Гадаадын хуурамч мөнгөн тэмдэгтийг банк сольж өгчээ

2024 оны 7 сарын 262024-07-26
Гадаадын хуурамч мөнгөн тэмдэгтийг банк сольж өгчээ

Прокурорын байгууллага 7 дугаар сарын 22-26-нд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 9 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл хүргүүллээ. Үүнд:

-Иргэн Ц гадаад улсын хуурамч мөнгөн тэмдэгтийг “Х” банкны салбарт солиулж, гүйлгээнд оруулсан байна. Үүнтэй холбогдуулан, “Х” банкны салбарын захиралд Валютын тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас;

-Сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч хичээлийн танхимд бусадтай маргалдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан аж. Сэлэнгэ аймгийн Прокуророос газраас тухайн сургуулийн захиргаанд сурагчдад чиглэсэн эерэг нөлөөллийн болон хууль тогтоомж сурталчлах ажил хийх талаар,

-Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас аймгийн хэмжээнд гарсан зөрчлийн шалтгааныг судалж үзэхэд, Шаамар суманд энэ оны эхний хагас жилд үйлдэгдсэн зөрчил урьд оныхоос 5.1 дахин өссөн байжээ. Тиймээс гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар тус сумын засаг даргад;

-Иргэн О нэгэн буудалд үйлчлэгчээр ажиллаж байхдаа үйлчлүүлэгчийн цүнхнээс бэлэн мөнгө хулгайлжээ. Ийм гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар Баянгол дүүргийн Прокурорын газраас тухайн аж ахуйн нэгжид прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.

Санал болгох