Төрийн алба хаагч хилийн чанадад зорчих үед хувийн аюулгүй байдлаа хангах нь

2020 оны 2 сарын 272020-02-27
Төрийн алба хаагч хилийн чанадад зорчих үед хувийн аюулгүй байдлаа хангах нь

 

Төрийн болон албаны нууц тээгч хилийн чанадад албан хэргээр зорчих үед биеэ хэрхэн авч явбал зохистойг товч зааварлахыг чухалчлав.

НЭГ. БЭЛТГЭЛ АЖИЛ

1. Аялалын төлөвлөгөө

Та болон таны хамтрагч, гэр бүлийн гишүүд тань аялалын маршрутыг бусдад задруулахгүй байвал зохино. Таны аялалын төлөвлөгөөг аль болох цөөн хүн мэдэж байвал сайн. Сонирхогч этгээд туслах, нарийн бичгийн дарга нарын утсаар ярьсан яриа, таны ширээний тэмдэглэлийн дэвтэрт бичсэн тэмдэглэл, найз нөхдөөс чинь болон бусад аргаар аялалын маршрутыг мэдэж болно. Та зорчих рейсийн дугаар, түр буулт хийх газар, нисэх онгоцны буудал очих болон буцах тээврийн хэрэгсэл, хийх уулзалтууд, байрлах газар зэргээ заавал баталгаажуул. Хүрэх газраа очиход угтах орон нутгийн төлөөлөлтэй бай. Замд чинь саад учирвал зорьсон газраа хүрэх нөөц төлөвлөгөөтэй бай.

2. Зорчин явах баримт бичгүүд

Паспорт хүчинтэй, визийн хугацаа дуусаагүй, ангилал нь тохирч буй эсэхийг шалга. Баримт бичгийн зөрчилтэй бол гадаадын хилийн шалган нэвтрүүлэх алба, гааль зэрэгт саатуулагдаж болзошгүй.

3. Гааль Зорчих улсынхаа гаалийн дүрэм, журмын танилцуулгыг өөрийн улсын зохих байгууллагын тухайн орныг хариуцсан ажилтан, холбогдох бусад эх сурвалжаас (ГХЯ, ГЕГ-ын холбогдох ажилтан, вэб сайт г.м) авч судла.

Энэхүү дүрэм журмыг зөрчвөл эрүүгийн, захиргааны шийтгэл хүлээх, түүнчлэн “тамгалуулж” болзошгүй.

4. Валют Хүнс, замын зардал зэрэгтээ хангалттай хүрэлцэх гадаадын мөнгөн тэмдэгтийг  эх орондоо байхдаа банкаар солиулж ав.

Учир нь хуурамч дэвсгэрт худалдан авахаас болон гадаадын нисэх онгоцны буудлын валют солих цэг зэрэгт үйлчлүүлж орон нутгийн гэмт бүтцийнхний анхаарлыг татахаас сэргийлэхэд оршино.

5. Тийз тасалбар

Түр буулт хийдэггүй рейсийн нисэх онгоцны тийз худалдан авахыг чухалчил. Террористууд цөөн зорчигчтой онгоц барьцаалахыг чухалчилдаг тул том онгоцоор зорчихыг хичээ. Бусдыг барьцаалах, тусгай хүчнийхэн барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөх ажиллагаанд онгоцны салоны суудлын эгнээний захад сууж буй зорчигчид илүү өртдөг тул захалж суухгүй байхыг хичээвэл зохино.

6. Ачаа тээш

Мөнгө, үнэт эдлэл, хувийн мэдээллийг тань агуулсан баримт бичгийг авч явах хэрэггүй. Ачааны цоож олон комбинацтай байвал зохино. Хатуу гадаргатай, даруулга бүстэй чемодан ашигла. Учир нь цоож эвдэрсэн тохиолдолд чемодан онгойхгүй. Гар тээшээс бусад ачаагаа орон нутгийн ачаа тээшийн албаныхны гарт шилжтэл анхаарлаа сулруулж болохгүй. Хэний ч дайврыг бүү ав, хэнээр ч ачаагаа бүү татуул.

