Б.Батбилэг: Нүүрсний хэрэгт 57 яллагдагчид хилийн хориг тавьж, хахууль авсан 56 хүнийг яллагдагчаар татсан

2
2023 оны 5 сарын 222023-05-22
Б.Батбилэг: Нүүрсний хэрэгт 57 яллагдагчид хилийн хориг тавьж, хахууль авсан 56 хүнийг яллагдагчаар татсан

"Нүүрсний" гэх хэргийн талаар АТГ, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар албаны дарга Б.Батбилэг,

-Ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд эд мөрийн баримтыг илрүүлэх бэхжүүлэх зорилгоор 252 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйлд үзлэг хийх ажиллагааг 1801 удаа, гэрчээр 11030 хүнээс мэдүүлэг авч, 180642 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авсан бөгөөд нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Үүнээс 75 холбогдогчтой найман хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлж, 18 холбогдогчтой хоёр хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Одоо 24 яллагдагчид холбогдох нэг хэрэг шүүх дээр, 33 яллагдагчид холбогдох таван хэрэг прокурорт хянагдаж байна. Мөн хоёр хэргийг нэгтгэн есөн хэргийг хааж шийдвэрлэсэн. Одоо хэрэг бүртгэлтийн 32, мөрдөн байцаалтын 17 нийт 49 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нийт 124 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Үүний 55 нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан. Хахууль авах хэрэгт 56, хахууль өгөх гэмт хэрэгт 29, мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт 23, худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт нэг албан тушаалтныг яллагдагчаар татсан байгаа.

Нийт яллагдагч нарын 81 нь нийтийн албан тушаалтан байгаагаас долоо нь улс төрд нөлөө бүхий этгээд буюу УИХ-ын гишүүн, ЕТГ-ын дарга асан нэг, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, төрийн нарийн бичгийн дарга асан нэг, аймгийн ИТХ-ын дарга нэг, аймаг, сумын Засаг дарга гурав, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, гаалийн улсын байцаагч 20, хил хамгаалах байгууллагын тав, Авто тээврийн үндэсний төвийн дөрөв, нийгмийн даатгалын байцаагч нэг, аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын даамал хоёр, Боомтын захиргааны дарга, мэргэжилтэн хоёр, Эрдэнэс Тавантолгой компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 10, Тавантолгой ХК-ийн албан тушаалтан 14, Тавантолгой түлш компанийн албан тушаалтан тав, Тавантолгой төмөр зам ХХК-ийн албан тушаалтан тав, бусад хуулийн этгээдийн албан тушаалтан 15, иргэн 28 шалгагдсан байна.

Эдгээр яллагдагчаас 20-ыг нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаснаас одоо гурав нь цагдан хориотой байна. Улсын хилээр гарахыг хязгаарласан 57, албан үүргээ биелүүлэхийг нь түдгэлзүүлсэн тав, хувийн баталгаа авсан 38 яллагдагч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 20 тэрбум орчим төгрөгийн хахууль авсан болох нь тогтоогдож, мөнгийг хураан авч шалгалтыг тасралтгүй үргэлжлүүлж байна" гэсэн юм.

Д.Дулмаа

Санал болгох