Лайвчид, олны танилуудыг цуглуулаад АН амжилтад хүрэх үү

2024 оны 9 сарын 162024-09-16
Лайвчид, олны танилуудыг цуглуулаад АН амжилтад хүрэх үү

С.Энхжин

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 15 нам, нэг эвсэл оролцож буй. Эдгээр нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг бүртгэх, эсэх шийдвэрээ нийслэлийн Сонгуулийн хороо өнгөрсөн баасан гарагт танилцуулав. Бичиг баримт дутуу, өр төлбөртэй зэрэг шалтгаанаар шаардлага хангаагүй 33 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан аж.

Харин АН-аас нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ ял шийтгүүлсэн хэвээр учраас бүртгэлээс хасагдсан байна. Тэрбээр үүнийг хотын дарга Х.Нямбаатарын өс санасан үйлдэл, “захиалга” гэж үзэж буйгаа өөрөө мэдэгдсэн байна лээ. Улмаар чаддаг аргаараа тайлбараа хүчээр олж авав. Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байх үеэр тэрбээр “давхиж” ороод тайлбар шаардсан юм. Түүнтэй хамт АН-аас нэр дэвшигч, мөн л лайв хийж танил болж буй О.Отгонтөгс болон сэтгүүлч О.Батханд, Ж.Баттуул нар хүч нэмэгдүүлэн очсон байна. “Зартай” хоёр лайвчны дунд орсон нийслэлийн Сонгуулийн хорооны дарга дорвитой, итгэлтэйхэн тайлбар өгч чадахгүй, бүлтэгнэж зогссон.

Юутай ч Д.Мөнх-Эрдэнэд оноосон биеэр эдлэх ялыг Ерөнхийлөгч өршөөсөн ч нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жилээр хассан шийтгэл нь хэвээр байгаа гэж ойлгов. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 28.7 дахь “Гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалтыг үндэслэн, ийм шийдвэр гаргасан аж.

Бид ардчилсан улсад амьдарч буй, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй хүмүүс. Гэвч таны эрх бусдынхаар хязгаарлагддагийг санах учиртай

Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар хотын дарга Х.Нямбаатарын найз тул захиалгаар ийм шийдвэр гаргасан хэмээн АН-ынхан хардаж буй юм. Үүндээ тайлбар хүсэх нь зүй. Гэвч хэвлэлийн хурлын дундуур дайрч ордог нь тэднийг зөвтгөхөөс илүү ёс зүйгүй харагдуулав. Ажлаа хийж буй төрийн албан хаагчид, сэтгүүлчид, үзэгчдийг үл хүндэлсэн үйлдэл. Ер нь нийслэлийн АН-аас ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн хүмүүсийг ёс зүй, харилцааны шалгуураар оруулбал цөөнгүй нь тэнцэхээргүй байна.

Сонгинохайрхан дүүргээс нийслэлийн ИТХ-д нэр дэвшиж буй АН-ынхан сонгуулийн штабтаа ажиллаж байхдаа өнгөрсөн долоо хоногт лайв хийжээ. Д.Мөнх-Эрдэнэ тус тойргоос нэр дэвшсэн юм. Тиймээс тэрбээр сурсан ажлаа хийж байсан хэрэг.

Эл шууд дамжуулалтын үеэр тус дүүргээс нэр дэвшиж буй АН-ын гишүүн Ч.Чулуунцэцэг хэмээх эмэгтэй коммент уншаад ихэд бухимдаж, “төрөлх араншин”-гаа бүх нийтэд зарлаад авлаа. Намынх нь л гишүүн коммент бичсэн байсан бололтой юм. Тэрбээр түүнийг гөлөг хэмээн дуудаж, хамт ажилладаг эмэгтэйчүүдийг нь гадаад төрхөөр нь доромжлов. Уг нь тэр өөрөө улс төрд хүч үзэж байгаа эмэгтэй хүн. Муухай үгс, хараалыг амнаасаа угсруулан цацаж буй өнөөх эмэгтэйн хажууд Д.Мөнх-Эрдэнэ хүртэл соёлтой санагдсаныг нуух юун. Уг нь тэр ёс зүйгүй, бүдүүлгээрээ зартай нэгэн шүү дээ. Улмаар өнөөх эмэгтэйг тэрбээр зогсоож, “За дуугүй байгаарай. Нэвтрүүлэг явж байна. Соёлтой байна шүү” хэмээн сануулна лээ.

