Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

2024 оны 5 сарын 82024-05-08
Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

Энэ олон малын ашиг гэх юм тун бага. Мал аж ахуйн салбар Монгол Улсын ДНБ-ий ердөө 11.6 хувийг бий болгож байна. Гавихгүй. Тооноос цаашгүй энэ олон малыг 189.300 айл малладаг. Харин малтай өрхийн тоо 247.9 мянга. 58.600 айл малаа бусдаар маллуулдаг гэсэн үг. Малынх нь тоог өрхөд нь хуваавал нэг малчин айл 341 малтай гэсэн дундаж тоо гарч байна. Угтаа бол энэ малчдын олонх нь огт малгүй. “Чаа” гэх ямаагүй, “чүү” гэх морьгүй хүмүүс айлын мал маллан, малчин гэж нэрлэгдэн, амь зуулгаа залгуулдаг.

Тэднийг тэтгэхээр Засгийн газар “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж эхэллээ.

Энэ хөдөлгөөний хүрээнд “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөөг сэргээхээр зорив. Аймаг, сум бүрээс 3100 малчин Улаанбаатарт урьж, Төрийн ордонд цуглуулан, хөтөлбөрөө танилцууллаа. Улстөрчид ээлжит үлгэрээ ийн малчдад ярьж эхэллээ. Малчид хэрвээ хоршиж чадвал ам тосдох өгөөж нь нэмэгдэж, амьдралд нэмэрлэх ашиг нь өснө. Тэр болтол өдий байна даа.   

Хоршоо байгуулах яах вэ. Цаасан дээр ямар нэг юм байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх амархан. Амьдрал дээр бодитоор байгуулах өөр. Булган аймгийн 5 малчин айлын 9 гишүүн нийлж, 2012 онд хоршоо байгуулан, тамга, гэрчилгээ аваад, авдартаа 12 жил хадгалж явна. Хоршоо байгуулаад хоёр жилийн турш сургалт дамжин явж байгаа малчид ч Орхонд бий. Хоршиж нийлчхээд, үйл ажиллагаагаа эхэлж чадалгүй явсаар, бутарч тарсан нь ч Сэлэнгэд цөөнгүй. Хоршвол болно, нийлээд хийнэ гэсэн ганц бодолтойгоор тэд хоршоо байгуулжээ. Бизнесийн, зах зээлийн, өрсөлдөгчийн гээд олон судалгааны талаар тэдэнд ямар ч ойлголт байхгүй. Төсөл ч бичиж мэдэхгүй. Бусдаас бэлэн төсөл худалдан авч, банкнаас зээл хөөцөлдтөл барьцаа хөрөнгөтэй байх, зээлгүй байх, орлогоо нотлох, татварын тайлан гаргасан байх, нэг жил үйл ажиллагаа явуулсан байх гэсэн олон шалгуурт нь бүдэрчихжээ. Ингээд хоршоо хоосон цаас болов. Энэ түүхийг “Шинэ хоршоо” хөдөлгөөн давтах янзтай.

Малчид 5 их наяд төгрөг хуваан авч байна гээд жинхнээсээ төсөөлчихжээ.

Тооны машин, утсан дээрээ энэ тоог хийж үзэх гээд “Тооны машинд багтахгүй байна. Ямар их мөнгө вэ” гэлцэн шогширно. 5 их наяд төгрөгийг малчин айлуудад хувааж өгвөл нэг айлд 26.413.100 төгрөг ноогдоно. Гэтэл 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно гэж Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Хүртэлх гэдэг чинь хүрэх албагүй гэсэн үг л дээ. Үүнийг сайн ойлгоогүй малчид бүгд 50 сая төгрөгийн зээл авахыг хүсэх боллоо. Энэ мөнгийг 30-60 сарын хугацаатай зээлдүүлнэ. 2.5-5 жил гэсэн үг. Эхний 12 сард үндсэн зээлээ төлөхгүй. Дараа жилийн өдийгөөс зээлээ төлж эхэлнэ. Давгүй боломж.

Энэ бол хөрөнгө оруулалтын зээл. Засгийн газар энэ зээлийн зориулалтыг хөрөнгө оруулалтын гэж тодорхойлсон. Малчид нийлэн, хоршоо байгуулж, Засгийн газраас 6 хувийн хүүтэй мөнгө зээлж, бизнес, үйлдвэрлэл эрхлэх ёстой. Үйлдвэрлэхгүй бол зээл өгөхгүй. Малчдыг үйлдвэрлэгч болгохоор Засгийн газар, МАН шийджээ. Тэд юу үйлдвэрлэх вэ? Мал бордох, дайвар бүтээгдэхүүнээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех байгуулах, мал эмнэлэг байгуулах, худаг гаргах, ноос, арьс шир бэлтгэх, ноос, арьс шир боловсруулах, мал, түүхий эдийн агуулах, зоорь барих, мах, сүү бэлтгэх, боловсруулах боломжтой гэж тэд тооцож, бас зөвлөж байна. Малчид бэлчээрт худаг гаргаад, бусдынхаа малыг төлбөртэй услах юм гэнэ. Үгүй яах вэ. Байж болох юм. Говь, хээрийн бүсэд бол дажгүй бизнес. Гэвч мөнгөө малчид төлөх болов уу?

