнчлэн хөндлөнгийн барилгын инженерийн харснаар “Эдү Апарт” хотхоныг гадна фасадыг галд тэсвэргүй материалаар хийсэн гэх таамаглал дэвшүүлж байгаа юм. “Сургуулийн барилга ажилчдын орон сууцыг барихдаа салангид барина”  хэмээн  архитектурын даалгаварт тусгагдсан ч “Эдү Апарт” хотхон “Глобал бридж” сургуулийн барилгыг нийлүүлэн барьжээ.

 

 

А даалгавар.jpg
А даалгавар.jpg

Бодит байдал 

ЭДҮ АПАРТ.jpg
ЭДҮ АПАРТ.jpg

Ус зайлуулах  байгууламжгүй баригдсанаас хана тааз нь цуурсан 209 дүгээр цэцэрлэгийг Т.Эрдэнэтуяа ашиглалтад оруулсан

Бяцхан хүүхдүүдийн сурч буй цэцэрлэг суулт өгч нурж унах дөхжээ. Энэ цэцэрлэгийг ашиглаж болно гэх зөвшөөрөл бас л Т.Эрдэнэтуяагийн гарын үсгээр гарч...

Хан-Уул дүүргийн VIII  хороонд 2015 онд баригдсан 209 дүгээр цэцэрлэгийг барихдаа ус  зайлуулах шугам хоолой хийгээгүйн улмаас усанд автаж, суулт өгч хана тааз нь цуурсан хүндхэн нөхцөл байдал үүссэн. Энэ барилгыг ашиглалтын шаардлага хангасан хэмээн дүгнэж ашиглалтад авах шийдвэрийг Т.Эрдэнэтуяа гаргасан.

209 дүгээр цэцэрлэг нурсан  зураг

209.jpg
209.jpg

Түүний гарын үсгээр дамжсан барилгууд энэ мэтчилэн  норм дүрэм, стандарт мөрдөөгүйн илэрч буй.  Энэ барилгуудыг хэрхэн яаж Улсын комисст хүлээж авсан бэ гэдэг анхаарал татаж буй. Дээрх барилгуудаас гадна үерийн далан сувагт саад учруулах байдлаар баригдсан гэх S-OUTLET дэлгүүрийн барилгын зөвшөөрлийн Т.Эрдэнэтуяа олгож байжээ.

Т.Эрдэнэтуяа 280 сая төгрөгийн хадгаламж, 480 саяар үнэлэгдэх орон сууц, 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй

Эрсдэл бүхий эдгээр барилгыг хүлээн авах актад гарын үсэг зурсан Т.Эрдэнэтуяа нь барилгын инженер мэргэжилтэй.  Өнгөрсөн хугацаанд эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний авлига авсан гэх 14 хэрэгт шалгагджээ. Одоо ч түүнийг хууль хяналтын байгууллага шалгасаар байгаа юм.

Т.Эрдэнэтуяагийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал хагас тэрбумын орон сууцтай, 100 сая үнэ  бүхий 4 газартай, 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 180 сая төгрөгийн хадгаламжтай, “Ноёт Хайрхан” үнэт цаасны компанитай. Гэсэн ч “Ноёт хайрхан” ХК- нь Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй байсан тул 2020 онд СЗХ-ны “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын холбогдох заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж бүртгэлээс хасжээ.

Т.ЭРДЭНЭТУЯА  "ХОМ"

Т.ЭРДЭНЭТУЯА ХОМ.jpg
Т.ЭРДЭНЭТУЯА ХОМ.jpg

 

Бид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Т.Эрдэнэтуяатай холбогдож мэдээлэл авахад дараах тайлбарыг өглөө.

