Бөөрөлжүүтийн 150 мВт-ын станцыг 10-р сард ашиглалтад оруулна

2024 оны 7 сарын 82024-07-08
Бөөрөлжүүтийн 150 мВт-ын станцыг 10-р сард ашиглалтад оруулна

Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, 300 тэрбумыг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг барьж дуусгахад зарцуулсан. Ингэснээр тус станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станц ирэх 10 дугаар сард ашиглалтад орох боломжтой боллоо.

Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн, Улаанбаатар хотоос 120 км зайд барьж буй тус цахилгаан станцыг дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар эхний блок буюу 150 мBт хүчин чадалтай станцын ажлын явц 72 хувьтай үргэлжилж байна. Тус станцын GIS 220кВ-ын ил хуваарилах байгууламжийн тоног төхөөрөмжийг угсарч, гадна барилгын ажлыг дуусгасан байна. Трансформатор холбох, тоноглол суурилуулах,  тусгаарлах, нарийн хэмжүүрийн кабель холбох зэрэг ажлыг дуусгажээ. Турбингенераторын барилгын дунд болон нам даралтын турбины цилиндрийн даацын суурийг байршуулсан бөгөөд турбины суурийн плитаны хүлцлийг тохируулж дууссан байна. Харин станцын зуухны нүүрсний бункерийн угсралт 85 хувьтай үргэлжилж байна. Мөн агаарын компрессорын барилга, ESP цахилгаан шүүлтүүрийн барилга угсралт болон эргэлтийн усны насос, үйлдвэрийн хаягдал усны насос станцын барилгуудын угсралт үргэлжилж байна. Эхний блок энэ аравдугаар сард ашиглалтад орох бол II блок 2025 онд ашиглалтад орно. Ийн тус 2 блок бүхий 300 мВт цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх юм.

Улаанбаатар хот 50 мВт-ын хүчин чадалтай батарей цахилгаан станцын нээлттэй тендерийг энэ сард зарлана. Уг станцыг ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Бөөрөлжүүтийн эхний блок болон батарей станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод дутагдаж байгаа эрчим хүчийг сэргээж чадах юм. Үргэлжлүүлэн 2025 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад оруулна. 

Санал болгох