Украинд АНУ-аас олгож буй патриот агаарын довтолгооноос хамгаалах систем

2022 оны 12 сарын 272022-12-27
Украинд АНУ-аас олгож буй патриот агаарын довтолгооноос хамгаалах систем

Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-д айлчлах үеэр буюу энэ сарын 21-ний өдөр Украинд олгосон 1.8 тэрбум ам.долларын цэрэг, эдийн засгийн тусламжийн багцад агаарын довтолгооноос хамгаалах дэвшилтэт Патриот (Patriot) систем багтсан юм.

Патриот нь нисэх онгоц, далавчит пуужин, ойрын зайн баллистик пуужингийн эсрэг газар-агаар ангиллын залуурт пуужингийн систем бөгөөд 1980-аад оноос ашиглаж ирсэн. Тухайлбал, байг илрүүлж, мөрдөх радар; холбоо, харилцааны хэрэгсэл; удирдлага, хяналтын станц; пуужин харвах суурь гэсэн дөрвөн үндсэн багцаас бүрдэх харилцан уялдсан, аюулгүй, нэгдмэл, хөдөлгөөнт систем аж. 

Тус системийн үндсэн зориулалт нь анх баллистик пуужингийн эсрэг байсан бөгөөд түүнд олон удаагийн хөгжүүлэлтийг хийж чадавхыг нь сайжруулсаар ирсэн. Үйлдвэрлэгч АНУ-ын Рэйтион (Raytheon) компани системийг 2048 он, түүнээс цааш зэвсэгт хүчнүүдэд ашиглагдах боломжтой гэж мэдэгдсэн. Одоогоор системийг НАТО-гийн зүүн хил болох Польш улс, түүнчлэн Герман, Япон, Израил зэрэг дэлхийн 17 улс худалдан авч ашиглаж байна.

Патриотын радар нь 150 орчим км-ийн цаана байх 50 гаруй агаарын байг нэгэн зэрэг хяналтад байлгаж, 70 гаруй км зайд пуужингаар байг устгана. Пуужин нь 5.2 метр урттай, 320 кг жинтэй,15-23 км-ийн өндөрт харвах чадвартай бөгөөд 5000 км цагийн хурдтай нисдэг. АНУ-ын хуурай замын хүчин уг системийг өргөн ашигладаг бөгөөд Патриот системийг цаг агаарын ямар ч нөхцөлд, агаарын ямар ч аюулыг таслан зогсоодог, практикт шалгарсан хамгийн дэвшилтэт агаарын довтолгооноос хамгаалах систем гэж үздэг. Одоо АНУ-ын хуурай замын хүчинд 16 Патриотын батальон байгаа гэж үздэг. Эдгээрт 50 батарей байна гэж үзвэл нийт 1600 пуужингийн систем байгаа юм байна.

Үйлдвэрлэгч Рэйтион компани “Патриот нь 2015 оноос хойш 150 баллистик пуужинг амдан сөнөөсөн, ашигт үйлийн коэффициент 70-80 хувьтай” гэж мэдэгддэг. 

АНУ-ын цэргийн шинжээч, бэлтгэл хошууч генерал Жэймс “Украинд одоо ашиглаж байгаа агаарын довтолгооноос хамгаалах системүүдээс Патриотын тусгал улам цэцэн болж хөнөөл учруулах түвшин нэмэгдэнэ. Газар орон дээр ямар объектыг хамгаалахыг хүсэж байгаагаа тухайлан сонгох л шаардлагатай” гэсэн бол Стратеги, олон улс судлалын төвийн мэдээлэлд “’Патриотын системийн агаарын объектыг хянах, мөрдөх, устгах бүх үйл ажиллагаа нь нэг багц учраас бусад агаарын довтолгооноос хамгаалах системээс илүү. Ирж буй агаарын аюулд хариу цохилт өгөх үйл ажиллагаа нь үндсэндээ бүрэн автомат учраас ажиллуулж буй хүн зөвхөн пуужин харвах товчлуур дарахад л хангалттай” гэжээ.

Орос-Украины дайн эхэлснээс хойш Украин АНУ-аас алсын тусгалтай, дэвшилтэд агаарын довтолгооноос хамгаалах систем авах хүсэлт гаргасаар ирсэн. АНУ-ын БХЯ сүүлийн үед ОХУ Украины томоохон хотуудын ус, дулаан, цахилгааны дэд бүтцэд өргөн хэмжээний пуужин, дроны цохилт өгч буй дайны өнөөгийн нөхцөл байдал энэхүү тусламжийг олгоход нөлөөлсөн гэж мэдэгдэв.

АНУ-аас Патриотын нэг батарей (харвагч тус бүр нь 4, нийт 32 пуужинтай, 8 харвагчтай) өгч байгаа бөгөөд нэг батарейг ажиллуулахад 90 цэрэг шаардлагатай байдаг. Уг систем дээр ажиллах америк цэргийг 1 жилийн хугацаанд сургалтад хамруулдаг байна. Украины уг систем ажиллуулах бүрэлдэхүүнийг Германы Графенвоер дахь АНУ-ын хуурай замын цэргийн баазад сургалтад хамруулах юм байна.

Патриот системийг Украинд өгч буй талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас энэ сарын 15-ны өдөр “АНУ-ын зүгээс нөхцөл байдлыг хурцатгаж буй алхам бөгөөд Москвагийн зүгээс хариу арга хэмжээ авахад хүргэнэ”, В.Путин “Энэ бол манай С-300 систем шиг ажилладаггүй хуучин систем. Бид асуудлыг авч үзнэ. Хариу арга хэмжээ байнга л байдаг” гэж мэдэгдсэн байна.

Стратеги, олон улс судлалын төвийн Пуужингийн хамгаалалтын төслийн ахлагч Том Карако “Патриот систем нь өнөөдөр байгаа хамгийн найдвартай, хамгийн өргөн ашиглагдаж байгаа агаарын довтолгооноос хамгаалах систем юм. Баллистик пуужингийн агаарын довтолгооноос хамгаалах чадавх нь Украиныг Иранаас нийлүүлэх баллистик пуужингаас хамгаалах боломжтой” гэж мэдэгдсэн. 

Зарим ажиглагчдын үзэж байгаагаар Орос-Украины дайнд энэ системийн үр нөлөө хязгаарлагдмал бөгөөд дайны явцад зарчмын өөрчлөлт хийхгүй байх магадлалтай. Патриот системийн харвагч нь 10 сая ам.доллар, 1 багц буюу 4 пуужин нь 4 сая ам.долларын үнэтэй байна. Үүнээс үзэхэд 50 мянган ам.долларын үнэтэй дроныг 1 сая ам.долларын үнэтэй пуужингаар харвахад үр ашгийн асуудал гарах бөгөөд жижиг дроны эсрэг ашиглах боломжгүй юм.

Санал болгох