Казак түмний нарны баярын өдөр тохиож байна.
Казак түмэн Монгол улсын нийт хүн амын 4 хувийг эзлэдэг бөгөөд Баян-Өлгий, Ховд, Улаанбаатар, Дархан-Уул аймагт төвлөрөн аж төрж байна. Казак түмний дунд Амина, Айнур, Айдана, Айзере гэсэн нэрс хамгийн түгээмэл байдаг аж. Нарны баярыг зөвхөн монгол улсад биш дэлхийн 30 гаруй улсад тэмдэглэдэг юм. Энэ өдөр өдөр шөнө тэнцдэг өдөр бөгөөд хаврын урь орж байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн амьтай бүхэн сэргэдэг онцлогтой.
- Гуравдугаар сарын 22 бол Исламын шашинтай орнуудын хувьд “Шинэ жил”-ийн баяр гэсэн үг.
- Наурыз нь Перс гаралтай үг. Нау-шинэ, Руз-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн үг ажээ.
- Анх МЭ II зууны үед энэ үг тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
- Казах хэлэнд гуравдугаар сарыг мөн Наурыз гэж нэрлэдэг байна.
- Наурызын баяр тэмдэглэхийг Монголд 1926 оноос хориглож байжээ. Гэхдээ Казах түмэн 1940 он хүртэл тэмдэглэж байсан аж. Хожим нийгэм чөлөөтэй болж уламжлалт баяраа өргөн дэлгэр тэмдэглэх болсон юм.
- Энэ өдөр Казахчууд ахан дүүс, айл хотлоороо учран золгож, ахмадынхаа сургаалийг сонсож, хөөрөн баясаж өнгөрүүлдэг.
- Дэлхий дахинд 300 гаруй сая хүн жил бүр Наурызын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг.
- Наурызын баярын хамгийн чухал хоол бол Наурыз шөл юм. Уг шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, сүү зэргээр хийдэг бөгөөд долоогоос доошгүй идээний дээж ордог байна. Будаатай шөл хийдгийн учир нь өсөж олуулаа болохыг бэлгэддэг ажээ.
- Мөн Наурыз шөлийг том тогоонд хийж олуулаа иддэг ёстой. Учир нь нэг тогооноос хоол идсэн хүмүүс эвтэй найртай байж найзалж нөхөрлөхийг бэлгэдсэн заншил юм.
- НҮБ-ийн Ерөнхий Ассабмлей 2011 оны гуравдугаар сарын 21-нийг Олон улсын Наурызын өдөр хэмээн бүртгэжээ.
- Наурызын баярын өглөө эрчүүд нь гараа барилцан, цээжээ хүргэж мэндлэн золгодог бол эмэгтэйчүүд тэврэлддэг аж.
- Баярын өдөр болохоос өмнө эмэгтэйчүүд гэр орноо сайтар цэвэрлэдэг нь цагаан сартай төстэй. Учир нь шинэ жилээ цэвэр цэмцгэр угтвал тэр жилдээ эрүүл саруул байхыг бэлгэддэг.
- Наурызын баяраар архи хэрэглэдэггүй ёстой. Учир нь Исламын шашинд архи дарсыг цээрлэдэг бөгөөд бусад идээ будааны дэргэд байж болдоггүй гэж үздэг юм.
- Гуравдугаар сарын 21-ний шөнийг Казахчууд “Кызырын шөнө” гэдэг. Учир нь өндөр настан Кызыр өвөө гэгдэх аз жаргалын элч айлуудаар хэсч аз жаргал, буян хишгээ хайрладаг гэж үздэг аж.