Удам дамжсан ГАЛ СӨНӨӨГЧ

2023 оны 12 сарын 262023-12-26
Удам дамжсан ГАЛ СӨНӨӨГЧ

Бидний дунд эгэл жирийн чимээгүй баатрууд олон бий. Хэн нэгний амьдралыг өөрчлөх, амь насыг нь аврах гэдэг тийм ч их тохиодог завшаан биш.  Хэдхэн үгс, ганцхан уулзалт, цөөн хормоос л энэ бүхэн эхэлдэг. Гэлээ ч аюулыг сөрж амь биеэ үл хайхран бусдыг аврахын төлөө байдаг чимээгүй баатрууд бол ОНЦГОЙ байдлын албан хаагчид.  Өнөөдөр тэд мөр зэрэгцэж явсан нэгэн эрхэм нөхрөө үүрд алдлаа. 

Од болж тэнгэрт харвасан ч  бусдыг аврахын төлөө явсан түүний  сайхан сэтгэл, тусч зан, ач гавьяа  сүүн цацал шиг. Э.Энхболдыг бид удам дамжсан ГАЛ СӨНӨӨГЧ гэдгээр нь мэдэх болжээ. 

-----------------------------------------------------------

2023 оны арванхоёрдугаар сарын 19-ны өглөө уйтай гашуун мэдээ олныг цочирдуулж айл гэрийг өнчрүүлэв. Долоон хүний амийг авч одсон гал түймэр Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцанд гарсан нь даанч харамсалтай. Эхнэр, хүүгээ, эгч ахыгаа, үр хүүхэд ач зээгээ ганцхан хоромд алдсан хүмүүсийн уй гунигийг үгээр илэрхийлэхийн аргагүй.

 

159A9607.JPG.jpg

Амь насаа алдсан долоон хүний нэг нь албан үүргээ гүйцэтгэж явсан онцгой байдлын албан хаагч байлаа. Бусдыг аврахаар явсан түүний гавьяаг бид өнөөдөр халаглаж дурсаад  маргааш нь мартах учиргүй.

Э.Энхболд  Гал унтраах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч байв. Мөн өсөх ирээдүйтэй боловсон хүчин.

Түүнийг  Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян  “Манай алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг хангаж, утаажилтын бүсээс гаргаж байх явцдаа угаартаж, ухаан алдсан. Эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн ч харамсалтайгаар амиа алдсан. Амиа алдсан алба хаагч маань удам дамжсан аврагч. Энэ жил БНСУ-д гал сөнөөгчийн сургууль төгсөөд ирсэн залуухан боловсон хүчин байсан” гэж дурссан юм.  

Аавынхаа ажил мэргэжлийг өвлөсөн тэрбээр 1996 онд Улаанбаатар хотод Д.Эрдэнэбаатарын ууган хүү болж мэндэлсэн юм.  Түүний аав Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд даргаар ажиллаж байлаа.  

 

159A9553.JPG.jpg

Алба мэргэжлийг нь залгуулан хүү Энхболд нь гал сөнөөгч мэргэжлийг сонгож, идэр 27 насандаа  салбартаа гялалзаж явсан юм.

Түүнийг журмын нөхөд нь “Эгэл даруухан, өөрийнхөөрөө ажилладаг, сурч мэдэх, хөгжье гэсэн хүсэл эрмэлзэлтэй сайхан залуу байсан. Гал сөнөөгчөөс эхлээд дээшээ дэвшсэн” гэж тодорхойлжээ.

 Тэр хүнд хэцүү, шантарч ухармаар тийм л ОНЦГОЙ албанд үүрэг гүйцэтгэдэг байсан ч хэзээ ч хойш ухарсангүй.  Эргэж ирэх эсэх нь мэдэгдэхгүй өчнөөн дуудлага, гал ус, үерийн гамшигт өдөр шөнийг умартаж бусдын төлөө амь насаа үл хайхран ажилладаг ч мэргэжилдээ хайртай, ажилдаа дуртай байсныг  түүх нь  харуулна. Түүний намтраас харвал,

Э.Энхболд 2016 онд Хууль сахиулахын Их сургуулийн Ахлагчийн сургуулийг “Аврагч, гал сөнөөгч” мэргэжлээр төгсөж, Онцгой байдлын газрын 10, 26 дугаар ангид гал сөнөөгчөөр ажиллаж байж. Энэ жил БНСУ-ын Чангвон хотын Чангшин их сургуулийг Гал гамшгийн аюулгүй байдлын инженер, Нисэхийн механикийн инженер мэргэжлээр төгсчээ. Эх орондоо ирээд наймдугаар сараас  ХУД-ын Гал унтраах аврах ангийн 14 дүгээр хэлтэст томилогдон ажиллаж байв.

Түүнтэй хамт мөр зэрэгцэж явсан албан хаагчид нь талийгаачийг өчигдөр сүүлчийн замд нь үдсэн юм. Гал унтраах аврах ангийн улаан тэрэгнүүд энэ удаа дуудлагад биш мөр зэрэгцэж хамт ажиллаж явсан найзыгаа, дүүгээ үдэхээр гашуудлын  цуваа үүсгэсэн нь даан ч гунигтай өдөр байлаа.

Тэр эгэл даруу бөгөөд шаргуу хөдөлмөрч, хөгжилтэй найрсаг дүр төрхөөрөө хайртай хүмүүсийнхээ сэтгэлд үүрд мөнхөрлөө. Аавынхаа алдрыг дуурсгаж удам дамжсан гал сөнөөгчөөр ажиллаж явсан энх цагийн баатруудын нэг байсан түүний ач гавьяаг бид мартах учиргүй.

 

159A9531.JPG.jpg

Б.ЦЭЦЭГ

 

 

 

Санал болгох

Улс төрийн намын удирдлагуудад дайх үгс

Монгол Улс олон намын тогтолцоог сонгоод 30 гаруй жилийг үдлээ. Энэ хугацаанд алдсан нь ч бий, оносон ч бий. Ямартай ч энэ бүх хугацаанд та бүхэн ардчиллыг бэхжүүлэхээр бартаат замаар зүтгэсээр ирсэн. Нүүдэлчин соёл, эрх чөлөөт философитой монголчуудыг намын туг доор нэгтгэнэ гэдэг амаргүй байгааг ойлгож байна. Гэхдээ бид зөв зам руугаа алхам, алхам урагшилж байгаа гэдэгт итгэлтэй байна.

6 өдрийн өмнө
ИХ СУРГУУЛИУДЫГ НҮҮЛГЭВЭЛ Улаанбаатар аяндаа 20 МИНУТЫН ХОТ БОЛНО

Л.Оюун-Эрдэнэ “20 минутын хот” гэж үлгэр зохиохын оронд их сургуулиудыг нүүлгэчихвэл Улаанбаатар аяндаа 20 минутын хот болох юм шүү дээ, уг нь.

3 сарын өмнө
Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

4 сарын өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

4 сарын өмнө