150 сая төгрөгөөр байгуулсан НОМЫН САН хаалттай байна

2024 оны 4 сарын 22024-04-02
150 сая төгрөгөөр байгуулсан НОМЫН САН хаалттай байна

150 сая төгрөгөөр байгуулсан НОМЫН САН хаалттай байна

“Номын санд суух гээд 4-5 км алхаад иртэл ажиллахгүй байна. Хичээлээ тараад, номын санд сууж, даалгавараа хийхийг хүсдэг ч ажилладаггүй.  Номын сангийн ойролцоо хог ихтэй, бас муухай хүмүүс цуглардаг учраас таагүй мэдрэмж төрдөг” хэмээн ярих багачуудын яриа номын сангийн эрэлт хэрэгцээ ямар түвшинд байгааг тодотгоно.

Өнөөдөр Дэлхийн хүүхдийн номын өдөр. Гэр хорооллын багачуудыг хөгжүүлэх зорилгоор 2019 онд Сонгинохайрхан дүүргийн 4 байршилд 150 сая төгрөгөөр зөөврийн номын сан байгуулсан. Тэгтэл үйл ажиллагаа нь  тасалдаж, номын санг зорин ирсэн хүсэл тэмүүллээр дүүрэн хүүхдүүд сэтгэл дундуур буцаж байна. Энэ асуудлын мөрөөр бид сурвалжиллаа.

Ном унших гээд ирэхэд цоожтой байдаг

Ойр хавьд нь хог хөглөрч, усанд автан, шавар шавхай болсон энэ газарт номын сан байдаг.  Үнэндээ хүн гишгэх газар олдохгүй шахам юм. Нарангийн голын Цэнхэр дэлгүүр орчимд  байрлах хүүхдийн номын санд ирлээ. Номын санг тойрон тоглох хүүхдүүд намайг сэтгүүлч гэдгийг сонсоод, “Хаалгаа нээдэггүй номын санг маань ажиллуулж өгөөч” гэж гуйлаа. “Хэзээ нээгдэх бол” гэх горьдлого тээсэн хүүхдүүд өлмийгөө өргөн, номын сангийн цонхоор ээлжлэн шагайна.  

Номын сангийн хаалгыг татахад цоожтой байлаа. Цонхон дээр “Түр гарсан” гэх бичиг нааж, утасны дугаараа үлдээжээ. Хүүхдүүд түүн рүү залгасан ч “Холбогдох боломжгүй” гэсэн хариу өгч байв.

Номынсан.png
Номынсан.png

Хүүхдүүд хичээлтэй өдрүүдэд номын санд суух цаг зав багатай. Тиймээс улирлын амралтаараа номын санд суухаар зорин иржээ. Тэдний зарим нь байнга ном уншдаг гэнэ. Хүүхдүүд бусдадаа уншсан, мэдсэн зүйлээ ярьж өгөх дуртай гэнэ.

Тэд ийн ярилаа.

-Энд  номын сан байгуулагдаад 5 жил болж байгаа. Гэхдээ дандаа л хаалттай байдаг. Хэдэн жилийн өмнө нээлтээ хийхэд нь нэг удаа орж үзсэн. Тэрнээс хойш бараг ажиллаагүй.

-Номын санд суухаар ирэх бүрт гадаа нь муухай хүмүүс олуулаа цугларсан байдаг. Тэднээс айдаг.

-Анх гэртэйгээ ойр номын сантай болсондоо их баярлаж байсан. Гэтэл эхний нэг жил ажиллаад, цааш ажиллаагүй.

-Тэр бүр ном худалдан авч чадахгүй учраас номын санд суугаад уншвал амар байдаг. Гэтэл гэрийн ойролцоо байгуулагдсан номын сан огт ажилладаггүй. Цонхоор нь харахад өнгөлөг, олон ном харагддаг.

Гэр хорооллын багачуудад боловсрол олгох зорилгоор олон бүтээн байгуулалт хийдэг ч  түүнийг арчлах ажил орхигдож байгаагийн нэгэн жишээг гэр хороололд байгуулсан энэ номын сангаас харж болох юм. 150 сая төгрөгийн өртөг бүхий энэхүү номын санг  2019 онд Цамбагарав, Баянхошууны Гүнжийн нуур, Нарангийн гол зэрэгт байгуулсан ч байнга ажиллуулахгүй байна. Хүүхдэд зориулсан энэхүү бүтээн байгуулалтын үр дүн гарсангүй. Учир нь хүүхэд сонгуульд санал өгдөггүй учраас тэр үү?

В.Нэргүй: Хүүхдүүд номын санд ном уншдаггүй

Гэр хорооллын номын сангийн үйл ажиллагаа яагаад доголдсоныг номынсанчдын төлөөлөл В.Нэргүйгээс тодрууллаа.  

-Гэр хороололд номын сан байгуулсан ч хүүхдүүд ном уншдаггүй. Тэд утсаа цэнэглэх, даалгавраа хийх зорилгоор орж ирдэг. Үнэндээ номын санд гэр орноосоо дайжсан, аав ээжтэйгээ хэрэлдсэн, хийцгүйрсэн хүүхдүүд орж ирдэг. Тэд ном унших сэтгэлээр үйлчлүүлдэггүй юм. Манай номын сангаар тогтмол үйлчлүүлдэг хоёр ээж  бий. Өдөрт 27-28, сард 400-600  уншигч үйлчлүүлдэг. Ээж, аавууд номын санг ихэвчлэн өдөр өнжүүлэх мэтээр хардаг. Хүүхдүүдээ үлдээчхээд өглөөнөөс орой болтол алга болчихдог тохиолдол бий. Тийм учраас хүүхдүүдийг номонд дуртай болгох өөр арга эрэлхийлж  байгаа. Сонгинохайрхан дүүргийн номынсанчид нэгдэж, энэ номын санг арай өөрөөр тохижуулах гэж байгаа. Тиймээс хэсэг хугацаанд ажиллахгүй байгаа гэж ярив.

Нарангийн голд байрлах номын сан 3700 номтой. Үүний 1700-г нь Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас өгсөн бол бусдыг нь хандив, тусламжаар авчээ. Нийт номын 60 орчим хувийг 6-10 настай хүүхдэд зориулсан танин мэдэхүйн ном, 40 хувийг нь 10-16 насныханд зориулсан Дэлхийн сонгодог зохиол эзэлдэг юм байна.

Улсын төсвөөр байгуулсан энэ номын сан ажилладаггүй учраас хүүхдүүд хотын төв рүү явж, номын санд суух тохиолдол ч бий. Тэд үүний тулд 15 км зам туулдаг. Нарангийн голын багачуудад хамгийн ойр номын сан Цамбагаравт бий. Энэ нь Сонгинохайрхан дүүрэгт байрладаг, ажилладаг, цор ганц номын сан юм.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох