700-аад мянган даатгуулагч 100.7 тэрбумын бодит хуримтлалтай болжээ

2024 оны 7 сарын 242024-07-24
700-аад мянган даатгуулагч 100.7 тэрбумын бодит хуримтлалтай болжээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ), Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллалаа. НДЕГ 60 мянган ажил олгогч, 1.3 сая даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулдаг. Сар бүрийн 1-ний өдөр 500 мянган ахмадад тэтгэвэр, 300 мянган даатгуулагчид тэтгэмж олгож байна.

Энэ оноос шинэчилсэн Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж буй. Манай улс Дэлхийн жишигт нийцсэн тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, даатгуулагч өөрийн бодит хуримтлалаасаа орон сууц, боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах боломж бүрдэж эхэлсэн. Оны эхний 5 сарын байдлаар 700 орчим мянган даатгуулагч 100.7 тэрбум төгрөгийн бодит хуримтлалтай болжээ. Нэг даатгуулагчид дунджаар 300 мянган төгрөг хуримтлагджээ. Оны эцэст энэ мөнгө хоёр дахин үржигдэх юм байна. Энэхүү бодит мөнгөн хуримтлал нь хөрөнгө оруулалт, эдийн засгийн өгөөжөөр цаашид өсөх учиртай.

Тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцооны талаар Нийгмийн даатгалын хуульд "Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагч тэтгэврийн даатгалын нэрийн данстай байна" гэж заасан юм. Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагч бүрт нэрийн данс нээж, дансанд нь дараах орлогыг бүртгэх юм. Үүнд:

  • Даатгуулагчийн нэрийн дансны эхний үлдэгдэл,
  • Даатгуулагчийн төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл,
  • Ажил олгогчийн төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл,
  • Нийгмийн даатгалын сангаас төлсөн шимтгэл,
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлсөн шимтгэл,
  • Төрөөс төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл,
  • Нэрийн дансанд бүртгэсэн орлогод тооцсон хүү,
  • Нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын хөрөнгө оруулалтын өгөөж 

Нэрийн дансыг мөнгөжүүлж эхэлснээр оны эхний 5 сарын байдлаар 100 орчим тэрбум төгрөг төвлөрчээ.

Санал болгох