Т.Эрдэнэтуяа: АТГ-аас намайг 10 дугаар сард шалгахад есөн барилгын компанийг танилцуулсан

Т.Эрдэнэтуяа.jpg
Т.Эрдэнэтуяа.jpg

 

“Нийслэлд барилгуудыг  нэгийг нь ч мэдэхгүй.  Өнгөрсөн хугацаанд барилга хүлээн авахад өөрийн биеэр оролцож байгаагүй. Тийм учраас надад барилгуудын  мэдээлэлтэй танилцах эрх  байхгүй. Учир нь  тодорхой үүрэг бүхий хүмүүс  шалгаад ирсэн учир давхар шалгах шаардлаггүй. Миний томилсон хүмүүс тухайн барилгын зөрчлийг арилгуулах ёстой. Бүрдүүлж ирсэн дүгнэлтэд гарын үсэг зурах үүрэгтэй. Өөрийн чинь яриад байгаа “Сутай” хотхоны барилга дээр комиссыг Д.Жүрмэддорж ахласан. Харин “Эдү Апарт” хотхоны барилгыг улсын комисст хүлээн авахад Ж.Мөнх-Эрдэнэ ахласан. Барилга зураг төслөөсөөө өөр  байгаа, мөн  орц гарц, галын дохиолол зэрэг нь  надтай ямар ч хамаагүй.  Зураг төслийн дагуу баригдсан эсэхийг Архитектур, хяналтын инженер, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүд шалгах ёстой. Бас барилга хүлээн авах комиссыг хуваариладаг. Нэг хэсэг намайг АТГ-аас дуудан шалгасан нь үнэн. Гэхдээ ямар нэгэн хэрэгтэй холбогдуулж дуудаагүй. Тэр үед есөн барилгын компанийг надад танилцуулсан. Одоогийн байдлаар би өмгөөлөгч авчихсан байгаа. 2023 оны 10 дугаар сард АТГ-д хамт шалгагдсан хүмүүс өмгөөлөгч авахад нь би бас өмгөөлөгч авах ёстой гэж бодсон”  хэмээв.

Прокурорын албан   бичиг

ПРОКУРОР.jpg
ПРОКУРОР.jpg

 

Тэр өөрийгөө ямар нэгэн хэргээр шалгагдаагүй гэж байгаа ч хууль хяналтын  байгууллагын  мэдээлж  байгаагаар Т.Эрдэнэтуяад эрүү үүсгэн шалгаж байгаа талаар хэлж  буй. Түүнчлэн барилга ашиглалтад оруулах үедээ 20 сая төгрөгийн авлига авч буй бичлэг хууль хяналтынханд бий.Т.Эрдэнэтуяа барилга хүлээн авах улсын комисст Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэргэжилтнүүд байх ёстой гэж ярьсан ч бодит байдал дээр түүний гарын үсэг зурсан барилгуудын дүгнэлтэд Мэргэжлийн хяналтын байгууллага гэх нэр томьёо харагдсангүй. 

Барилгын  тухай хууль, Засгийн газрын тогтоолд  барилга хүлээн авах улсын комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн зайлшгүй багтсан байх ёстой хэмээн тусгажээ. Гэтэл бодит байдал дээр хот төлөвлөлтийн инженерүүд хүлээн авсаар иржээ. Үүнээс улбаалаад мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүдийг барилга хүлээн авах комисст яагаад оруулаагүй гэх асуудал урган гарч буй.

  Барилга хүлээн авах комиссын бүрэлдэхүүнийг тодорхойлсон баримт

 

БАРИЛГА ХҮЛЭЭН АВАХ КОМИСС.jpg
БАРИЛГА ХҮЛЭЭН АВАХ КОМИСС.jpg

 

 “Сутай” болон “Эдү Апарт” хотхоныг  хүлээн авахад Д.Жүрмэддорж, Ж.Мөнх-Эрдэнэ гэх хяналтын инженер ахлаж ажилласан. ХаринТ.Эрдэнэтуяа дүгнэлт гаргасан материалд гарын үсэг зурсан гэж байгаа. Тэдний нэг  болох Д.Жүрмэддорж өмнө нь барилга хүлээн авах ажиллагаанд оролцохдоо авлига авч байсан хэргээр АТГ-т шалгагдаж  байсан нэгэн. “Сутай”, “Эдү Апарт” хотхоныг хүлээн авсан улсын комиссын бүрэлдэхүүнд  оролцсон  Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөний  газрын хяналтын инженерүүдийн өмнөх түүхийг харвал  ихэнх нь  авлига хээл хахуулийн хэргээр шалгагдаж байжээ. Энэ  нь барилга хүлээн авах комисс  мэргэжлийн ажиллаж чаддаг уу, эсвэл барилгыг  мөнгө олох байгаа  болгов уу гэх хардлага  төрүүлж  буй. Өөрөөр хэлбэл  барилга хүлээн авах улсын комиссыг  танил тал, ойр тойрныхоо  хүмүүсээр бүрдүүлж мөнгө угааж буй гэсэн үг. Хууль зөрчсөн энэ мафийг хэн үүсгэв. Т.Эрдэнэтуяагийн баруун гар болон ажиллаж байсан нарийн бичгийн дарга М.Дунгармаа “Эдү Апарт” хотхоныг ашиглатад оруулахад хяналтын инжерээр ажилласан Ж.Мөнх-Эрдэнэ нартай холбогдож ажил мэргэжлийн чиг үүргийнхэн талаар тодрууллаа.

