"Тархинд үйлдвэрлэв" буюу оюун ухаанаа олборлохуй

1
2022 оны 12 сарын 212022-12-21
"Тархинд үйлдвэрлэв" буюу оюун ухаанаа олборлохуй

Программ бүтээх ил тод, чөлөөт өрсөлдөөнд тавтай морил!

2022.12.20. Энэ өдөр Монголд анх удаа программ хангамжийн их дэлгүүр үүдээ нээлээ. Монголын программ хангамжийн нэн шинэ түүхэнд нэгэн шинэ хуудас эргэв. Монгол улс газрын хэвлийгээс эрдэс түүхий эд олборлож ирсэн Minеgolia-гаас монгол хүний оюун ухааны далайгаас эрдэнэс баялаг олборлох Mindgolia-гийн эрин үед алхан орж байна.

Программ үйлдвэрлэгчид Монголын уураг тархи байж, монголчууд илдийн хурцаар биш эрдэм ухаанаар дэлхийг дайлах шинэ түүхийн туг нь болно.

Программ хангамжийн салбарыг хөгжүүлэхэд бидэнд юу саад болж байна вэ?

Дижитал технологи, цахим засаглалаа хөгжүүлэхэд бидэнд юу саад болж байна вэ? Бид энэ дэлхийн аль хавьцаа явж байгаа вэ? Хаана байгаагаа мэдвэл хаашаа, ямар хурдаар явахаа мэдэж болно. Бид өөрсдийгөө биш, дэлхий биднийг хэрхэн дүгнэж байна вэ?

НҮБ-ын гаргадаг цахим засаглалын индексээр Монгол улс сүүлийн 2 жилд 92-р байрнаас 74-р байр хүртэл 18 байраар ахиж томоохон амжилтад хүрсэн нь төрийн үйлчилгээтэй холбоотой индекс. Багагүй амжилт, чамгүй ахиц боловч хийснээсээ хийх нь, шийдсэнээсээ шийдэх нь илүү их байгааг илтгэж байна. Харин Швейцарын IMD байгууллагын гаргадаг Дижитал өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс 2-р байранд орж байна. Харамсалтай нь урдаас нь биш араас нь тоолбол 2-р байр. 63 орноос 62-р байранд орж байна. Энэ бол Мэдээллийн технологи, программ хангамжийн үйлдвэрлэл, инновацтай холбоотой үзүүлэлт юм.

Оюун ухаанаа олборлох салбар

Нүсэр том барилгагүй, урт бүдүүн яндангүй, тийм ч учраас нүдэнд өртөж, гарт баригддаггүй боловч сүүлийн жилүүдэд программ хангамжийн үйлдвэрлэлийн бүхэл бүтэн цоо шинэ салбар хүч түрэн гарч ирлээ. Программ хангамжийн үйлдвэрлэлийн салбарт 300 гаруй монгол компани, 2000 гаруй монгол залуус оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөж, бүтээж, боловсруулж, шийдэж байна.

Эрх чөлөөндөө эзэн нь болсон Та бүхний чөлөөт өрсөлдөөн зах зээлээ хөгжүүлж, компаниуд төрж бойжиж, төрөлжиж мэргэшиж, томорч нэгдэж, хамтарч нийлж эхэлсэн байна. Эрүүл мэнд, боловсрол, Fintech, Крипто бүтээгдэхүүн, Цахим худалдаа, Кибер аюулгүй байдал, Blockchain, AI гэх мэт бүх салбарт төрөлжсөн гарааны компаниуд үүсэн бий болж өсч бойжицгоож байна. Энэ салбарт өрсөлдөх чадвараа дээшлүүлж, чадал тэнхээ сууж, зах зээлээ өргөтгөн тэлэх үндэс болсон төрөлжин мэргэших, нэгдэн нийлэх үйл явц, үзэгдэл эрчтэй явагдаж байна. Өндөр хурдны салбар өөрөө өндөр хурдтай өөрчлөлт, идэвхтэй хөдөлгөөн дунд өсч тэлж байна.

