Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайханы “Нүүрсний” асуудлыг ил болгожээ

2023 оны 3 сарын 292023-03-29
Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайханы “Нүүрсний” асуудлыг ил болгожээ

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы танилцуулгыг хаалттай хэлэлцэж байгаа юм. Энэ дэд хорооноос гарсан дүгнэлтийг УИХ хэлэлцэх учиртай. Засгийн газрын зүгээс гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгүүлэхийн тулд тролл багууд хөлслөн нийгмийн сүлжээгээр УИХ-ын гишүүд, намуудад шахалт үзүүлж байна гэж уншигдсан. Дээрх гишүүд нь “нүүрсний” гэх хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан. Гишүүдийн халдашгүй байдал, бүрэн эрх нь гэмт хэргийг лавшруулан шалгахад хүндрэл учруулж байгаа учраас АТГ түлхэц өгөх үүднээс өнөөдөр хэвлэлүүдэд мэдээлэл өгч цацуулсан нь тодорхой болж байна. Прокурортойгоо зөвшилцсөн, мөрдөн шалгах ажиллагааны тактик юм байлгүй?

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн тухайд

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ дээр УИХ дахь АН-ынхан хамгаалж үлдэх улс төрийн шийдвэр гаргаснаа зарласан. Түүнийг төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанийн эзэмшлийн талбайгаас 2013 оноос эхлэн 340 мянган тонн нүүрс алдагдсан гэх хэрэгт буруутгадаг боловч энэ хэрэг 2021 онд Улсын ерөнхий прокуророор Д.Дорлигжавыг ажиллаж байхад хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан гэдэг. Харин энэ удаад Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноос хойш өөр үйлдлүүдийг цуглуулан оруулж ирж байгаа бололтой юм.

Олонд ил болсноор Д.Бат-Эрдэнийг өөрийн хамаарал бүхий Капитрон банкаар дамжуулан 2006-2022 онд жижиг Таван толгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэрүүдийг гаргуулан гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчоор дамжуулан олговол зохих хэмжээний ногдол ашгийн дүнгээс өөртөө 28.7 тэрбум төгрөг, “Ажнай” корпорацидаа мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр илүү олгуулсан гэх үйлдэл, мөн онуудад Өмнөговь аймагт ногдох ёстой байсан 286.3 тэрбум төгрөгийн ашгаас 6 тэрбумыг шилжүүлээгүй байсан гэх үйлдэлд холбогдуулан шалгаж байгаа тухай мэдээлэл задарчээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын тухайд

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон Н.Наранбаатарын тухайд аймагт засаг барьж буй Ардчилсан намынхны матаасаар илэрсэн үйлдлүүд нь АТГ-т шалгагдаж байгаа харагдаж байна. Тэрээр хууль тогтоогч байж хуулийн байгууллагуудтай итгэхгүй “Намайг хэлмэгдүүлэх гэж байна. Бүрэн эрхээ түдгэлзүүлэхгүйгээр шалгуулмаар байна” гэж Өдрийн сонинд нүүр дүүрэн ярилцлага өгчээ.

Н.Наранбаатарын тухайд, ЭТТ компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт нөлөөлж БНХАУ-ын гурван компанид давуу байдал үүсгэн нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулуулсан. Цар тахлын үед аймгийн Засаг дарга, Шивээхүрэн боомтын дарга нарт нүүрс тээврийн 32 машинд эрх олгуулсан, өөрийн дүү Нанзадын Очгэрэлийн Өлзийт Ойлын техникийг Гашуунсухайт боомтоор оруулж ирэхэд нь гаалийн дараалал зөрчүүлсэн, өөрийнхөө байгуулсан Сэрсэн говь компанитай 60 сая төгрөгийн гэрээг Өмнөговь аймгийн ЗДТГ-тай байгуулахад оролцсон гэх мэдээллүүд ил болов. Түүнийг Маршал таун-д 250 ам.метр талбайтай орон сууц авсан хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа тухай ч дурджээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы тухайд

Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдахдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн Т.Аюурсайханы тухайд бараг жилийн өмнө хэвлэлүүдээр бичигдэж байсан асуудлаараа АТГ-т шалгагдаж байна.

Сөүл Рояал Каунти хотхонд 230 ам.метр байрыг 700 сая төгрөгөөр таван жилийн өмнө авсан, Төв аймгийн Сэргэлэн суманд 9 айлын газар эхнэрийнхээ нэр дээр авсан, Хүй долоон худагт хадмынхаа нэр дээр хоёр га газрыг авч 860 сая төгрөгийн үнэлгээтэй хурдан удмын адууны цогцолбор байгуулсан, үеэлийнх нь нэр дээр Дорнодын Хөлөнбуйр суманд хурдан морины жүчээ, байшин бариулан 100-аад адуу тэжээсэн зэргийн хөрөнгө, мөнгө хаанаас гарсныг хуулийнхан өөрөөр нь тайлбарлуулах гэж оролдоод байгаа гэнэ.

Мөн зарим хэвлэл, сэтгүүлчийн ил тод мэдээлсэн үйлдлүүд ч орж иржээ. Тодруулбал, МАН-ын шинэчлэлийн хороонд зүтгэж асан, найзууд болох Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, Б.Отгонжаргал, И.Даваадорж, Х.Нурлат нарыг ЭТТ, Монголын төмөр зам, Зүүнбаян төмөр замд тараан томилуулсан явдал нь олон гэмт үйлдэл гарах шалтгаан нөхцөл болсон тухай мэдээлсэн байдаг.

Д.Дулмаа

Санал болгох