Хөрөнгө оруулалт хийгээд, мөнгөө өсгөж, зээлээ төлөх хоршоо байхад улам өрөнд орох хоршоо ч бас гарна. Бизнес эрхэлсэн бүхэн амжилт олдог бол бүгд хил дамнасан корпорац болчихсон байхгүй юү, өдийд. Зээл авах малчдад 7 шаардлага тавьж байгаа. Хоршооны гишүүн байх, мал тооллогод хамрагдсан байх, тухайн аймаг, суманд оршин суудаг байх гэсэн 3 шаардлагыг бүгд хангана. 100 саяас дээш төгрөгийн зээл авах хоршоо бизнес төлөвлөгөөтэй байх ёстой. Үүнийг яаж ийгээд хангаж болно. Бэлэн бизнес төлөвлөгөө худалдаад ч болов авчихна. Юунд зориулсан, хэдэн хуудас төлөвлөгөө хэрэгтэй вэ гэдгээс хамаараад, янз бүрийн үнээр зардаг. Барилга, байгууламж барих, өргөтгөх хоршооны гишүүд өөрийн гэсэн өмчилсөн, эзэмшсэн, ашигладаг газартай байх ёстой. Хоршоо бүр үл хөдлөх хөрөнгөгүй, тийм байх ч албагүй учир энэ шаардлагыг тооцохгүй байя. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлтэй байж болохгүй. Монгол банкны хар жагсаалтад орсон малчинд зээл олгохгүй. Малчид хариуцлагатай байж, зээлээ яаж ийгээд төлдөг. Хар жагсаалтад орсон малчин цөөн байгаа гэж бодъё.

Үлдсэн шаардлагыг малчдын хэд нь хангах бол? Энэ бол банкнаас тавих шаардлага.

Үнэндээ Засгийн газар өөрөө зээл олгодоггүй. Бүхий л зээлийг арилжааны банкаар дамжуулдаг. Тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө тэр байтугай төрийн албан хаагчдын цалинг хүртэл банкаар дамжуулан тавьдаг. Засгийн газар “Май” гээд мөнгө шууд сарвайдаггүй юм шүү. Үүний нэгэн адил “Шинэ хоршоо” байгуулж, “Чинээлэг малчин” болохыг мөрөөдсөн бүх малчинд банкаар дамжуулан, зээл олгоно. Үүн дээр л малчид бүдэрнэ. Малчид аа! Мөрөөдөх хэрэггүй гэж хэлж буйн учир энэ.  

147.800 малчин өрх буюу 5 малчин айл бүрийн 4 нь банкны зээлтэй байна. Малчин айлуудын 78 хувь нь банканд өртэй байгаа учир 22 хувь нь л “Шинэ хоршоо”-ны зээл авах боломжтой. Банкнаас зээл авахдаа малчид малаа барьцаална. Малчдын мал гэж байхгүй. Хаан, Төрийн банкны мал гэж л бий. Тэгэхээр барьцаа хөрөнгөгүй, банканд өртэй малчинд банк дахин зээл өгөх үү? Үгүй. “Өмнөх зээлээ төлсний дараа дахин зээл ав” гэнэ. Угаас тэгдэг. Засгийн газар зээл өгнө гэж малчид итгэжээ. Д.Амарбаясгалан сайд тэргүүтэн ч тэгж итгүүлж байна.

Бүгд зээлээ яаж ийгээд төлж, дахин зээл авахыг хичээнэ. Тогтвортой үйл ажиллагаа явуулсан, сүүлийн нэг жилд татварын байгууллагад гаргаж өгсөн тайлан, барьцаа хөрөнгө, хөрөнгийн үнэлгээ, дансны хуулга, дансаар нь байнга мөнгө орж гарсан байх, орлого зарлагаа нотлох баримт гээд банкны шаардлага нь дуусахгүй, уртаас урт хөвөрнө.

Одоо үйлдвэр, үйлчилгээний бизнес эрхлэгчид Зээлийн батлан даалтын сангаас зээл авах гээд банкуудын үүдийг сахиж байна.