Монгол залуус, монгол хүний оюун ухаанаар бүтсэн программууд олон улсын зах зээлд үнэ цэнэ, өртөг шингээн, үнэлэгдэн нэвтэрч эхэллээ. Callpro Киргизстанд, Fibo cloud Казахстанд анхны гэрээнүүдээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн амжилт түүхэнд тод үсгээр бичигдэн үлдэх болно. Монголчууд зөвхөн нүүрс зардаггүй. Монгол хүний оюуны чадавхыг хүлээн зөвшөөрүүлж, үнэлүүлж цэгнүүлж чадсан амжилтаас илүү их үйл хэрэг төрөн гарна гэдэгт итгэл дүүрэн байна. Үндэсний томоохон компаниуд программ хангамжийн гарааны компаниудыг дэмжин венч хөрөнгө оруулалт хийж, хувь эзэмшин хувьцааг нь худалдан авах болсон нь салбарын өсөлтийг тодорхойлж, ирээдүйг нь улам баталгаажуулж байна. Гарааны компанийг хөгжлийн эхэн үед нь дэмжиж бойжиход нь мэргэжлийн туслалцаа үзүүлдэг төрөлжсөн хурдасгуур, ко-воркерууд олноор гарч ирж байна. Мэргэжлийн холбоод төрөлжин байгуулагдаж, санал бодол, эрх ашиг, шийдлүүд, дуу хоолойгоо төр засаг, нийгэм, олон нийтэд хүргэж байна.

Төрөөс үүсгэсэн зохиомол садаа

Оюун ухаанаа олборлох салбарын ихэнх компани төсөв, зээл, тусламжийн хөрөнгөөр зарласан тендерт оролцох хүсэлгүй. Энэ нь программ хангамжийн хамгийн том худалдан авагч болсон төрөөс хүндрэл, бэрхшээл үүсгэдэг учраас тэр. 2012-2021 онд 12 яам, 13 агентлаг, тэдгээрийн харъяа 33 байгууллага 919,1 тэрбум төгрөгийг программ хангамж, тоног төхөөрөмж, сервер худалдан авахад зарцуулсан байна. Мөн 2022-2024 онд төрийн 106 байгууллага 357 төсөл хэрэгжүүлэхэд ₮997,8 тэрбум буюу нэг их наяд орчим төгрөгийн хөрөнгө санхүүжилт хэрэгцээтэй гэж үзсэн байна. Энэ зах зээлд төр хамгийн том худалдан авагч, хамгийн том хөрөнгө оруулагч, хамгийн том тоглогч хэвээр байна. Төр эрүүл бол зах зээл эрүүл болно. Төр ухаалаг бол зах зээл ухаалаг болно. Төр нээлттэй бол зах зээл нээлттэй байна. Ухаалаг технологийн зах зээлд ухаалаг худалдан авалт үгүйлэгдэж ирсэн. Төсөв, зээл, тусламжаар хийгдсэн 2 их наяд төгрөгийн худалдан авалт үр ашигтай, өгөөж тустай байж чадаж байгаа юу? гэвэл үгүй. Тэгвэл яагаад энэ их хөрөнгө тус биш ус, нэмэр болохоосоо нэрмээс, хурд биш түгжрэл нэмдгийг задлан хөндье.

Программ хангамжийн худалдан авалтыг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, Сангийн яамны баталсан журмын дагуу зохион байгуулж байна. Хэдийгээр www.tender.gov.mn хуудас “Цахим дэлгүүр” гэсэн цэстэй болсон нь ахиц дэвшил боловч цаг үеийн хэрэгцээ шаардлага, үйлдвэрлэл, зах зээлийнхээ өсөлттэй харьцуулбал чамлахаар байна. Бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, том супер маркетийн булан дахь бяцхан лангуу шиг байна. Хувийн хэвшилд нээлттэй бус, тогтмол захиалгаар бэлэн программ хангамж худалдан авах нь маш цөөн байна. Хоёр их наяд төгрөг гарган, программ хангамж авахдаа ганцхан лангуу, жижигхэн цонх нээсэн байна гэсэн үг.

