Хүүхэд хүчиндсэн цагдаад 12 жил хорих ял оноов

2024 оны 7 сарын 252024-07-25
Хүүхэд хүчиндсэн цагдаад 12 жил хорих ял оноов

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 26 настай эргүүлийн цагдаа, цагдаа-жолооч гэртээ болон тээврийн хэрэгсэл дотор 13 нас, 2 сар, 26 хоногтой хүүхдийг удаа дараа хүчиндсэн хэргийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн, шийдвэрлэжээ. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчтэй 4-5 удаа бэлгийн харилцаанд орсон талаараа байнга мэдүүлж ирсэн боловч шүүх хурлын үеэр “Шүүгдэгчтэй бэлгийн харилцаанд ороогүй” гэж мэдүүлсэн байна. Харин шүүгдэгч шүүх хурлын үеэр мэдүүлэг өгөхөөс татгалзаж, "Охиныг мэдэж байгаа. Дуугүй байх эрхээ эдэлж байна" гэж тайлбарлажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...хохирогч охин бие бялдарын хувьд өндөр, биеэрхүү тул 13 настай гэж мэдээгүй. 16 настай гэж бодсон. Тиймээс 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэсэн зүйлчлэлээр ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна.
Хохирогч охин гэрээсээ 8 удаа сураггүй алга болж байжээ. Тухай бүр түүнийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж олон, ар гэрт нь хүлээлгэн өгч байсан аж. Үүний баримт хавтаст хэрэгт байгаа аж. Тэр бүрт уг охины талаарх хувийн бүхий л мэдээллийг гэрэл зурагтай нь цагдаагийн байгууллага цуглуулжээ. Шүүгдэгч цагдаа 2024 онд уг охиныг алга болох үед олж, ар гэрт нь хүлээлгэн өгч байсан ажээ. Тиймээс түүнийг 13 настай гэдгийг мэдээгүй гэж шүүгчтэй маргаж байгаа нь ор үндэслэлгүй юм.
Хойд эцэг, ар гэрийн хараа хяналтгүй байдлын улмаас уг хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болжээ. Улмаар өөрөөсөө ах, эгч хүнтэй харилцдаг, насанд хүрсэн хүмүүсийн хийдэг бүхнийг хийхийг хүсдэг, тэдний нөлөөнд автан согтууруулах ундаа уудаг болсон байна. 
Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцон, 12 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Санал болгох