Яамдаа нүүлгэсний ач холбогдол гарах уу

13 цагийн өмнө
Яамдаа нүүлгэсний ач холбогдол гарах уу

С.Энхжин

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг харьяа байгууллагынх нь хамтаар Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэрийг Засгийн газар энэ сарын 11-нд гаргав. Үүнтэй зэрэгцээд олон асуулт, асуудал босож ирлээ. Нийслэл хотын хүн амын төвлөрлийг бууруулахын тулд “Шинэ Зуунмод” хот бий болгож, суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүс байгуулан хөгжүүлнэ хэмээн Засгийн газар үзэж буй. Уг бодлогын хүрээнд төрийн яам, агентлагуудыг нүүлгэхээр болж, ХХААХҮЯ-аар “туршилт”-аа эхлүүлж байгаа бололтой юм.  

Тус яамыг төвийн бүс буюу Дархан-Уул аймгийг сонгож нүүлгэхээр шийдсэн нь Ж.Энхбаяр сайд өөрийн бизнестээ ойртууллаа гэсэн хардлага дагуулав. Мөн яамны ажилтнуудаас саналыг нь авсан уу, тэд суурьшмал амьдрал, гэр орон, үр хүүхдээ орхиод нүүх үү, очоод амьдрах байр, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ зэргийг шийдсэн үү гэсэн асуулт гарсан. Тэгвэл тус яамны үндсэн бүрэлдэхүүнд 121 ажилтан, алба хаагч ажилладаг аж. Тэднээс санал авахад 80 хувь нь орон нутагт шилжин суурьшихыг дэмжсэн хэмээн Бодлого, төлөвлөлтийн газрынх нь дарга Ц.Болорчулуун ярьжээ. Нүүж очих ажилтнуудаа хаана амьдруулахаа одоо “бодож” буй юм байна.

ХХААХҮЯ-ны ажилтнуудын 80 хувь нь орон нутагт шилжин суурьшихыг дэмжжээ

Уг нь шийдвэр эцэслэн гарахаас өмнө энэ мэт асуудлаа судлаад, тодорхой болгосон байх учиртай ч манай улсад бүх ажил араасаа өрнөдөг хойно. Харин яам нь нүүж орох барилга бэлэн байгаа юм билээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхан очиж, тэнд шинээр баригдсан барилгыг хүлээж аваад ирсэн гэнэ. Тиймээс тавилга, компьютерээ авч очих л дутуу гэсэн байна. Яамыг нүүлгэн шилжүүлэх ажилд 2.4 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд үүнийг ирэх оны улсын төсөвт тусгасан аж. Үе шаттайгаар нүүнэ хэмээн төлөвлөж буй ч ирэх ондоо багтах, эсэх нь эргэлзээтэй.

Ийнхүү “тараан байршуулах” ажиллагаа цаашид үргэлжилнэ гэж буй. Одоогоор нүүлгэх дараагийн яам, агентлаг тодорхойгүй байна. Тэгмэгц хүмүүс нийгмийн сүлжээнд “ХХААХҮЯ-ыг хөдөө рүү нь шилжүүлдэг юм байж. Тэгвэл гадаад яамыг хилээс гадна нүүлгэх үү” гэх мэтээр хошигноод эхэлжээ. Бээжин, Москва руу нүүлгэх саналыг нийтлэлч Баабар гаргасан байна. Мэдээж тусгаар улс төрийн яамаа хил давуулж нүүлгэнэ гэж үгүй. Гэхдээ хүмүүс яамдыг тарааж нүүлгэх тухай Засгийн газрын бодлогыг шүүмжлээд буй юм. Ингэж зардал гаргахын ач холбогдол юу вэ. Нэг яамыг нүүлгэж, ажилтнууд, түүний гэр бүлийнхэн хотоос яваад түгжрэл, төвлөрөл үнэхээр буурах уу?

Яамыг нүүлгэн шилжүүлэхэд 2.4 тэрбум төгрөг шаардлагатай 

Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлагыг орон нутгаас нийслэлийг зорих нүүдэлтэй холбон тайлбарлажээ. Тээврийн хэрэгслийн тоо 1.8 дахин өссөн, авто замуудын 78 хувь нь түгжрэлтэй. Улмаар иргэд жилд 35 өдрийг зам дээр түгжирч өнгөрүүлдэг гэсэн судалгаа гарсан байна. Нийслэлээс орон нутаг руу шилжсэн иргэдэд орон сууцны зээлийн хүүг бууруулахаас эхлээд хөнгөлөлт, төрийн албан хаагчдад бүс нутгийн нэмэгдэл, урамшуулал амлаад буй. Ингээд ч үр дүн гарахгүй байгаа тул яам, агентлагаа “мундагдан” нүүлгэхээр шийдэв.  

Хот хөдөөгийн шилжилтийг эрчимжүүлж, дагуул хот байгуулснаар авто замын түгжрэлийн индекс 15-20 хувиар буурч, орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ бий болж, ажлын байр нэмэгдэнэ гэж тооцжээ. Мөн Улаанбаатар хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн багассанаар нийслэл дэх төвлөрөл, ачааллыг бууруулна гэсэн байна.

Дахин 15 яамны нүүдэл, суудал болох нь

МАН, АН, ХҮН-ын хамтарч байгуулсан эл Засгийн газар 16 яамтай. Тэгэхээр дахин 15 яамны нүүдэл, суудал болох нь. Нэг яамыг нүүлгэхэд л дээрх хэмжээний зардал гарч буй юм бол бүгдийг нь “тараан байршуулахад” овоо төсөв шаардагдана гэсэн үг. УИХ-ын гишүүн Д.Ганбат “Төр уг нь есөн яам, есөн сайдтай байхад л хангалттай. Гэтэл өнөөдөр маш данхар байна. Өнгөрсөн найман жилийг алдагдсан гэж тодорхойлж байгаа. Энэ байдлаа цэгцлэхгүй бол алдагдсан 12 жил болох вий” хэмээн сануулсан байна лээ. Хэдэн яамаа нааш цааш нүүлгэсээр үндсэн ажил нь алдагдчих юм биш биз гэсэн болгоомжлол ч бий.

Гэнэтийн шийдвэр гаргаж, “цус харвуулах” гээд байдаг нь эрх баригчдын зан. Тэгээд олон нийтийн хариу үйлдлийг хэсэг ажиглаж байгаад нэг бол шийдвэрээ цуцална, эсвэл засаад үргэлжлүүлнэ. Тооцоо, судалгаагүй, сэтгэл хөөрлөөр гэмээр гаргасан шийдвэр голдуу байдаг учраас цуцлах нь элбэг. ХХААХҮЯ-ыг Дархан-Уул руу нүүлгэх тухай дээрх шийдвэрийг дэмжих гэхээсээ шүүмжлэх нь олон байгаа учраас ирэх өдрүүдэд ямар нэг “засвар” оруулахыг үгүйсгэхгүй юм.

Санал болгох

20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн  бэлтгэл ажилтай танилцлаа.

14 цагийн өмнө
Цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өнөөдөр /2024.09.18/ НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо

1 өдрийн өмнө
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

2023-2024 оны хичээлийн жилд Олон улсын долоон төрлийн олимпиадад 31 сурагч оролцсоноос 23 нь медальт байранд шалгарсан байна.

2 өдрийн өмнө