Я.Содбаатар: Амиа алдсан аврагчийн ар гэрт 80 м.кв орон сууц олгодог болно

2024 оны 4 сарын 152024-04-15
Я.Содбаатар: Амиа алдсан аврагчийн ар гэрт 80 м.кв орон сууц олгодог болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан, УИХ-д өргөн мэдүүлж байна. УИХ хуулийн тогтоомжид заасны дагуу хэлэлцэн батална гэдэгт итгэж байна. Цэргийн алба хаагч нас барсан бол тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй хүний тооноос үл хамааран энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар олгоно. Өөрөөр хэлбэл, байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаа, тусгай ажиллагаа, буудлага хийх, тэсэлгээ, хорт бодистой харьцах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж явах үедээ, онц байдал, гэмт халдлага, онцгой байдлын нөхцөлд ажиллах, улсын тусгай онц обьект, хил хамгаалах үедээ амиа алдвал отгон хүүхдийг нь 18 нас хүртэл цалинг нь олгох заалт оруулсан. Амиа алдсан цэргийн гэр бүлд 80 м.кв-аас доошгүй орон сууцыг төр нэг удаад олгох заалт бий. Орон сууцны өртөг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөдрийн ханшаар 300 сая төгрөгийн орон сууц олгоно. Зарим нь орон сууц бус бэлэн мөнгөө авч болно. Онцгой байдлынханд гэхэд 10 жилийн цалинтай нь тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно. Мөн хүүхэд нь 18 нас хүртэл нь цалинг нь олгоно. Гуравдугаарт, 300 сая төгрөгийн 80 м.кв орон сууц олгох зохицуулалт орсон.

-Онцгой байдлын таван албан хаагч амиа алдсан. Энэ хууль батлагдвал буцаж үйлчлэх үү?

-Хууль буцаж үйлчлэхгүй. Батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ. Одоогийн хуульд зарим зохицуулалт бий. Онцгой байдлынханд гэхэд амиа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинг нь олгодог. Мөн нэг хүүхэдтэй бол цалингийн 50 хувь, хоёр хүүхэдтэй бол 75 хувь, түүнээс дээш бол 100 хувь цалинг нь олгодог. Одоо хүүхдийн тооноос үл хамааран цалинг бүрэн олгодог болгохоор энэ хуулийн төсөлд заалт оруулж байна.

Санал болгох