“Шинэ Хархорум” хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулна

2024 оны 7 сарын 242024-07-24
“Шинэ Хархорум” хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулна
 

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын явцын талаар Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Засгийн газарт чиглэл болгож, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зарлиг гаргасан билээ. Дэлхийн улс орнууд шинээр байгуулж байгаа хотынхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хот төлөвлөлтийн туршлага, шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор олон улсын нээлттэй уралдааныг зохион байгуулж үзэл баримтлалаа тодорхойлдог байна.

Энэхүү олон улсын жишгийн дагуу Засгийн газар энэ онд 21 дүгээр тогтоол гаргаж, “Шинэ Хархорум” хотын төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 3 дугаар сарын 18-нд зарласан. Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийг 3 дугаар сарын 18-наас 4 дүгээр сарын 15-ны хооронд явуулж, эхний шатны шалгаруулалт 7 дугаар сарын 16-ныг дуустал явагдсан байна.

Сонгон шалгаруулалтад нийт 54 улсын 428 баг бүртгүүлж, 76 баг бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн шилдэг бүтээл тэнцжээ.

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас эдгээр бүтээлийг олон нийтэд танилцуулж санал авахад бэлэн болсон талаар мэдээлэл өгөв. Үүнд:

  1. 7 дугаар сарын 25-31-ний хооронд цахим орчинд буюу https://www.facebook.com/Kharkhorumcity хуудсаар олон нийтэд танилцуулж санал авах,
  2. 7 дугаар сарын 28-31-ний хооронд Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулж, олон нийтээс санал авахаар төлөвлөжээ.

Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнд хоёрдугаар шатанд тэнцсэн 36 багийн төлөөлөл болох 100 гаруй хот төлөвлөгчид, шилдэг архитекторууд оролцож, өөрсдийн бүтээлээр илтгэл, танилцуулга хийх бөгөөд шилдэг таван багийн бүтээлийг 8 дугаар сарын 1-нд шалгаруулах юм.

Тус сонгон шалгаруулалтад оролцогчдын бүтээлийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг 4 дүгээр сарын 22-ноос 5 дугаар сарын 21-ний хооронд нээлттэй сонгон шалгаруулж, АНУ, БНСУ, Польш, Герман зэрэг орны шилдэг хот төлөвлөгч, архитектор мэргэжилтэй шүүгчидтэй хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эртний нийслэл Хархорумыг сэргээн байгуулах тухай” зарлиг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх зорилготой юм.

“Шинэ Хархорум” хот байгуулахтай холбоотойгоор Засгийн газрын тогтоолоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. “Шинэ Хархорум” хотод төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрч, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн байна.

Санал болгох

Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан дараах уран бүтээлчдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

2 өдрийн өмнө
Англи хэлний багш нарыг чадавхжуулах, орон нутагт ажиллуулах хөтөлбөрийг дэмжинэ

Боловсролын сайд П.Наранбаяр АНУ-ын Англи хэлний институт /ELI/-ын Монгол дахь салбарын захирал Крэг Портэлийг хүлээн авч уулзав.

2 өдрийн өмнө
Зах зээл дэх үнийн бодлогод анхаарал хандуулахыг санууллаа

Өнгөрсөн хавар үргэлжилсэн зудын нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт хасах руу орсон ч гэлээ оны эцэст Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан энэ өдрүүдэд УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг харьяа байгууллагуудад ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр (2024.09.06) Монголбанканд ажиллаж, салбарын реформ, мөнгөний бодлогын хэрэгжилтийн хүрээнд санал солилцож байнаэдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна

2 өдрийн өмнө