М.Дунгармаа: Т.Эрдэнэтуяа барилга хүлээн авахдаа өөрийн биеэр очиж танилцдаг байсан

Бүх комисст би ажилласан. Тухайн үед Т.Эрдэнэтуяа  хэлтсийн дарга  байсан. Тэр хүн барилгын инженер мэргэжилтэй учир   хааяа барилга хүлээн  авахад өөрийн биеэр очдог.  Би шаардлагад нийцсэн материалыг баталгаажуулж Т.Эрдэнэтуяа гарын үсэг зурдаг. “Эдү Апарт” хотхоныг хүлээн авахад ямар процесс болсныг мэдэхгүй байна. Ямартай ч тухайн үед Ж.Мөнх-Эрдэнэ бүх материалын бүрдүүлэлтэд  хяналт тавьж ажилласан” гэлээ. Тэр Ж.Мөнх-Эрдэнийг мэдэхгүй гэж тайлбарласан ч Ж.Мөнх-Эрдэнэ “М.Дунгармаатай хамт цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаа” гэх мэдээллийг өгсөн. 

Ж.Мөнх-Эрдэнэ: Би “Эдү Апарт” хотхоныг  ашиглалтад оруулахад оролцоогүй

“М.Дунгармаа Хот төлөвлөлтийн Ерөнхий төлөвлөгөөний газрын нарийн бичгээр ажилладаг байсан. Бид одоо холбоотой байдаг. “Эдү Апарт” хотхоныг 2017 онд барилгын комисс хүлээн авч байсан. Гэхдээ тухайн үед ямар дүгнэлт яаж гарч  байсныг үнэхээр   санахгүй. Орон сууцыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд би  очоогүй санагдаж байна. Харин  “Глобал”  сургуулийн барилга дээр би  барилгын инженерийн  зүгээс  очиж  ажилласан байх. “Эдү Апарт” хотхоны  хоёр блок орон сууцыг яагаад шахаж  барьсныг мэдэхгүй юм.

 Ж. МӨНХ-ЭРДЭНИЙН ГАРЫН ҮСЭГ

 

Ж.МӨНХ-ЭРДЭНЭ.jpg
Ж.МӨНХ-ЭРДЭНЭ.jpg

Өнгөрсөн хугацаанд би Барилга хүлээн авах Улсын комисст хяналтын инженерээр  ажиллахдаа барилгын үндсэн хийцийг дүгнэдэг. Мөн тухайн барилга зураг төслийнхөө дагуу баригдсан эсэхийг  хянана. Өөрөөр хэлбэл надад бусад хүмүүсийн дүгнэлттэй танилцах эрх байхгүй. Өөр өөр чиглэлийн хүмүүс тухайн барилгын хийцэд дүгнэлт хийдэг” хэмээв. Ж.Мөнх-Эрдэнэ “Эдү Апарт” хотхоныг хүлээн авахад очоогүй гэж  байгаа ч актад түүний гарын үсэг бий.  Энэ мэтчилэн Нийслэлийн Хот төлөвлөлтийн Ерөнхий төлөвлөгөөний газраас томилогдсон инженерүүд эрхэлсэн ажилдаа дүрэм журмынхаа дагуу хийдэггүй нь “дүгнэлттэй танилцдаггүй” гэх үгээр нотлогдож буй.  Тэдний зорилго ердөө гарын үсэг зурах. 