АН-ынхан одоо О.Осоржамааг л нэр дэвшүүлэх дутуу байна

АН-аас нийслэлийн ИТХ-д Д.Мөнх-Эрдэнэ, О.Отгонтөгс хэмээх лайв хийж танигдсан хүмүүс нэр дэвшиж буй нь энэ. Лайв хийхдээ бусдыг харааж, доромжлох, чанга дуугаар орилж, зандчих эрхтэй гээд ойлгочихсон энэ мэт ёс зүйн асуудалтай хүмүүс дээр уг эмэгтэй нэмэгджээ. Нийслэлийн АН-ын дарга Д.Батцогт багтаа нэгтгэсэн эдгээр лайвчин, нэр дэвшигчээ “Шударга хүмүүсийг хотод сойсон” хэмээн тодотгосон байх юм. Хэн чанга дуугарч, бүдүүлэг аашилж, өөрөөсөө бусдыг шүүмжлэн, доромжилсон нь шударга болчихдог гэж ойлгодог гэж үү. “АН-ынхан одоо О.Осоржамааг л нэр дэвшүүлэх дутуу байна. Бусад лайвчин бүгд оччихлоо шүү” хэмээн Либертари намын дарга Д.Амартүвшин ярьжээ. Тоглоом хийж буй хэдий ч үнэний ортой үг.

Мөн хотын дарга Х.Нямбаатар “АН-аас баахан лайвчин нэр дэвшиж байна. Болсон, болоогүй лайв хийдэг, ажил хийж үзээгүй, бусдын гүйцэтгэсэн бүхнийг шүүмжилдэг, хэдэн шизотой, шантаажчин бацаан явж буй. Залуу женкочид юу ч хийхгүй шүү. Ажил хийж буй хүмүүсийн эсрэг лайвчдаа турхирч байгаа бол Женко Х.Баттулгын эсрэг өдөр бүр нэг факт дэлгэнэ” гэсэн билээ.

18 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, Монгол Улсын иргэн хэн ч орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхтэй. Гэхдээ мэдлэг боловсрол, төрийн ажлын туршлага, ёс зүйн наад захын шаардлага хангасан хүмүүсийг сонгох нь тухайн улс төрийн намын нэр төр, ирээдүйд чухал. Харин АН ердөө л олны танил дүр төрх гэсэн шалгуур тавьчихаа юу даа. Яг ийм шалгуураар тус намаас мөн хэд хэдэн сэтгүүлчийг нэр дэвшүүлжээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт сэтгүүлч А.Ундрахбаяр, Баянзүрхээс О.Батханд, Ж.Баттуул нар нэр дэвшиж буй юм.

Монголын хамаг алдартай лайвчдыг нэг дор цуглуулж, сэтгүүлчдийг нэр дэвшүүллээ гээд АН-ынхан нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялж чадах болов уу. Эсрэгээрээ лайвчдынх нь бүдүүлэг, ёс зүйгүй байдал, зогсоо зайгүй шууд дамжуулалт хийх зууртаа тогоон доторх “но”-гоо илчилж, нэр дэвшигчдийнхээ сул талыг харуулах нь хэтэрч, өөрсдийг нь хорлох вий.

 

Санал болгох

Цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өнөөдөр /2024.09.18/ НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо

15 цагийн өмнө
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

2023-2024 оны хичээлийн жилд Олон улсын долоон төрлийн олимпиадад 31 сурагч оролцсоноос 23 нь медальт байранд шалгарсан байна.

17 цагийн өмнө