Хүн бүр 3 үгт хаягтай болох хэрэгтэй байна

2024 оны 7 сарын 232024-07-23
Хүн бүр 3 үгт хаягтай болох хэрэгтэй байна

Их Британи улсад амжилттай нэвтрүүлээд байгаа хаяг байршлыг нарийвчлалтай, шуурхай тогтоох "what3words" буюу 3 үгт хаягжилтын системийг 2020 онд Онцгой байдлын ерөнхий газар гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Монголын өргөн уудам нутагт аюул, осолд орсон хүний байршлыг цаг алдалгүй тогтоох нь чухал. Тодорхой хаяггүйгээр хүн олох нь хэцүү. Байгаль, цаг агаарын дулаарлаас шалтгаалаад гамшиг аюулт үзэгдэл, ослын тоо төдийлөн буурахгүй байгаа нь жил бүрийн гамшгийн статистик тоон үзүүлэлтээс харагдаж байна. Онцгой байдлын албанд жилд 4000-5000 дуудлага ирдэг. Үүний 40 хувийнх нь хаяг, байршил тодорхойгүй байдаг аж.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд 3 үгт хаягийн систем нэвтрүүлснээр аюулд орсон, гамшигт нэрвэгдсэн хүний байршлыг төвөггүй олох боломж бүрджээ. Гэвч монголчууд үүнийг өргөн хэрэглэхгүй, надад гамшиг тохиолдохгүй гэсэн байдлаар тоохгүй байна. Шуурганд төөрөх, цас, шаварт суух, үерт боогдох гээд хэнд ч, хэзээ ч, юу ч тохиолдож мэднэ. Тэр үед амиа авруулах боломжийг хүн бүр өөртөө бүрдүүлэх хэрэгтэй. Яг хаана байгаагаа тодорхой мэдээлбэл таныг хурдан олно. Хэлж чадахгүй бол таныг хайсаар цаг алдана. Амьгүй болсон хойно чинь биш, амьд байхад чинь олох нь чухал. Үүний тулд яг одоо гар утсаа аваад, "what3words"-ыг татаарай. 

"what3words" компанийн 3 үгт хаягжилтын систем нь Дэлхийн газрын гадаргууд 3х3м хэмжээтэй торлол үүсгэн, дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй 3 үгээр хаягжуулсан байдаг. Жишээлбэл: наадамч.номын.азтаны гэх мэт. Тус системд 3 үгт хаягийг 45 орны хэлээр ашигладаг тул Монгол Улсад зорчиж яваа гадаадын жуулчид ч хаяг байршлаа төвөггүй мэдээлэх боломжтой. 3 үгт хаягаа мэссэжээр илгээх эсвэл утсаар хэлэхэд л болно.  

Онцгой байдлын албанаас тусламж хүсэж байгаа хүн хаяг байршлаа тодорхой мэдэхгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд 3 үгт хаяг ашиглах боломжтой. Ухаалаг гар утсан дээрээ үүнийг татаж суулгана. Ингээд интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд  “what3words” аппликэйшнээс 3 үгт хаягаа илгээнэ. Энэ аппликэйшнийг яг одоо гар утсандаа татаж суулгахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.

3 үгт хаяг 1.jpeg

Монгол Улс Азидаа "what3words"-ыг ашигласан анхны орон юм. Хэзээ, хаана надад яаралтай тусламж хэрэг болохийг мэдэхгүй. Аюул тохиолдоход яг хаана байгаагаа хэлж мэдэхгүй бол аврагдах боломж байхгүй гэсэн үг. Тийм учраас үнэгүй "what3words"-ыг хэрэглэхийг зөвлөж байна. Үүнийг ашиглахад маш хялбар. 3 үгт хаягаа мэссэжээр илгээх ч боломжтой. Тиймээс сонсголын бэрхшээлтэй хүн ч ашиглаж болно. 

"what3words"-ыг 2013 онд Англи улсын Лондон хотод үүсгэжээ. Үүнийг гар утасны үнэ төлбөргүй апп болон онлайн газрын зургийн тусламжтайгаар 45 хэл дээр хэрэглэнэ. Зөвхөн гамшиг гэхгүй, хаяг байршил заасан ямар ч үйл ажиллагаанд 3 үгт хаягаа ашиглах боломжтой. Тус системийг "Mercedes-Benz", "Lonely Planet" зэрэг олон улсын нэр хүндтэй компани, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, "Монгол шуудан" компани, Худалдаа хөгжлийн банк гэх мэт бараг бүх байгууллага ашиглаж байна.

Санал болгох