7. Баримт бичгүүд

Авч явж буй нууц баримт бичиг, паспорт, төлбөрийн карт, олон улсын жолооны үнэмлэх, нисэх онгоцны тасалбар, цусны бүлэг болон эмчийн онцлог зөвлөгөөг тусгасан эмнэлгийн карт зэргийнхээ хуулбарыг ажилдаа үлдээхэд илүүдэхгүй.

8. Даатгал

Хэрэв таныг мөнгө олох, эсвэл тавьж буй шаардлагаа биелүүлэхэд ашиглах гэмт сэдлээр  хулгайлах буюу барьцаалбал төлбөр төлөх, хохирлыг чинь барагдуулах бодит боломжтой Даатгалын компани байдаг бол түүнтэй ажил хэргийн холбоо тогтооход анхаар.

ХОЁР. ЗОРЧИХ

1. Нисэх онгоцны буудал дээр

Хил, гааль, цагаачлалын болон дотоод аюулгүй байдлын алба, тасалбарын шалгалтын урт дараалал үүсч болзошгүй тул нислэг эхлэхээс 3 цагийн өмнө нисэх буудалд оч. Нислэг хойшилсон зэрэг шалтгаанаар зорчигчдын бухимдал үүссэн тохиолдолд “баатар” болох хэрэггүй. Хуулийн дагуу авч явж буй бүх мөнгө, үнэт эдлэлийг гаалийн мэдүүлэгт бич. Түр орхисон ачаандаа анхаарал тавихгүй бол устгагдах аюултай.

2. Галт тэргэнд

Тасалбарыг байрласан буудал, эсвэл тухайн улсын таныг хүлээн авсан буюу үйлчилж буй хүнээр дамжуулан авбал зохино. Тухайн улсын нутаг дэвсгэрээс гартлаа тасалбараа хадгал. Галт тэргэнд суухаасаа өмнө түүний хүрэх газар, маршрут, бусад галт тэргэнд холбогддог, салгагддаг эсэх, маршрутын дугаар, зогсдог станцуудын нэр зэргийг лавлан шалга. Цонхны ойролцоох суудлыг авахыг хичээ, учир нь зайлшгүй тохиолдолд гарах, зугтахад хялбар. Паспорт, баримт бичиг, зорчих тасалбар зэрэг бүх баримт бичгээ дотор халаасандаа хадгал. Купенийхээ хаалгыг хааж, орох гэсэн хүнийг “Нэрээ хэлж байгаарай” гэж хүс. Галт тэрэгний үйлчлэгчийн нэрийг тогтоож, хэрэв галт тэргээс түр гарах бол заавал түүнд хэлж бай. Урьд нь очиж байгаагүй газарт өглөө эрт, эсвэл шөнө орой очихоос зайлсхий, гарцаагүй тохиолдолд хэн нэг нь заавал угтаж авбал зохино.

3. Машин

Сайн замчин, эсвэл газрын зураг ав. Жолоодох үедээ аюулгүйн бүсийг заавал зүү. Олон улсын жолооны үнэмлэхээ биедээ заавал ав. Бусдыг гүйцэж түрүүлэхдээ гэрлээ асаа. Танихгүй хүнийг замаас бүү ав. Машин хөлслөхөөсөө өмнө түүнийг анхааралтай үзэж шалга.

ГУРАВ. БАЙРЛАХ ЗОЧИД БУУДАЛ

Аюулгүй байдлын дараах зөвлөгөө нь зочид буудалд байрлах үед учирч болзошгүй эрсдлийг аль болох доод хэмжээнд байлгахад чиглэнэ. Үүнд:

1. Ачаагаа буудлын үйлчлэгчид өгөхөөс өмнө шалга. Ачааны хуудсаа аялалын бусад баримт бичгийн хамт буудлаас гартлаа хадгал, учир нь ачаагаа буудалд хадгалж буйг нотлох шаардлага гарч болзошгүй. Хэн нэгнийг хүлээж байх үед ачаа хөлийг чинь шүргэж байвал зохино. Өрөөнөөс түр гарах үедээ  ачаагаа түгж.

2. Үйлчлэгчээс ачаагаа өрөөндөө зөөж оруулах, өрөөний утас, телевиз, халаагч, хөргөгч, буцалгагч зэрэг ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хэрхэн ашиглахыг зааварлахыг хүс.