Ипотекийн зээлийн урьдчилгаа олгох, барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувийг батлан даах, зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэхгүй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд үндсэн батлан даалт гаргах нэрийдлээр Засгийн газар Дорнод, Орхон, Өвөрхангай аймагт Зээлийн батлан даалтын сангийн салбар байгуулаад байгаа юм. Эндээс зээл авах гэсэн компаниудын урт дараалал үүссэн ч банкнаас тавьсан шалгуурт дийлэнх нь бүдэрчээ. Тэдний шалгуурыг давж, зээл авах компани өдрийн од шиг л байна. Зээлийн батлан даалтын сангаар батлан даалгахын тулд арилжааны банкны шалгуурыг эхлээд хангах шаардлагатай ажээ. Банк гэдэг чинь Засгийн газар биш шүү дээ. Тэд малчин, тариачин, жижиг үйлдвэрлэгч, оюутан юм эвий гэж өрөвддөггүй. Зээл авах, төлөх чадвар байна уу гэдгийг хатуу шалгадаг. Зээлээ төлж чадахгүйд хүрвэл мөнгөө яаж олж авах вэ гэдгээ тэд сайтар боддог. Зах зээлийн жинхэнэ, шударга, бодит шалгуур банканд бий. Зээл авахаар хөөцөлдөж үзсэн хүн бүр үүнийг ямар нэг хэмжээгээр мэдэрсэн байх учиртай.

Засгийн газар “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр зарлахдаа зудад нэрвэгдсэн, санхүүгийн хүнд нөхцөлд орсон, малчдадаа дэм болох зорилго тээсэн тухайгаа уяртал ярьж байна. Өнгөрсөн өвөл нийт нутгийн 90 хувь нь цастай, зудтай байлаа. Нийт 7.1 сая орчим мал хорогдож, 4800 малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алджээ. Тэд Засгийн газрын буянаар зээлээ, хүүтэй нь бүтэн нэг жил төлөхгүй боллоо. Жилийн дараа төлөхдөө зээлийн хүүгийн 6 хувийг засгаар төлүүлэхээр болж, башийв.

Мал ч үгүй болсон тэдэнд хоршооны малчин өрхийн зээл падгүй болсон гэж тооцож болно.

Малчдад малаас нь өөр барьцаалах юм үгүй. Гэвч банк малчдад малчны зээл олгохдоо л малыг нь барьцаанд авдаг болохоос бусад зээлд мал барьцаалдаггүй. Мал бол тэднийхээр найдваргүй хөрөнгө. Малчдад газар байхгүй. Сумын төвийн хашаа, өвөлжөөний газар нь өөр хоорондоо зарахад л үнэтэй болохоос банкны хувьд үнэгүй. Зарагдах магадлал тун бага. Засгийн газраас хоршоодод нэг удаа 5 га газар эзэмшүүлнэ. Гэвч уулын мухарт, малчны хотонд байгаа тэр газар бас л үнэ хүрэхгүй. 9 дамжлагаар, 115 хоногт гаргадаг газрын зөвшөөрлийг Засгийн газар хоршоонд 15 хоногт арын хаалгаар олгох юм байна. Үүнийгээ ч ил тод зарлачихлаа. Сонгууль дөхсөн учир МАН ийн малчдад наалинхайтаж байгаа ч тэр нь малчдад хэрэг болохгүй. Хөл дүүжилдэг “Амьжиргаа цагаан”-ыг нь банкныхан хялайж ч харахгүй.

Улаанбаатар хот, аймгийн төвд байр авч чадсан цөөн малчинд л хоршооны гишүүн малчны зээл олдох нигууртай. Таван малчин айл нийлж, нэгнийхээ 100 саяын байрыг барьцаалаад, 500 сая төгрөгийн зээл авбал банк өгч магадгүй. 100 саяын байрыг нь 50 саяар үнэлнэ. 450 сая төгрөгийн зээлийг нь Зээлийн батлан даалтын сан батлан даавал банк зөвшөөрч магадгүй. Явж явж эцэстээ хэдэн мянгат малчин л хоршоо байгуулж, хоршооны малчны зээлийг авна. Малаа барсан, модоо барьсанд нь олдохгүй. Бодит үнэн ийм л байна.

Санал болгох

Улс төрийн намын удирдлагуудад дайх үгс

Монгол Улс олон намын тогтолцоог сонгоод 30 гаруй жилийг үдлээ. Энэ хугацаанд алдсан нь ч бий, оносон ч бий. Ямартай ч энэ бүх хугацаанд та бүхэн ардчиллыг бэхжүүлэхээр бартаат замаар зүтгэсээр ирсэн. Нүүдэлчин соёл, эрх чөлөөт философитой монголчуудыг намын туг доор нэгтгэнэ гэдэг амаргүй байгааг ойлгож байна. Гэхдээ бид зөв зам руугаа алхам, алхам урагшилж байгаа гэдэгт итгэлтэй байна.

6 өдрийн өмнө
ИХ СУРГУУЛИУДЫГ НҮҮЛГЭВЭЛ Улаанбаатар аяндаа 20 МИНУТЫН ХОТ БОЛНО

Л.Оюун-Эрдэнэ “20 минутын хот” гэж үлгэр зохиохын оронд их сургуулиудыг нүүлгэчихвэл Улаанбаатар аяндаа 20 минутын хот болох юм шүү дээ, уг нь.

3 сарын өмнө
Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

4 сарын өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

4 сарын өмнө