"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг Хөрөнгийн биржээр арилжина

2024 оны 9 сарын 182024-09-18
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааг Хөрөнгийн биржээр арилжина

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын өнөөдөр хэлэлцсэн зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Ерөнхий сайд тодорхой чиглэл өгсөн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 реформын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, олон улсын компаниудын зөвлөх үйлчилгээг авах,  Төрийн өмчийн болон орон нутгийн өмчит компаниудын хуулиудыг шинэчлэхээр шийдвэрлэлээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өнгөрсөн УИХ батлагдсан. Уг хуулийн хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийг олон нийтэд нээлттэй компани болгоно. Мөн 3.4 сая иргэн эзэмшдэг тус компанийн 27 хувийн хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлнэ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 27 хувийг иргэд эзэмшдэг. Гэхдээ энгийн хувьцаа биш учраас иргэд хувьцаагаа худалдаж, арилжиж чаддаггүй. Мөн хөрөнгийн зах зээл дээр нээлттэй компани болж чадаагүй учраас засаглал нь сайжирдаггүй. "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанид улс төрийн нөлөө байсаар байгааг иргэд төдийгүй тухайн компанид ажилладаг хүмүүс ч хэлж байна. Тиймээс хугацаатай үүрэг өгч, "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргана. Ингэснээр засаглал нь сайжирна.

Хараат болон хараат бус гишүүд жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу төрийн өмчийн компаниуд цалин, үйл ажиллагааны урамшуулал зэрэг бүх мэдээллээ ил тод болгох ёстой. Гэтэл тус компанийн мэдээлэл нээлттэй бус байгааг "Эрдэнэс Тавантолгой"-н бус гишүүд, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд шүүмжилдэг.

Тиймээс "Эрдэнэс Тавантолгой"-г нээлттэй компани болгох, нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, олон улсын менежментийн компаниар удирдуулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан 100 хоногийн албан даалгаврын хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-д олон улсын тендер зарлаж, гадаадын менежментээр удирдуулна. "Эрдэнэс Монгол" нэгдлийн дэргэд байгаа компаниудыг ч үе шаттайгаар нээлттэй компани болгоно. 

Өнөөдөр Засгийн газарт "Цаасгүй Засгийн газар" хөтөлбөрийг танилцуулсан. Төрд мэдээлэл солилцох нийт 15 янзын систем ажилладаг байсан бол сүүлийн 1 жилийн хугацаанд дундын DOCX систем нэвтрүүлж, ашиглах бэлтгэлийг бүрэн хангуулсан. Энэ системийг өнгөрсөн 7 хоногт туршиж, өнөөдрөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирж байгаа албан бичгүүдийг уг системээр, тоон гарын үсгээр баталгаажуулж авах шийдвэр гаргаж байна. Үүний үр дүнд 15 яам жилд цаасны 1.4 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэнэ.

Ийм мэдээлэл өгснийхөө дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Орон нутгаас албан бичиг шуудангаар хүргүүллээ гэхэд цаг хугацаа маш их алддаг байсан. Харин одоо ийм асуудал үүсэхгүй гэсэн үг үү?

-Засгийн газрын хуралдаанаар нэг асуудал хэлэлцүүлэх гэж 55 алхам дамждаг. Нийт 12 цаг 32 минут зарцуулдаг гэсэн тооцоо гарсан. Жишээ нь: Төсвийн 5527 байгууллагын 35 хувь нь өнөөдөр цахим системээр мэдээлэл, албан бичгээ солилцож байна. 65 хувь нь цаасаар мэдээллээ шидэлцэж байна. 15 янзын дотоод систем байдаг. Сангийн яам, гааль, татвар цахимаар мэдээллээ солилцож л байгаа. Гэтэл Сангийн яам бичгээ нийслэл рүү явуулах гэхээр дотоод системээр нь явдаггүй. Үүнийг л дундын системээр зохицуулж өгч байгаа.

-"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанид улс төрийн ямар нөлөө байна вэ. Нээлттэй болгосноор энэ нөлөө арилах уу? 

-Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагуудаас хүртэл улс төрийн нөлөөг бууруулахад анхаарах, засаглалын шинэ тогтолцоо бий болгох шаардлагыг Засгийн газарт удаа дараа тавьж байсан юм билээ. Бусад төрийн өмчит компанийг бодвол харьцангуй олон хувьцаа эзэмшигчтэй "Эрдэнэс Тавантолгой" компанийг эхлээд, менежментийн шинэчлэлтэд оруулах нь зүйтэй гэж үзсэн. 3.4 сая хувьцаа эзэмшигчтэй төрийн өмчит компани гэж байхгүй. Гэтэл хувьцаа эзэмшигчид байсаар байтал "Эрдэнэс Тавантолгой"-г нээлттэй компани гэж тооцдоггүй. Хувьцаа эзэмшигчдийн саналыг сонсохгүйгээр шийдвэр гаргадаг. Тэгэхээр нээлттэй болгох нь зөв. Албан ёсоор Хөрөнгийн биржид оруулчихвал хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр шийдвэр гаргаж чадахгүй гэсэн үг. Ингэж байж улс төрөөс ангид, ашигтай үйл ажиллагаатай компани болж чадна.

Санал болгох

20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн  бэлтгэл ажилтай танилцлаа.

9 цагийн өмнө
Цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өнөөдөр /2024.09.18/ НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо

1 өдрийн өмнө
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

2023-2024 оны хичээлийн жилд Олон улсын долоон төрлийн олимпиадад 31 сурагч оролцсоноос 23 нь медальт байранд шалгарсан байна.

1 өдрийн өмнө