3. Буудлын үйлчилгээний хүмүүсийн дүрэмт хувцасны загварыг ажиглан тогтоо, урилгагүй “зочин”-д хянуур хандан, өрөөнд чинь “засвар хийх” г.м шалтгаанаар ирсэн эсэхийг жижүүрээс тодруулан лавла.

4. Хувийн болон албаны баримт бичгээ машинд бүү орхи. Зайлшгүй тохиолдолд буудлын хадгалах камерт хадгалуул. Паспортаа байнга биедээ авч яв.

5. Машинаа гэрэлтүүлэгтэй талбайд тавь. Үйлчилгээний хүнд машинаа өгөх бол зөвхөн асаагч түлхүүрийг өгч, бусдыг нь ав.

6. Зөвхөн өөрийн төлбөрийн болон зээлийн картаа ашигла.

7. Машин тавих талбайд сэжигтэй этгээд ажиглагдвал машинаасаа бүү гар. Хэрэв боломжтой бол буудлын үйлчилгээний хүмүүсээс туслахыг хүс.

8. Өрөөнийхээ түлхүүрийг жижүүрт бүү үлдээ, өөртөө авч яв. Үлдээсэн түлхүүр таны  эзгүйг гэрчилнэ.

9. Өрөөнөөсөө шат хүртэлх зайг ой санамждаа тогтоо, нийтийн телефон утасны байршил, зочид буудал байгаа гудамжны нэр, буудлын ойролцоох такси, автобус, галт тэрэгний буудлын байршлыг мэд.

10. Унтахдаа хаалгаа түгж, сандлаа тулгаж тавь.

11. Үнэт эдлэл зэрэг эд зүйлийг 2 давхар дугтуйд хийж амсрыг нь зигзаг дүрсээр зурж, булан, амыг нь скочдон буудлын сейфенд хадгалуул. Аливаа зүйл хулгайлагдсан тохиолдолд Цагдаа, Даатгалын компани, өөрийн улсын ДТГ зэрэгт мэдэгд. Эд зүйлээ алдсныг нь баталсан бичгийг байрласан буудлынхаа Захиргаанаас ав.

12. Үйлчилгээний хүнээс орон нутгийн таксийн таних тэмдэг, хөлсний талаар  болон хооллож, зугаалж болох аюулгүй газрын талаар зөвлөгөө ав.

13. Хулгай, гэмт халдлагаас сэргийлэх үүднээс танихгүй хүнийг өрөөндөө бүү урь.

14. Долоогоос дээш давхарт өрөө бүү ав.Учир нь шаардлагатай үед орон нутгийн гал унтраах зэрэг албаны шат түүнээс дээш давхарт хүрэхгүй байж магад.

15. Буудалд түймэр гарсан үед өрөөний түлхүүрийг авч гар, цахилгаан шат бүү ашигла. Ам, хамраа нойтон алчуур, эсвэл цамц зэргээр хаа. Шатаж буй байшингаас гарах боломжгүй бол орны бүтээлэг, ванны алчуур зэргийг норгож хаалганы хүрээний завсрыг бөглө, шаланд наалдан хэвтэж тусламж ирэхийг хүлээ.

16. Орон нутгийн такси үйлчилгээний таних тэмдэггүй, хувийн таксинаас болгоомжил, суухаасаа өмнө үнэ хөлсөө тохиролц. Үл ойлголцол зэргээс сэргийлж очих газрынхаа хаягийг цаасан дээр урьдчилан бичиж үзүүл.

ДӨРӨВ. БИЕЭ АВЧ ЯВАХ БАЙДАЛ

1. Валют хууль бусаар солих, мансууруулах бодис тээвэрлэх, худалдах мэхэнд урхидагдахаас байнга сэргийл. Олон нийтийн газар биеэ авч явах журмыг зөрчих, оюуны боломжоо алдахаас сэргийлж согтууруулах ундааг ухаалаг хэрэглэ. Нойрсуулах, тайвшруулах бодис агуулсан эмийн нэр бичсэн эмчийн жорыг биедээ авч явахад илүүдэхгүй. Уран зураг, эртний эд зүйлийг тухайн улсаас авч гарах бол заавал холбогдох байгууллагаас албан ёсны зөвшөөрөл ав.

