Аутизмтай хүүхдүүд ч суралцах эрхтэй

2024 оны 4 сарын 22024-04-02
Аутизмтай хүүхдүүд ч суралцах эрхтэй

Аутизмын хүрээний эмгэг нь нийгмийн харилцаа, хэл яриа ба зан авирын бэрхшээлээр илэрдэг. Ийм хүмүүсийг гаднаас нь хараад мэдэхэд хэцүү байж болох ч тэдний бусадтай харилцах, хэл яриагаараа өөрийгөө илэрхийлэх, биеэ авч явах ба сурах арга барил нь ихэнх хүмүүсээс ялгаатай байдаг. Тэд эмгэгийнхээ хүнд, хөнгөний зэрэг ба шинж тэмдгээрээ хоорондоо ялгаатай байдаг. Зарим хүн өдөр тутмын амьдралдаа бусдаас байнга тусламж шаарддаг бол зарим нь үл ялиг дэм аваад, сайхан амьдарч чаддаг.

Одоогоор манай улсын 100 мянган хүн тутамд 377 нь аутизмтай гэсэн олон улсын судалгаа бий. Ийм эмгэгтэй 13 мянга гаруй хүн Монголд байдгийн 3616 нь хүүхэд. 

Эдгээр хүүхдэд тулгамдаж буй хамгийн том асуудал нь боловсрол. Үүнд төрөөс анхаарч,  “Тэгш хамруулан сургах боловсролын хөтөлбөр” хэрэгжүүлээд 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бүх хүүхдэд чанартай боловсрол олгох эхний алхам тавигджээ. 2023 онд аутизмтай 274 хүүхэд сурагч болсон байна. Аутизмтай хүүхдүүдийг тусгаарлахын оронд энгийн хүүхдүүдтэй хамт сургавал тэд илүү сайн хөгжиж, нийгэмшиж байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Аутизмтайг илтгэх ерөнхий шинж

Таны хүүхдэд доорх асуудал илэрвэл эмнэлэгт яаралтай үзүүлэх хэрэгтэй.

  • Төрөөд 12 сар хүрсэн боловч нэрээр нь дуудахад хариу үйлдэл үзүүлэхгүй байх,
  • 14 сар хүрсэн боловч анхаарлыг нь татсан зүйлээ хуруугаараа зааж чадахгүй байх,
  • 18 сар хүрсэн боловч төсөөллийн тоглоом тоглохгүй байх,
  • Бусдын нүд рүү харахаас зайлсхийх,
  • Ганцаараа байхыг илүүд үзэх,
  • Бусдын сэтгэл санааны байдлыг ойлгох болон өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэхдээ муу байх,
  • Хэл ярианы хоцрогдолтой байх

Сурвалжилгыг үзэх

Санал болгох