 Ж. МӨНХ-ЭРДЭНИЙН ГАРЫН ҮСЭГТЭЙ БАРИМТ

“Эдү Апарт”  “Сутай” хотхоны материалын чанарт лаборторийн шинжилгээ хийгээгүй 

Тэд барилгын норм, стандартыг хангуулж ажиллах учиртай. Үндсэндээ    Барилгын тухай хуулийн 5.1.4-ийн  40.1.11, 40.1.12-т заасан баримт бичиг, лабораторын шинжилгээний дүгнэлт болон захиалагчийн баталгаажуулалтад үндэслэн хянаж дүгнэх,

4.1.7. Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн шаардлага хангасан эсэхийг хянах. 7.5.2. комиссын дарга комиссын гишүүдээс ашиг сонирхлын зөрчилгүй болохыг илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийн хуудсыг бөглүүлж ашиг сонирхлоос сэргийлэх арга хэмжээ авна, хэмээн  тусгасан 

Эдгээр заалт амьдрал дээр хэрэгжээгүй бодит жишээг Т.Эрдэнэтуяагийн  ашиглалтад оруулсан барилгын дүгнэлтүүд илтгэж  буй. Тэд бичиг баримтыг нягталж гарын үсэг зураагүйгээс олон хүн  амь нас, эрүүл мэндээрээ хохирч нийтийн эрх  ашиг хохирох хэмжээнд хүрээд байхад хэн ч хяналт тавиагүй. Үнэндээ  Улсын комисс стандартын шаардлага хангахгүй байгаа барилга байгууламжийг яагаад хүлээгээд авчихдаг вэ гэх асуулт тодорхой хариултгүй өнөөдрийг хүрсэн. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 6.3. тусгаснаар “Батлагдсан зураг төсөл болон холбогдох хууль дүрэм, журам, норм дүрмийн шаардлагад нийцэхгүй үүрэг даалгавар өгсөн тохиолдолд уг комиссын гишүүн гарах үр дагаврын хариуцлагыг хүлээнэ” гэсэн байдаг. Гэтэл Т.Эрдэнэтуяагаар ахлуулсан Барилга хүлээн авах Улсын комиссын гишүүд хариуцлагаас аль хэдийн зугтсан.  Харин Т.Эрдэнэтуяа чанарын шаардлага хангаагүй, стандарт зөрчсөн барилгын баримт бичгийг баталгаажуулж гарын үсэг зурсан учраас түүнийг АТГ-аас 2023 оны 10 дугаар сараас эхлэн шалгаж эхэлсэн ч Прокурор,  АТГ түүнд эрүү үүсгэсэн нэртэйгээр  хоорондоо хэргийн материалыг шидэлцсээр найман сарыг үджээ. Т.Эрдэнэтуяагийн өмнөх  авлигын хэрэг мөн адил  шалгагдаж байгаа гэх нэрийн доор замхарсан байдаг.

Хүний амь нас, эрүүл мэндийг үнэгүйдүүлсэн гарын үсэгний эздэд хариуцлага тооцох уу

Тэгвэл хууль зөрчиж  барилгын зөвшөөрөл олгох, хүлээн авах давуу эрхийг хэн  олгов, цаашлаад үүнийг мөнгө угаалт болгосон  гол буруутан нь хэн бэ. Мөн хүний амь нас эрүүл мэндийг үнэгүйдүүлж, эрхэлж буй ажилдаа тоомжиргүй хандсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, тэдний хүлээн  авсан барилгуудыг ил тод болгох шаардлагатай байгаа юм. Улсын комисс гэх сүржин нэртэй хяналт шалгалт ийнхүү мөр төдий хийгдэж, олон зуун өрх насаараа хураасан мөнгөө галд тэсвэргүй, гарц орц нь хаалттай, галын дохиолол нь ажилдаггүй барилга байшинг худалдан авсаар байх уу?

Хүний амины үнэтэй гарын үсгэндээ эзэн болдоггүй улсын комиссын гишүүдээ чадваржуулах уу? эсвэл төр биш хувийн хэвшил нь энэ ажлыг цааш хийх ёстой юмуу?

Эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэх эрх алхам тутам зөрчигдөж байна. ширэнгэн шугуй босгож буй Улаанбаатарын барилга байшин стандартад дөхөхгүй. Цаасан дээр бичсэн стандарт, норм дүрмээ хэвшүүлэхгүй, мөрдүүлэхгүй юм бол батлаад, цаас үйлдвэрлэх хэрэг юув?

Т.Эрдэнэтуяа ба түүний багийнхан хариуцлага хүлээх үү?

 Үргэлжлэл бий...

 

 

 

Санал болгох