2. Олон нийтийн арга хэмжээний үеэр тантай харилцаа тогтоохыг болон таны ажил төрөл, улс төр, гадаад хэлний талаар яриа өрнүүлэхийг санаачлан оролдсон үл таних хүнээс зайлсхий. Таныг хоолонд урьсан, хамт зугаалахыг хүссэн, тантай бага зэрэг “чалчихыг” хүссэн танихгүй хүн чинь тэндхийн тагнуулын ажилтан байж болно. “Янаг амраг”-ийн ажлаас хол бай.

3. Зөвхөн хийх ёстойгоо хийж, ярих ёстойгоо л ярь. Гэхдээ энэ бүхэн нь эсрэг тал мэдээ цуглуулах, дарамтлах зорилгоор нууцаар бичигдэж байж болзошгүй гэдгийг байнга сана. Хэрэв өөрийг чинь нууцаар даган мөрдөж буйг илрүүлбэл  өөрийн улсын ДТГ-т мэдэгдэж, өгсөн зөвлөгөөг нь дага.

ТАВ. БАРЬЦААЛАГДАХ, ХУЛГАЙЛАГДАХ ТОХИОЛДОЛД

1. Барьцаалагдсан үед биеэ авч явах нь

Барьцаалагдах үеийн хүнд сорилтыг тэсэн гарахын тулд барьцаалагчийн зааврыг биелүүл. Тэдний дуу хоолойн өнгө, нүүрний хэлбэр, хувцаслалт, сорви, биеэ авч яваа онцлог хэв маягийг тогтооход анхаарлаа төвлөрүүл. Паспорт, хувийн эд зүйлээ анхных нь шаардлагаар өг. Асуултад нь аль болох товч хариул, сайн дураараа ямар ч мэдээлэл өгч болохгүй. Зугтах боломж байвал хэрэв та алах, эсвэл алагдахад сэтгэл зүйн хувьд бэлэн байгаа зөвхөн тийм тохиолдолд л түүнийг ашигла. Аливаа үйлдлийг хийх үедээ эргэлзвэл энэ нь үхлийн аюултай байж болно. Барьцаалагчдыг улангасуулж болохгүй, өөрийгөө сэжиглүүлж болохгүй. Чөлөөлөх операцийн хохирогч болохгүйн тулд тусгай хүчний багийн зааврыг дага.

2. Хулгайлагдах үед биеэ авч явах нь Хулгайлагдахаас хэрхэн сэргийлэхийг хэлэхэд хэцүү. Учир нь хэн, хэзээ, хаана болж буй зэргээс шалтгаална. Хулгайлахыг завдах үед:

  •  Хэрэв олон нийтийн газар, эсвэл зочид буудлын өрөөнд болж буй бол аль болох их чимээ шуугиан гаргах, жишээлбэл унах, тийчлэх, орилох, хана нүдэх зэргээр бусдын анхаарлыг аль болохоор тат. Энэ нь уг явдал хаана, хэзээ болсныг гэрчилнэ.
  •  Өөрийн улсын ДТГ, орон нутгийн цагдаагийн зэрэг албаны утсыг ганц даралтаар дуудахаар гар утсандаа сануулсан бол түүнийг ашигла..
  •  Хэрэв нүдийг чинь боож, машины тээшинд чихсэн бол чимээ шуугиан, үнэр, замын эргэлт ,гэрлэн дохио хүлээсэн, машины хөдөлгөөний чиглэлийн өөрчлөлт, хулгайлуулснаас хойшхи хөдөлгөөний хугацаа зэргийг санан тогтооход анхаарлаа төвлөрүүл.
  •  Гэмт этгээдүүдэд нийтэд ил мэдээ л өг. “Би одоо үүнийг санахгүй байна” гэдэг товч хариулт хамгийн оновчтой. Ширээ, эсвэл ханан дээр байгаа ямар нэг цэгт хараагаа төвлөрүүлж, анхаарлаа хөвчил. Хэрэв хүч хэрэглэхгүй л бол ямар ч цаасан дээр гарын үсгээ бүү зур. Өвдсөн, ядарсан дүр эсгэ. Хулгайлсан этгээдүүдтэй бүү марга.
  •  Хэрэв таныг удаанаар хоривол биеийн хүчний болон оюуны дасгал хий. Эсрэг этгээдүүдийн дуу хоолойн өнгө, сорви, онцлог зуршил, нэр, хоч, нүүр царай, өдрийн дэглэм зэргийг тогтоо. Он, сар, өдөр, байшин, өрөө тасалгааны байршил, дуу чимээ, үнэр зэргийг тогтоо. Зугтах боломжийн тухай байнга бод. Хэрэв зугтаж чадвал өөрийн болон найрсаг харилцаат улсын ДТГ-т хамгийн түрүүнд оч.

