Хоёрдугаар ээлжийнхэн “хоолондоо орно”

2024 оны 9 сарын 62024-09-06
Хоёрдугаар ээлжийнхэн “хоолондоо орно”

С.Энхжин

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ нам, эвслүүд тодруулж дуусав. Ирэх сарын 11-нд болох уг сонгуулиар аймгийн хэмжээнд 558 тойрогт 745 төлөөлөгч сонгох юм. Сумдын ИТХ 1635 тойрог, 6925 мандаттай. Нийслэлийн дүүргүүдийн тухайд 184 тойргоос 313 төлөөлөгчийг бид тодруулна. Орон нутгийн сонгуулиас хамгийн их өрсөлдөөнтэй, анхаарал татсан хэсэг нь нийслэлийн ИТХ байдаг. Хотын парламентад 12 тойргоос 45 төлөөлөгч сонгогдон ажиллана. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутмын амьдралд тулгамдсан асуудлуудыг хариуцан шийдэх үүрэгтэй 8028 төлөөлөгчийг бид 2389 тойргоос орон даяар сонгох нь. Уг сонгууль болоход 35 хоног үлдлээ.  

Шат шатны өөрөө удирдах байгууллагын төлөөлөл, цаашлаад аймаг, дүүргийн засаг дарга болох хүсэл тээсэн олон хүн нэр дэвшигчдийн дунд бий.

Тус тусын шатны сонгуулийн хороод нэр дэвших шаардлага хангасан хүмүүст энэ сарын 26-нд үнэмлэхийг нь гардуулах учиртай. Ингэснээр орон нутгийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэх юм. Гэхдээ ИТХ-ын төлөөлөгч, засаг даргаар ажиллаж буй хүмүүсийн хувьд ажлын тайлан нэртэйгээр өөрийгөө сурталчлах хууль, эрх зүйн боломж олгосон. Тэд үүнийгээ сайн ашиглаж байна. Мөн горилогчид нийгмийн сүлжээгээр хэдийнэ сурталчилгаагаа эхлүүлчихсэн. УИХ-ын сонгуульд нэр дэвшээд бараагүй, эсвэл санаа байсан хэдий ч намаасаа мандат авч чадаагүй хүмүүст одоо боломж гарч байна. Хоёрдугаар ээлжийнхэн ийнхүү “хоолондоо орох”-од бэлэн болжээ. Орон нутгийн сонгуульд намууд ямар хүмүүсээ илгээж байгааг сонирхъё.

“Шилдэг” гэсэн тодорхойлолтод тэнцэх үү

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар ИТХ-д сойсон хүмүүсээ “Хотын хөгжил, бүтээн байгуулалтад түүчээлж ажиллах шилдэг инженер, эдийн засагч, хуульчдыг дэвшүүллээ. Болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагдсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдэг зарчим баримталсан” хэмээжээ. Эдүгээ нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй хүмүүсээ улираасан аж.

Гэхдээ 2020 оны сонгуулиар төлөөлөгчөөр сонгогдсон тус намын 34 хүнээс зарим нь УИХ-ын гишүүн болчихсон. Тэгэхээр уг сонгуульд хүч үзээгүй үлдсэн нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон А.Баяр, Б.Сэмжидмаа, Б.Хуягбаатар, С.Эрдэнэбат зэрэг дүүргийн ИТХ-ын дарга нь “ногоон гэрэл”-ээр нэр дэвшсэн байна. Зарим төлөөлөгчөө мөн “мултлаад” өөр хүн шургуулсан бололтой юм. Ийм холио солио мэдээж байх биз.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд УИХ-ын сонгуулийнхтай ижил дэвшилттэй заалтууд оруулаагүй.

Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлж “амжаагүй”. Тиймээс уг сонгууль мажоритар тогтолцоогоор болно. Мөн нэр дэвшигчдийн 20 хувь нь л эмэгтэйчүүд байх заалт үйлчилж буй. Х.Нямбаатар ч энэ заалтаас илүү гаргахгүйгээр хүмүүсээ бүрдүүлсэн байна. Уг нь 20 хувь бол ердөө босго хэдий ч намууд дээд хязгаар болгон ашиглахыг илүүд үздэг.

Нийслэлийн ИТХ-ын сонгуулиар хүн ам олонтой Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг тус бүр 10 төлөөлөгч сонгоно. Эл хоёр тойрогт л МАН-аас тус бүр хоёр эмэгтэйг нэр дэвшүүлжээ. Харин Багануур, Багахангай, Налайх дүүрэгт дан эрчүүдийг сойж, үлдсэн тойргуудад тус бүр нэг эмэгтэй илгээсэн байх юм. Нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж буй МАН-ын бүсгүйчүүд дунд УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхболдын охин Э.Хулан багтжээ.

Хэдийгээр МАН-ынхан УИХ-ын сонгуульд өрсөлдөөд ялагдсан хүмүүсийг нэр дэвшүүлээгүй гэж буй ч тухайн үед мандат авч чадаагүй хүмүүстээ боломж олгосон аж. Тухайлбал, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын албанаас УИХ-ын сонгуулийн жил эхлэхэд чөлөөлөгдсөн Х.Алтай Сүхбаатар дүүргээс нэр дэвших нь. Шилдэг гэж тодорхойлохоор, өнгөрсөн хугацаанд хийсэн ажилтай хүн цөөн байна хэмээн тус намын нэр дэвшигчдийг нийгмийн сүлжээнд шүүмжилж буй.

