АТГ: Цаашид үе үеийн Боловсролын сайд нарыг шалгана

2
2023 оны 5 сарын 222023-05-22
АТГ: Цаашид үе үеийн Боловсролын сайд нарыг шалгана

 

Боловсролын зээлийн сангийн талаар АТГ-аас мэдээлэл хийлээ. Тус газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Тэмүүлэн:

-Тухайн санд ажилладаг албан тушаалтнуудыг хэрхэн сонгож, томилсон болох нь тодорхойгүй. Ил тод байдлыг нь хангадаггүй. Тухайн сангийн ажлын байрны тодорхойлолтыг хангаагүй хүмүүсийг ажиллуулсан. Сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийг зөрчин өөрөө өөрсдөдөө нэмэгдэл болон урамшуулал олгох шийдвэр гаргадаг.

Өөрийн сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлүүлсний дараа барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх тухай өөрийн гарын үсэгтэй шийдвэрийг холбогдох бүртгэлийн хэлтэст хүргүүлдэг. Мөн гадаадад суралцагчдын зээлийг чөлөөлүүлэх тухай асуудлыг хуульд нийцүүлж хэрэгжүүлээгүй.

Жишээлбэл, 2011 оноос суралцагчдын сургалтын төлбөрийн зээлийг эргэн төлүүлэх, чөлөөлөх асуудлыг УИХ-аас журам гаргаж шийдвэрлэхээр хуульчилсан боловч Боловсролын асуудал эрхэлсэн сайд нар нь тушаал гаргаж зээл чөлөөлдөг байсан.

Мөн хууль зөрчиж чөлөөлсөн сургалтын зээл, түүний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлдэггүй. Нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлүүлдэг мөртлөө хугацаа нь дуусаагүй байхад нь зээлийн төлбөрөөс чөлөөлдөг. Захиалагч байгууллагадаа гэрээнд заасан хугацаанд ажиллалаагүй хүмүүсийг зээлээс чөлөөлдөг. Гадаадад суралцах суралцагчдад сургалтын төлбөрийг нь хувь дансаар нь шилжүүлдэг.

Мөн Боловсролын зээлийн сангаас хийгдэж байгаа гүйлгээг нягтлан шилжүүлдэггүй. Тухайлбал, тухайн сургуулиас нь нэхэмжлэл нь австрали доллараар ирсэн байхад америк доллараар шилжүүлдэг гэх мэт зөрчил гарсныг илрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор АТГ холбогдох зөвлөмжийг ЗГХЭГ, холбогдох Боловсролын яаманд нь хүргүүлсэн.

Үүнтэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгосон эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, зохих мэргэжилтэн бэлтгэхэд олгосон эсэхийг мөрдөн шалгах хэлтсээс шалгаад ажиллаж байна"  гэв.

Мөн АТГ-ын албаны дарга Б.Батбилэг, "Боловсролын зээлийн сангийн асуудал дээр хэрэг нээсэн байгаа. Тухайн Боловсролын сангийн зээлийн гүйцэтгэх удирдлагад холбогдуулан эрүүгийн хэрэг нээсэн. Цаашид Боловсролын сайдаар ажиллаж байсан үе үеийн хүмүүст холбогдуулан шалгана" гэсэн юм.

Д.Дулмаа

Санал болгох