Монгол дахь гадны санхүүжилттай ТББ-ууд анхаарал татаж байна

11
2022 оны 1 сарын 112022-01-11
Монгол дахь гадны санхүүжилттай ТББ-ууд анхаарал татаж байна

1997 онд батлагдсан Төрийн бус байгууллагын тухай хуулийг Холбооны тухай хууль, Сангийн тухай хууль болгон шинэчлэн найруулах төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх болсныг зарим иргэний нийгмийн байгууллага эсэргүүцэж байгаа юм.

Дээрх үйл явдалтай холбогдуулан бид Тагнуулын ерөнхий газрын сайтад "Терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдлийн үнэлгээ" гэсэн материал 2019 онд нийтлэгдсэнийг хүргэж байна.

Ажлын хэсгээс “Монгол Улсын Терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх  эрсдлийн үнэлгээ”-г мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий олон улсын байгууллага, хуулиар энэ гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудаас ирүүлсэн зөвлөмж, тайлан, судалгаа, статистик, тоо баримт, мэдээ мэдээлэлд тулгуурлан дээрх үнэлгээг гаргажээ.

Ашгийн бус байгууллагын эрсдлийн үнэлгээ:

Монгол Улсын хэмжээнд 18,943 төрийн бус байгууллага хуулийн этгээдээр бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байна. Төрийн бус байгууллагын хувьд ОӨУБЕГ болон ГИХГ-т бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулдаг. Татварын албанд татвар төлөгчөөр бүртгэгдэж, бүртгэгдсэн татварын төрлүүдээр харьяалах байгууллагад Татварын албанд тайлангаа ирүүлдэг. Тухайлбал төрийн бус байгууллагын хувьд цалин хөлс суутгасны тайлан болон үл хөдлөх эд хөрөнгийн татварын төрлөөр бүртгэгдэж татварын тайлан гаргаж, татвараа төлдөг. Түүнчлэн улсын хэмжээнд 505 шашны байгууллага бүртгэлтэй байгаа бөгөөд тэдгээрийн бүртгэлийг орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хийж ажилладаг. Шашны байгууллагын хувьд Татварын албанд цалин хөдөлмөрийн хөлс, суутгасны тайлан ба үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэж тайлангаа ирүүлдэг. Татварын албаны хувьд төрийн байгууллагын зүгээс хийгдэж буй хамтарсан хяналт шалгалтын хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлдэг.

Монгол Улсад 2017 оны байдлаар дээрх 18943 төрийн бус байгууллагаас 3862 нь татварын тайлангаа хуулийн хугацаанд өгсөн. Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хэсгийн үнэлгээгээр мөн манай улсын энэ салбарт буюу төрийн бус байгууллагуудаар дамжин мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдэгдэх өндөр эрсдэлтэйг мөн анхааруулсан.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газруудын талаар

Өнөөгийн байдлаар манай улсад албан ёсны бүртгэлтэй олон улсын болон гадаадын 95 төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрууд байгаагаас 85 нь улс төр, эдийн засаг, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэг, нийгмийн халамжийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрийн дийлэнхийг Америк, ХБНГУ, БНФУ, ИБУИНВУ, БНСУ-ын байгууллагууд эзэлж байна. Үүнд:

АНУ-ын “Азийн сан”, “Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн”, “Мерси кор Интернэшнл”, “Жорж Соросын Нээлттэй нийгэм хүрээлэн”, “Энх тайвны корпус”, ХБНГУ-ын “Конрад Аденаурын сан”, “Ханнс Зайделийн сан”, “Фридрих Эбэртийн сан” зэргийг дурдаж болох юм.

Олон улсын болон гадаадын ТББ-уудаас хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон хурал, уулзалтын үеэр иргэний нийгмийн байгууллагуудын нийгмийн ач холбогдол, хөгжлийн талаар түлхүү ярьж, төрийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, илүү идэвхитэй ажиллах шаардлагатайг зөвлөх болсон. Тэдний зүгээс нийгэм, улс төр, эдийн засаг, хөгжлийн чиг хандлага, хүний эрх, эрх чөлөө, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхитэй, чөлөөтэй үйл ажиллагаа явуулж байна. Хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд Их хурлын гишүүд, төрийн албан хаагчид, намын боловсон хүчин болон тэдгээрийн хүүхдүүдийн зардлыг нь даан гадаадад урт болон богино хугацааны сургалтад хамруулдаг. Гадаадын ТББ-уудын зүгээс иргэний нийгмийн байгууллагуудтай түлхүү харилцаж дэмжлэг үзүүлж байгаа нь анхаарал татдаг.

