Хөгжлийн банкны 4-ийн хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ

2022 оны 12 сарын 192022-12-19
Хөгжлийн банкны 4-ийн хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ

Хөгжлийн банкны гэх хэрэгт прокурорын байгууллага нийт 79 хүнийг яллагдагчаар татсан. Энэ дунд улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нар байгаа юм. Тэдэнд холбогдох хэргийг АТГ, цагдаагийн байгууллагын мөрдөгчид шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.

Улсын ерөнхий прокурорын зүгээс дээрх 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д 2022 оны дөрөвдүгээр сард танилцуулсан. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо шаардлагагүй гэж үзсэнээр МАН үндсэн дүрмийнхээ дагуу өөрийн гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг намаас хассанд тооцсон байгаа. Дээрх 4 гишүүн ямар хэрэгт холбогдсоныг танилцуулъя.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК нь Хөгжлийн банкнаас 33.15 тэрбум төгрөгийн зээл авсан. Тодруулбал УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх асуудал өнгөрсөн оноос эхлэн яригдсан. Тус компани нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн эгчийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд Г.Дамдинням гишүүн мөн бүртгэлтэй байгаад хасуулсан юм. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн тухайд “Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч, зээлээ зориулалт бусаар зарцуулсан хэрэгт шалгуулж буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг, тус банкны дэд бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын асан Б.Чойжилжалбуу нарт холбоотой үйлдлийг шалгах явцдаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг хамтатган шалгаж, яллагдагчаар татсан байдаг. Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл аваад зориулалт бусаар зарцуулсан, авсан мөнгөө хугацаанд нь төлөөгүй гэх хэрэгт холбогдсон дээрх компанийн захирлаас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг их хэмжээний хахууль авсан нь тогтоогдсон аж. Зарим мэдээллийн хэрэгслээр түүнийг 100 сая төгрөг жолоочоороо дамжуулж авсан хэмээн бичиж буй. Бидэнд олдсон мэдээллээр 100 000 ам.долларын хахууль авсан нь тогтоогдсон бөгөөд уг мөнгөөрөө Баянгол дүүргийн нутаг Төмөр замын төв буудлын ойролцоох орон сууцын хороололд байр авсан аж. Улмаар түүнийгээ авсан үнээсээ нэг дахин өндөр ханшаар борлуулаад, өөр нэг хороололд 350 сая төгрөгөөр орон сууц авсан үйлдэл нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн яллагдагчаар татах гол нөхцөлийг бүрдүүлсэн байна” гэж хэвлэлд бичиж байсан.

 

Мөн Н.Алтанхуягийн холбогдсон асуудлаар, “Хөгжлийн банктай холбоотой 1.3 их наяд төгрөгийн зөрчил дунд “Эрдэнэс МГЛ” компанийн чанаргүй зээлийн асуудал бий. Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд “Говийн зам” компанийн барьсан авто замыг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэж, векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зардлаа тухайн санхүүжүүлсэн төслийн орлогоос нөхөх ёстой байтал Засгийн газрын шийдвэрээр төсөл хэрэгжүүлсэн компанид бий болсон эрсдэлийг төр худалдан авсан” гэсэн байдаг.

Санал болгох