Мэргэжлийн бус захиалга

Төр өөрөө систем хөгжүүлж, хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг. Хувийн хэвшлийн хүний нөөцийг булаадаг. Төрийн байгууллага юу хүсч, юу захиалахаа тэр бүр мэддэггүй. Мэргэжлийн бус захиалагч. Зөвхөн өөртөө зориулсан тусгай бүтээгдэхүүн захиалдаг. Бусад байгууллага авч ашиглаж болдоггүй, бусад системтэй холбогддоггүй. Сүлжээгүй, эсвэл апп татаж болдоггүй гар утас, интернэтэд холбогддоггүй, өөр систем дээр ажилладаггүй компьютер зүгээр л үзмэр болохтой адил. Салангид тусдаа программ нь хөгжүүлэлтийн зардлыг нэмэгдүүлж, цаг хугацааг иддэг. Мөн тендерт цөөн хэдэн томоохон компани ахин дахин ялаад байдаг. Энэ нь жижиг, шинэ гарааны компаниуд бүтээгдэхүүнээ борлуулж, хүлээн зөвшөөрөгдөж, өсч хөгжих боломжийг боомилдог. Стартап компаниуд хүлээн зөвшөөрөгдөх, шинийг бүтээх амбиц, хүсэл тэмүүллээр дүүрэг байдаг. Цөөхөнд нь хожоотой, олонход нь хортой ийм нөхцөл чөлөөт өрсөлдөөний агуу их боломжийг алдагдуулдаг. Төр систем хөгжүүлэгчээс эх код, оюуны өмч нэхдэг.

Төрийн байгууллагуудын боловсруулсан мэргэжлийн бус ажлын даалгавар ямар хүндрэл бэрхшээл үүсгэдгийг энгийн ганц жишээн дээр тайлбарлая.

Бидний зорилго А цэгээс Б цэгт хүрэх гэж бодъё. А цэгээс Б цэгийн хооронд өндөр хурдны засмал, шавар шавхайтай бартаат зам, өндөр уул, гүн нуур байгаа. Тэгвэл төрийн байгууллагууд засмал замаар яг феррари шиг давхидаг, шавар шороог ланд круизер шиг туулдаг, нуур намгийг газар уснаа явагч шиг нэвт гардаг, өндөр уулан дээгүүр нисээд өнгөрдөг супер төхөөрөмж захиалдаг. Хүн мөрөөдөхдөө мөнгө төлдөггүй. Харин төр мөрөөдөхдөө мөнгө төлдөг. Тэгэхдээ татвар төлөгчдийн мөнгийг төлдөг. Биелшгүй мөрөөдлөө хүний мөнгөөр хүүдэгнэн захиалдаг, мэргэжлийн бус, зах зээл дээр массаар үйлдвэрлэх боломжгүй зүйл хүсч тулгадаг. Нисдэг, шумбадаг, уралддаг, бэрхийг туулдаг, аягүй бол бууддаг, бөмбөгддөг, бүр эвхэгддэг Болтрон хийлгэхийг хүссэн мэргэжлийн бус хүний уран зөгнөл, агуу гэнэн мөрөөдлийг биелүүлэх даалгаврыг бодит амьдрал дээр 5-7 хүнтэй баг л хийх болдог. Машин авахдаа Тоёотагаас зөвхөн надад зориулсан ганцхан загвар үйлдвэрлэж өг гэж шаардаж байна гэсэн үг. Эсвэл Apple Samsung-аас ганцхан хувь тусгай загварын утас, цаг, айпад авъя гэж очсоноос зарчмын ялгаагүй. 1-рт, бодит боломжоос хэтэрсэн, илүүц, биелшгүй даалгавар. 2-рт, өөр хэнд ч хэрэгцээгүй, хэзээ ч олноор үйлдвэрлэгдэхгүй, update хийгдэхгүй, өсч хөгжихгүй, зах зээл захиалахгүй бүтээгдэхүүн. Ийм системийг хэрэглэхээсээ хөгжүүлэхэд маш их цаг, хүч зарцуулахад хүрдэг. Худалдан авагч өөрийн хэрэгцээ шаардлагадаа тохируулж, Приус, Раав, Альпард, Ланд Круизер зэргээс сонгож авдаг нь хэн бүхэнд ойлгомжтой. Гэтэл төрийн худалдан авалт ийм эрүүл хэвшиж тогтсон, энгийн ойлгомжтой хэм хэмжээний эсрэг байх нь олон.