2016 оны байдлаар олон улсын болон гадаадын ТББ-ын салбар төлөөлөгчийн газраас Монгол улсад гол төлөв байгаль орчин, хүмүүнлэг, засаглалын ил тод байдлыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах, залуу манлайлагчдыг бэлтгэх зэрэг төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж 130,040,817,388 /өссөн дүнгээр/ төгрөгийн санхүүжилт хийгдсэн бөгөөд цаашид өсөх хандлагатай байна.

            Төрийн бус байгууллагуудад дараах нийтлэг дутагдал, эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй нөхцөл байдал байна. Үүнд:

  • Гадаадын хөрөнгө оруулалттай төрийн бус байгууллагууд нь өөрсдийн салбар төлөөлөгчийн газраар дамжуулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар манай улстай холбоотой их бага хэмжээний мэдээ мэдээллүүдийг авч ашигладаг, гагцхүү түүнийг ямар зорилгоор цуглуулдаг эсэх нь тодорхойгүй байна.
  • Зарим төрийн бус байгууллагуудын санхүүгийн тайлангаас үзэхэд арилжааны банкин дахь харилцах дансанд их хэмжээний мөнгө тодорхойгүй шалтгаанаар хуримтлагдсаар ирсэн тохиолдлууд байна.
  • Хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дийлэнхи төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газрууд нь иргэдэд мөнгө санхүүгийн тусламж үзүүлэх нэрийдлээр далдуур шашны үйл ажиллагаа явуулж, улмаар хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж буй тохиолдлууд байна.
  • Зарим гадаадын хөрөнгө оруулалттай салбар төлөөлөгчийн газрууд нь донор буюу хандивлагч байгууллагуудаас ирүүлж буй санхүүжилтийг байгууллагын албан ёсны харилцах дансаар авахгүйгээр төлөөлөгчийн газрын тэргүүний хувийн дансаар авч улмаар тус санхүүжилтийг юунд зарцуулж буй эсэх нь тодорхойгүй байдал гарсан.  
  •  Гадаадын хөрөнгө оруулалттай төрийн бус байгууллагуудын дийлэнхи хувь нь санхүүгийн тайлангаа харилцагч санхүүгийн байгууллага болон хяналт тавих эрх бүхий төрийн байгууллагад хүргүүлдэггүй, мэдээлдэггүй байдал гарч байна. Ялангуяа төв болон гадаадын донор байгууллагуудаас хэчнээн төгрөгийн санхүүжилт авч үүнийг хэрхэн, юунд зарцуулсан тухайгаа холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудад тайлагнадаггүй байдалтай байна.

Санал болгох

Монгол дахь гадны санхүүжилттай ТББ-ууд анхаарал татаж байна

Төрийн бус байгууллагын тухай хуулийг Холбооны тухай хууль, Сангийн тухай хууль болгон шинэчлэн найруулах төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх болсныг зарим иргэний нийгмийн байгууллага эсэргүүцэж байгаа юм.

3 жилийн өмнө
УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол өнгөрсөн сард Хонконг руу нисчээ

Гранд повер компанид давуу байдал олгон улсад 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл, мөн бусдыг залилсан гэх үйлдэлд холбогдуулан АТГ-т шалгаж байсан тухай бичсэн байна.

4 жилийн өмнө
Д.Хүрэлбаатар: Надад "юм" уулгасан

Монгол Улсын Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар Зууны мэдээ сонины 2020.04.27-ны дугаарт өгсөн ярилцлагадаа өөрт нь “юм” уулгасан тухай ярьжээ.

4 жилийн өмнө
Төрийн алба хаагч хилийн чанадад зорчих үед хувийн аюулгүй байдлаа хангах нь

Төрийн болон албаны нууц тээгч хилийн чанадад албан хэргээр зорчих үед биеэ хэрхэн авч явбал зохистойг товч зааварлахыг чухалчлав.

4 жилийн өмнө