ЗУРГАА. МЭДЭЭЛЛЭЭ ХАДГАЛАХ

Эрүүл ухаан, сонор сэрэмжтэй бай. Таны авч явж буй болон таны мэдэх мэдээ мэдээлэл гадаадын тусгай албад, гэмт бүтцийн хувьд үнэ цэнэтэй зүйл. Иймээс Та эсрэг Талын тусгай албаны элсүүлэх ажиллагаа, гэмт бүтцийн халдлагад өртөх магадлалтай. Дор дурдсан аюулгүй байдлын арга хэмжээг хилийн чанадад зорчиход төдийгүй өдөр тутмын амьдралдаа сахихыг хичээ. Үүнд:

1. Гэр-ажил, зочид буудалажилдаа очих, буцах маршрутаа байнга өөрчил. Олон хүнтэй газар нууц материал авч яваа үедээ сэрэмжтэй бай. Гар утсаар ярих, зөөврийн компьютерээ ажиллуулах үед чинь онгоцны салонд хажуугийн сандал дээр сууж буй “зорчигч”, эсвэл байрласан буудлын чинь “үйлчлэгч” сонсож, нууц бичлэг хийж магадгүй.

2. Өөрийн улсын ДТГ, орон нутгийн цагдаа, эмнэлгийн түргэн тусламж зэргийн утастай нэг даралтаар холбогдохоор гар утсаа зохицуул. Флашаа кодло.

3. Нууц баримт бичгээ буудлын өрөө, жижүүр дээр бүү орхи. Үнэтэй автомашин, гял цал хувцас, үнэт эдлэлээр бусдын анхаарлыг бүү тат.

4. Халаасны камер, диктофонтой явахад илүүдэхгүй. (Гэмт халдлага, эрсдэлтэй байдлыг баримтжуулах боломж гарахыг үгүйсгэхгүй).

5. Галт тэрэгний буудлын тавцан-платформын болон засмал замын хашлагын ойр бүү зогс. Учир нь явж буй тээврийн хэрэгслийн доогуур таныг хоромхон зуур түлхэх эрсдэлтэй.

6. Мотоцикльтэй этгээд явган зорчигчийн цүнх, гар тээшийг хялбархан шүүрч зугтдагийг санаж яв. Иймээс замын хашлагын ойр явж болохгүй. Зөөврийн компьютертай цүнхнийхээ оосрыг мөрлө, цүнх чинь хамт явж буй хүний талд, замын эсрэг талд байх ёстой.

ДОЛОО. БИЕЭ ХАМГААЛАХ

Олон жилээр сургуулилж, сайтар эзэмшээгүй мэх хэрэглэхээс зайлсхий. Довтолгоо хийх ганц боломж л танд олдоно. Үүнийг зөв, эсвэл огт бүү ашигла. Өөрийгөө хамгаалах зарим арга:

1. Гэрлийн эх сурвалж (нар, чийдэн г.м) таны нуруун талаас, гэхдээ эсрэг этгээдийн нүүрэнд тусаж байх.

2. Тамхины үнс, тоос, элс зэрэг гарын дорх зүйлийг нүд рүү нь цацаж харааг нь муутга. Зогсоо байрлалаас өшиглөхийн тулд нүдийг нь хуруугаараа, эсвэл үзэг, түлхүүр, сэрээ г.м-ээр хатга.

3. Довтлогчийн тэврэлтээс чөлөөлөгдөхийг оролдох хэрэггүй. Учир нь таныг тэвэрч буй тул түүний гар хөдөлж чадахгүй, ингэснээрээ түүнийг хамгаалалтгүй болгодог. Иймд түүний эмзэг эрхтэн, өвдөг рүү өшиглө. Эсвэл гарынхаа алгаар чихэн тус газар нь, хүчтэй цохь, нударгаараа нүд.