Аливаа байгууллага үнэхээр шинэчлэгдэж цахимжъя гэвэл үйл ажиллагаагаа шинэчилж ре-инженеринг хийх ёстой. Гэтэл уламжлалт одоогийн үйл ажиллагаагаа автоматжуулахыг шаарддаг. Уламжлалт арга процедурыг автоматжуулах нь үр дүнгүй, өөрчлөлт, шинэчлэлд хүргэхгүй. Хуучны өнгөт зурагтыг автоматжуулаад лед дэлгэцтэй, ой санамжтай болохгүйтэй адил. Хуучин суурин дээр шинийг босгох боломжгүй юм.

Mindgolia систем яагаад хэрэгтэй вэ?

Төрөөс хувийн хэвшлийн үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүнийг шууд худалдан авна, аутсорсингийг өргөн ашиглана. Програм хангамжийн салбарт ауторсинг хийх нь дэлхий нийтээр хэрэглэдэг шалгарсан арга юм. Клауд шийдэл. Mindgolia цахим дэлгүүрийг үе шаттайгаар ҮДТ-ийн үүлэн платформд байрлуулснаар дараах давуу тал үүснэ:

Хөгжүүлэлт гэж цаг алдахгүйгээр бэлэн бүтээгдэхүүнийг шууд сонгон авах боломжтой. Нэг бүтээгдэхүүнийг олон дахин ашиглах тул нэгжийн өртөг буурна. Бэлэн бүтээгдэхүүнийг шууд нэвтрүүлснээр цаг хэмнэж, бүтээмж өснө. Програм хангамжийн компани зах зээлд инноваци шингэсэн илүү олон бүтээгдэхүүн гаргаж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломж бүрдэнэ. Чөлөөт өрсөлдөөний үр дүнг хүртэнэ.

Mindgolia.mn нь олон төрлийн бараатай, тэдгээр нь үнэ, чанар, зориулалт, баталгаа, найдвартай, аюулгүй байдал, хэрэглэж ашиглахад хялбар эсэх гэх зэрэг олон үзүүлэлтээр өрсөлддөг өргөн сонголттой дэлгүүр юм. Энд бүгдийг нэг дороос харьцуулан сонгох боломжийг бүрдүүлнэ.

Эндээс бүтээгдэхүүн худалдаж авах нь гар утсан дээрх App store нээж апп татаж авахтай зарчмын хувьд яг адилхан. Олон апп-уудын аль нь өөрт илүү тохиромжтой, хэрэглэхэд амар, аюулгүй, боломжийн үнэтэй байна, түүнийг сонгож татдаг шиг энгийн зарчим дээр энэ их дэлгүүр ажиллана.

Бэлэн бүтээгдэхүүн үйлчилгээ худалдаж авахдаа ерөнхий гэрээгээр subscription based худалдан авалт хийнэ.

Цаашид төр хувийн хэвшил, програм үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхгүй. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхийн оронд, нэг халааснаасаа нөгөө халаас руугаа мөнгө шилжүүлэхийн оронд ухаалаг, эх оронч худалдан авалт хийнэ. Монгол компаниудын ашиг орлого өсч, эдийн засгаа тэлж тэтгэнэ.

Төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа зориулсан “өнчин”, өөр хаана ч байхгүй систем бүтээлгэхгүй. Зах зээлд нэгэнт нэвтэрсэн, туршигдсан, батлагдсан бэлэн сайн бүтээгдэхүүнийг ашиглан үйл ажиллагаандаа ре-инженеринг хийдэг болно.

Cloud App Store дээр тухайн төрийн байгууллагын үйл ажиллагаанд ре-инженеринг хийгээд ч тохирох бүтээгдэхүүн байхгүй онцгой тохиолдолд төрөөс шинэ бүтээгдэхүүн захиалж болно.

Cloud App Store дээр байршуулах бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулах ажлыг мэдээллийн технологийн мэргэжлийн холбоо болон программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран хэрэгжүүлнэ. Төрийн үнэлгээнээс мэргэжлийн холбоодын үнэлгээ илүү мэргэжлийн, илүү хараат бус, илүү шударга байна.

Программ хангамжийн худалдан авалтад 24 цаг гэрэл асна. Хүн бүрийн нүдний өмнө, алган дээр нь дэлгэж тавина. Нээлттэй зах зээл, чөлөөт өрсөлдөөн, харьцуулсан сонголт давхардал хийдэл, хүнд суртал, үргүй зардал, авлига, хахуулийн уг үндсийг тасална.

Төрийн нэг байгууллагын олон тэрбумаар авсан программыг өөр байгууллага олон дахин хямд үнээр авдаг давхардал, будилаан дахин гарах боломжгүй болно.

Төр бол том дүр зургаараа нэг л байгууллага. Нэг банкны салбар болгон тус тусдаа программ авчихвал хоорондоо нэгдсэн системгүй, утга учиргүй зүйл болно. Тэгвэл төр хоорондоо холбоо сүлжээгүй, давхардал хийдэл, санаатай санаагүй алдаа замхрал гаргахыг таслан зогсоох ухаалаг шийдэл бол Mindgolia программ хангамжийн их дэлгүүр болж байна.

Дэлгүүр нээгдэхийн өмнөх туршилтын хугацаанд 21 аймгийн 248 сургууль хэрэглэснийхээ хэрээр төлбөрөө төлөх нөхцөлтэйгөөр 5 төрлийн систем худалдаж авсан байна. Эдгээр сургуулиуд тус тусдаа уг бүтээгдэхүүнийг авсан бол хэд дахин үнийг урьдчилан төлж байж авах байсныг хэмнэсэн нь программ хангамжийн их дэлгүүрийн ач холбогдол, эрэлт хэрэгцээг нотолно.

Mindgolia дэвшилтэт тогтолцоогоор төр захиалж хийлгэсэн системийнхээ эх код, оюуны өмчийг шаардахгүй байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх болно. Бид төлбөрийг нь төлөөд Windows, Zoom, ios, эсвэл ФБ, жиргээ ашиглаж, update хийлгээд үйлчлүүлдэг. Цүкеберг, Элон Маск, Жак Магаас оюуны өмчийг нь нэхдэггүй. Оюуны өмчийнх нь түлхүүрийг гар дээрээ авлаа гээд засч, хөгжүүлж чадах ч үгүй. Оюуны өмчөө бүтээсэн компани нь өөрөө эзэмшиж, дотоод гадаадын зах зээлд Cloud App Store-оор борлуулан, нэмж ашиг олно. Программ хангамжийн монгол компаниудын нэр хүнд, үнэлгээ өсч, бүтээгдэхүүнээ улам боловсронгуй болгон төгөлдөржүүлэн хөгжинө. Програм хангамжийн экспорт нэмэгдэж, дэлхийд монгол инженерүүдийн оюуны бүтээл экспортод гарна. Газрын дороос биш ухааны ундаргаас олборлосон бүтээгдэхүүнээр доллар, евро, иен, вон, юань, паунд олно. Дотоодод үр дүнтэй өргөн хэрэглэж байгаа дэвшилтэт систем, програм хангамжийг Mindgolia-гоор таниулан олон улсад сурталчилах боломж нээгдэнэ. Mindgolia Монголын программ хангамжийг танилцуулах хил хязгааргүй, цаг хугацаа, орон зай огтоос хамаарахгүй үргэлж нээлттэй үзэсгэлэнгийн танхим байна.