УИХ-ынхаас орон нутаг руу “унагсад”

Нийслэлийн АН-аас нэр дэвшүүлсэн 45 хүний 30-ыг нь Х.Баттулгын МоАХ фракц бүрдүүлсэн гэх. Тэд харин УИХ-ын сонгуульд ялалт байгуулж чадаагүй хүмүүсээсээ олныг багтаажээ. Дээд шат руу зүтгээд бараагүй ч орон нутаг санаанд нь багтдаг бололтой. Парламентын сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд ялагдсан Т.Батцогт, Чингэлтэйд үзээд алдсан Д.Бадарсан, Багануур, Багахангай, Налайхад өрсөлдсөн Г.Цамбагарав тэргүүтэй “мултрагсдыг” АН дахин нэр дэвшүүлжээ. Д.Батцогт нь нийслэлийн АН-ын хороог тэргүүлдэг.

Тус намынхан ч мөн бүсгүйчүүдийг 20 хувьдаа “шүргүүлж” сойсон аж. Нэр дэвшигчдийнх нь дотор сэтгүүлчид мэр сэр харагдаж байна. Тухайлбал, 2020 оны сонгуулиар Говь-Алтайд өрсөлдсөн сэтгүүлч О.Батханд Баянзүрх дүүрэгт нэр дэвшжээ. Мөн сэтгүүлч А.Ундрахбаяр Баянгол, Ж.Баттуул Баянзүрх дүүргээс хүч үзэх аж. Түүнчлэн лайвчин Д.Мөнх-Эрдэнэ болон “Люмино” хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишиг нар Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж буй юм билээ. Үүнээс гадна АН-ын нарийн бичгийн дарга, 1990-ээд оныхны төлөөлөл болох Н.Гансүхэд энэ удаа “хүрд эргүүлэх” боломж өгчээ. Тэрбээр УИХ-ын сонгуулиар нийслэлд нэр дэвшихээр бэлдэж байсан ч мандат олдоогүй юм.

АН-ынхан орон нутгийн сонгуулиар ШИНЭ намтай хамтарч оролцохоор болов. Гуравдагч хүчний тус намынхан АН-д нэгдэж, сонгуульд оролцоно гэсэн үг. Ялалт байгуулахад нь тэдний “тус” гарна хэмээн АН-ын нийслэлийн хорооны дарга Д.Батцогт үзэж буй юм билээ. Фракцуудынхаа эрх ашгийг хангахаас гадна өөрсдийг нь бараадаж буй эл намынханд тодорхой квот оноож таарах биз ээ.

ИЗНН, ХҮН намынхан бүсгүйчүүдэд итгэнэ

Парламентад гуравдагч хүчнийг төлөөлж сонгогдсон ч Засгийн газарт хамтарсан ХҮН-ынхан нийслэлийн сонгуульд бүрэн ирцээр нэр дэвшүүлжээ. Тус намын нийслэлийн хороог урбанист Э.Золзаяа хэмээх бүсгүй удирдаж байгаа. Тэрбээр УИХ-ын сонгуулиар намын жагсаалтынхаа 48-д эрэмбэлэгдсэн юм. ХҮН-ын нэр дэвшигчид дунд сэтгүүлч Г.Алтантүрүү багтжээ. Тэрбээр Баянзүрх дүүрэгт нэр дэвших нь. Мөн тус намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөж байсан, бизнес эрхлэгч Г.Майцэцэг Сонгинохайрханаас өрсөлдөх юм байна. УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчдээ 50:50 харьцаагаар бүрдүүлж байсан тус намынхан энэ удаа 10 гаруй эмэгтэй нэр дэвшүүлсэн бололтой. Тэд нийслэлийн ИТХ дахь өмнөх гурван суудлаа ахиулах, улмаар Э.Золзаяаг хотын дарга болгох зорилго тавьсан гэнэ.

УИХ-д гуравдагч, тэр дундаа сөрөг хүчнийг төлөөлж буй нам бол ИЗНН. Тус намын нийслэлийн намын хороог мөн л М.Амартунгалаг гэдэг хуульч, өмгөөлөгч эмэгтэй удирдаж буй юм байна. Намын хорооны дарга нь эмэгтэй учраас уу, эсвэл жендерийн тэгш байдлыг хангахыг хичээсэн үү, ИЗНН-аас нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийнхээ 30 орчим хувьд бүсгүйчүүдийг дэвшүүлж, бусдыгаа үлгэрлэжээ.

ХҮН, ИЗНН-ынхан ийнхүү бүсгүйчүүдэд жолоогоо атгуулж, бүрэлдэхүүндээ ч цөөнгүй эмэгтэйг багтаасан байх нь.

 

Санал болгох

УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь томилогдлоо

УИХ-аас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах болон УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлахад шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоонд суурилсан судалгааны баримт мэдээлэл, лавлагаагаар шуурхай хангах чиг үүргийг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хэрэгжүүлдэг

11 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэхэд тулгамдсан асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2024-09-13/ танилцлаа

4 өдрийн өмнө