4. Өвдөгнөөс нь дээш өшиглөх хэрэггүй. Та тэнцвэрээ алдаж болзошгүй. Гараар хийх цохилт нь довтлогчийн толгой, бөөр, наран сүлжээ зэрэг амин чухал эрхтнийг гэмтээх цохилт байвал сайн.

5. Буланд шахуулахгүй бай. Биеэ хамгаалахын тулд орчиндоо байгаа бүх зүйлийг, жишээлбэл стаканыг ёроолыг нь алгандаа атган цохих, довтлохдоо ашигла.

6. Довтлогчийг алмайруулах зарим арга болох: нударга, алгаараа түүний хамар, уруул руу цохих, эмзэг эрхтэн рүү өшиглөх, эрүү рүү нь цохих г.м. Эдгээр арга нь түүнийг хурц өвдөлтийн шоконд түр зуур оруулах, хөдөлгөөнгүй болгодог. Энэ хооронд зугт, эсвэл довтло.

7. Довтлогчийн зэвсгийг булаахыг оролдох хэрэггүй. Харин зэвсэгтэй гарыг нь хажуу тийш түлх, эсвэл зэвсгийн хажуу тал руу зайл. Ингэснээр галын шугамаас зайлна.

8. Довтлогч ярьж байгаа тохиолдолд  нүдээд л бай. Учир нь хүн ярьж буй үедээ хангалттай хүчтэй цохиж чаддаггүй. Довтлогч муужирсан, эсвэл өөр тийш нь чиглүүлсэн тохиолдолд зэвсгийг нь булаа.

9. Анхаарлыг нь сарниулахын тулд гар, хуруугаа дээш, эсвэл өөр тодорхой зүйл рүү зааж “Энд цагдаа байгаа шүү” гэж хашгирах, эсвэл шал руу стакан шид. Үүний дараа цохь.

10. Хэрэв таныг олон хүн бүсэлвэл “намайг явуулчих” гээд хэлэлцэн тохирохыг оролд. Бүтэлгүйтвэл эхэлж довтол. Тэдний нүд, чих, хоолой руу үзэг, түлхүүрээр сүлбэ, хатга, гарыг нь хаз.

11. Өвдөлт, гэмтлээс бүү ай. Айдас бол бодит зүйл биш. Айдас зөвхөн таны толгойд байгаа зүйл. Довтолгоонд төвлөрөх, айдсаа бууруулахын тулд амьсгалаа түгжин, аажим амьсгал. Амьсгалаа түгжсэн, эсвэл гаргаж байх үедээ цохь, нүд. Хэрэв та довтлохоор шийдсэн бол бүх хүчээ ашигла. Хурд нь жингээс (массаас) чухал. Учир нь хурд их үед мөргөлт 2 дахин нэмэгддэг. Өрсөлдөгчөө айлгахын тулд сайн хашгир. Гэхдээ хэзээ, яаж хашгирахаа мэдэх хэрэгтэй.

Судлаач Г.Гэрэлчулуун “Тусгаар тогтнол” сэтгүүл

Санал болгох

Монгол дахь гадны санхүүжилттай ТББ-ууд анхаарал татаж байна

Төрийн бус байгууллагын тухай хуулийг Холбооны тухай хууль, Сангийн тухай хууль болгон шинэчлэн найруулах төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх болсныг зарим иргэний нийгмийн байгууллага эсэргүүцэж байгаа юм.

3 жилийн өмнө
УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол өнгөрсөн сард Хонконг руу нисчээ

Гранд повер компанид давуу байдал олгон улсад 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл, мөн бусдыг залилсан гэх үйлдэлд холбогдуулан АТГ-т шалгаж байсан тухай бичсэн байна.

4 жилийн өмнө
Д.Хүрэлбаатар: Надад "юм" уулгасан

Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар Зууны мэдээ сонины 2020.04.27-ны дугаарт өгсөн ярилцлагадаа өөрт нь “юм” уулгасан тухай ярьжээ.

4 жилийн өмнө
Төрийн алба хаагч хилийн чанадад зорчих үед хувийн аюулгүй байдлаа хангах нь

Төрийн болон албаны нууц тээгч хилийн чанадад албан хэргээр зорчих үед биеэ хэрхэн авч явбал зохистойг товч зааварлахыг чухалчлав.

4 жилийн өмнө