Гарааны компаниудын бүтээгдэхүүнийг Монголын төр худалдан авч хэрэглэгч нь болж, өсөн бойжих өргөжин томрох амжилтын түүхийг нь хамтдаа бүтээлцэнэ.

Бурууг нурааж, зөвийг бүтээх технологийн шийдлүүд

Төр, хувийн компаниудын нэгдэл, иргэдийн хамтын оролцоотой нүүрсний цахим бирж байгуулж, газрын баялгийг хэн, хэдээр, хэзээ, хэрхэн, хэдийг худалдан авч байгааг олон нийтийн өмнө ил болгож, хулгайд нуугдах булан, гишгэх газар үлдээхгүй болгох шинэ санаачилгыг ажил болгохын төлөө байна. УИХ дээр Уул уурхайн биржийн тухай хуулийг хэлэлцэж, эх орны үүц баялгийг иргэдийнхээ нүд цавчихгүй, шударга хараа хяналтад оруулах эрх зүйн үндсийг бий болгох гэж байна. Төр хувийн хэвшлийн хамтран хөгжүүлсэн систем ирэх оны эхний өдрөөс ажиллаж, нүүрс болон бусад эрдэс баялгийг олборлохоос борлуулах, тээвэрлэх бүх шатыг цахим технологиор үргэлж нээлттэй байлгана. Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. Технологийн шийдэл, инженерийн сэтгэлгээгээр нүүрс, баялгийн хулгайн уг үндсийг таслах болно. Зөвхөн программ хангамж бус төрийн худалдан авалт, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах бүх шатанд 24 цагаар гэрэл тусгах гараа болж байна. Бурууг үндсээр нь нурааж, зөвийг сууриар босгох эрхэм зорилго, технологийн гарц шийдлийн бодит гараа болж Mindgolia программ хангамжийн их дэлгүүр нээгдлээ. Программ хангамжийн их дэлгүүр бол “Цахимаар засъя!” хэмээх мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарынхны гарын үсэг зурсан уриалга, хүсэл зоригийн бодит эхлэл юм.

Welcome to Mindgoila. Mining the mind. Монголын анхны цахим их дэлгүүр тавтай морилогтун! Монгол үндэстэн 21-р зуунд илдийн хурцаар биш эрдэм ухаанаар дэлхийн тавцанд эргэн ирэхийн ерөөл тавья!

Нийтлэл бичсэн УИХ-ын гишүүн, ЦХХХ-ы сайд Ням-Осорын Учрал

 

Санал болгох

Монгол Улсын ирээдүйн инженерүүдийг эрж байна

NTV телевиз Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Инновацын Эзэд” хэмээх нэвтрүүлгийг залуу зохион бүтээгчид, ирээдүйн инженерүүд, инновациар түүчээлэгч хүүхэд залуусын дунд 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа ажээ

1 сарын өмнө
Дэлхийн шинжлэх ухаан, технологийн анхны музей нээгдлээ

Дэлхийн интернет, технологийн музей Ү Жэнь хотод өчигдөр /2023.11.07/-нд нээгдлээ. Энэ нь интернетээр гол болгосон шинжлэх ухаан технологийн анхны томоохон музей юм.

5 сарын өмнө
ЗӨВЛӨГӨӨ | Байршил тогтоох аппликэйшн нь дата шаардахгүй ч байдаг

Эцэг эхчүүд хүүхдийнхээ хаана явааг харах, хянахын тулд аппликейшн, симтэй цаг, блютүүт чихэвч, apple-ийн airtag зэргийг ашигладаг байна

6 сарын өмнө