АНУ-ын эрдэмтэд халуун цөмийн урвалаар эрчим хүч гаргах чиглэлд дэвшил гаргаснаа зарлав

1
2022 оны 12 сарын 212022-12-21
АНУ-ын эрдэмтэд халуун цөмийн урвалаар эрчим хүч гаргах чиглэлд дэвшил гаргаснаа зарлав

Халуун цөмийн урвалыг ашиглан хязгааргүй, цэвэр эрчим хүч гаргах чиглэлд томоохон дэвшил гаргаснаа АНУ-ын эрдэмтэд зарлажээ.

Тухайлбал тэд урвалыг үүсгэхэд зарцуулснаасаа илүү их эрчим хүчийг гаргаж чадсан байна. Туршилтыг АНУ-ын Калифорни мужийн LLNL (Lawrence Livermore National Laboratory) лабораторид гүйцэтгэжээ.

“Энэ бол түүхэн амжилт. Сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд олон мянган хүний оруулсан хувь нэмрийн үр дүнд өнөөдөр бид энэ амжилтад хүрлээ” гэж тус лабораторийн захирал, доктор Ким Будил хэлсэн байна.

Халуун цөмийн урвал буюу цөмийн нэгдэх урвал нь нар болон бусад оддыг гэрэлтүүлж байдаг эрчим хүчний эх үүсвэр юм. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн дэлхий дээр нар бий болгохоор ажиллаж байна гэж хэлэхэд болно.

Цөмийн хуваагдах урвалыг ашиглан эрчим хүч гаргах аргыг өнөөдөр хүн төрөлхтөн хэрэглэдэг. Гэхдээ үүний үр дүнд урт хугацаанд цацраг ялгаруулдаг хортой хог хаягдал үүсэх аюултай юм.

Харин нэгдэх урвалаар богино настай цацраг идэвхт хаягдал үүсдэг тул хүлэмжийн хий ялгаруулалгүйгээр бараг хязгааргүй эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Халуун цөмийн урвалаас эрчим хүч гаргахад тулгардаг хамгийн том бэрхшээл нь маш өндөр температур, даралтыг бий болгох юм.

Өнөөдрийг хүртэл үүнд зориулсан эрчим хүч нь гаргаж авах эрчим хүчний хэмжээнээсээ үргэлж өндөр байжээ.

Сүүлийн туршилтаар 15-20 данхтай ус буцалгах хэмжээний эрчим хүчийг халуун цөмийн урвалаар гаргаж чадсан байна. Гэхдээ энэ нь маш том амжилт бөгөөд ирээдүйн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоход нэг алхам ойртож байна гэсэн үг юм.

LLNL лаборатори энэхүү туршилтдаа $3.5 тэрбумыг зарцуулжээ. Туршилтын үеэр жижиг капсултай устөрөгчийг 192 ширхэг лазерын үүсгүүрээр шарах замаар Цельсийн 100 сая хэм хүртэл халааж, дэлхийн агаар мандлын даралтаас 100 тэрбум дахин өндөр даралт үүсгэсэн байна.

Үүний үр дүнд капсул дотор устөрөгчийн атомууд нэгдэх урвал явагдаж, эрчим хүч ялгаруулж эхэлжээ. Гэхдээ халуун цөмийн урвалаар гаргаж авсан эрчим хүчийг амьдралд нэвтрүүлэхэд дахиад хэдэн арван жилийн судалгааны ажил шаардагдах гэнэ. Үүнд гол бэрхшээл нь зардлыг бууруулж, гаргах эрчим хүчний хэмжээг өсгөх юм байна. Энэ талаар цахилгаан станцын хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг болоход “дахиад цөөн арван жилийн хүчин чармайлт, их хэмжээний хөрөнгө оруулалт” шаардлагатай гэж доктор Будил дүгнэжээ.

Санал болгох

Монгол Улсын ирээдүйн инженерүүдийг эрж байна

NTV телевиз Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Инновацын Эзэд” хэмээх нэвтрүүлгийг залуу зохион бүтээгчид, ирээдүйн инженерүүд, инновациар түүчээлэгч хүүхэд залуусын дунд 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа ажээ

1 сарын өмнө
Дэлхийн шинжлэх ухаан, технологийн анхны музей нээгдлээ

Дэлхийн интернет, технологийн музей Ү Жэнь хотод өчигдөр /2023.11.07/-нд нээгдлээ. Энэ нь интернетээр гол болгосон шинжлэх ухаан технологийн анхны томоохон музей юм.

5 сарын өмнө
ЗӨВЛӨГӨӨ | Байршил тогтоох аппликэйшн нь дата шаардахгүй ч байдаг

Эцэг эхчүүд хүүхдийнхээ хаана явааг харах, хянахын тулд аппликейшн, симтэй цаг, блютүүт чихэвч, apple-ийн airtag зэргийг ашигладаг байна

6 сарын өмнө