Бага орлоготой иргэд байрны төлбөрөө төлдөггүй юм байна

2024 оны 5 сарын 152024-05-15
Бага орлоготой иргэд байрны төлбөрөө төлдөггүй юм байна

Банкны үүдээр шагайвал, буцаад хөөгдөх иргэдэд түрээсийн орон сууц санал болгох боломж бий. УИХ 1999 онд “Монгол Улсын төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого” баталж, нийгмийн халамжийн салшгүй хэсэг нь орон сууцны бодлого гэж тодорхойлсон юм. Үүний дагуу Засгийн газар 2015 онд “Түрээсийн орон сууц” хөтөлбөр баталжээ. “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд барьсан “Буянт-Ухаа 2” хорооллын зарим байрыг түрээслүүлснээр энэ хөтөлбөр эхэлсэн түүхтэй.

                            1512 айлын 9 нь түрээсэлсэн байраа өөрийн болгожээ  

ТОСК орон нутагт барьсан орон сууцныхаа 755-ыг, Улаанбаатарт босгосон байрныхаа 564-ийг түрээслүүлжээ. Үүн дээр “Хангай” хотхоны 223 айлын байр нэмэгдээд, ТОСК Улаанбаатарт нийт 787 байр түрээслүүлж байгаа юм. “Бэрэн компани Зуун айлын зарим гэр хорооллын газрыг чөлөөлж, “Хангай” хотхоныг барьсан. VII хороололд орших тус хотхоны 7976.1 ам метр талбайтай 223 орон сууцыг 2016 онд ам метрийг нь 1 сая 880 мянган төгрөгөөр Засгийн газар худалдан авч, Түрээсийн орон сууцны санд шилжүүлжээ. Үүнд нийт 15 тэрбум төгрөг төлсөн байна. Одоо ТОСК-д түрээслүүлээгүй байр ганц ч үлдээгүй, сул байр алга.  

Иргэд анх гэрээ байгуулахдаа тухайн байраа өмчлөх зорилт тавьж, сар бүр түрээсийн төлбөр дээрээ нэмж мөнгө төлөх боломжтой байв. Тухайлбал, 39.3 ам метр талбайтай нэг өрөө байрны үнэ 53 сая 55 мянган төгрөг. Үүний 30 хувь болох 15 сая 916 мянга 500 төгрөгийг төлж, үлдсэн 70 хувиа банкны зээлээр авах боломжтой. Гэтэл тэр айлд урьдчилгаанд өгөх мөнгө байхгүй. Тиймээс сар бүр 364.753 төгрөг ТОСК-д төлөөд байвал 5 жилийн дараа  урьдчилгаа нь бүрдэж, банкнаас зээл авах эрх үүснэ. Эсвэл тухайн байрны нийт үнэ болох 53 сая 55 мянган төгрөгийг 5 жилд тэнцүү хуваан төлсөөр байраа өөрийн болгож болно.

Түрээсийн байранд орсон айлуудын 55 хувь нь тухайн байраа өөрийн болгож авах эрмэлзэлтэй байдаг

Аймгийн төв, суурин дахь түрээсийн байранд орсон 755 айлын 378  нь, Улаанбаатар дахь 787 байрыг түрээсэлсэн айлуудын 472 нь байраа түрээслээд өмчлөх гэрээ байгуулжээ. Үүнээс үзвэл түрээсийн байранд орсон айлуудын 55 хувь нь тухайн байраа өөрийн болгож авах эрмэлзэлтэй байдаг аж. Тэд анхнаасаа байраа өмчилж авах хүсэлтэйгээр гэрээ байгуулсан байна. Энэ бол сайн үзүүлэлт. Гэвч 1512 айлын ердөө 9 нь түрээсэлсэн байраа худалдаж авсан байна. Үнэндээ санаа байвч сачий нь хүрсэнгүй. Энэ бол баримт. Бага орлоготой иргэд байр худалдан авах чадваргүй гэдгийг баримт хэлж байна. Түрээс, цахилгаан, дулаан, ус, СӨХ гээд орон сууцанд амьдрахад овоо мөнгө төлнө. Үүний зэрэгцээ хоол унд, хувцас, автобусны мөнгө гээд хүний хэрэгцээ барагдахгүй. Хэрэгцээгээ хангаад, илүү гаргаж, байрны мөнгө хуримтлуулна гэдэг баргийн хүний санаагаар болдог эд биш. Үүнээс болоод 841 айл түрээслээд өмчлөх гэрээгээ биелүүлсэнгүй, сар бүр төлөх мөнгөө төлж чадаагүй ажээ.

Орох оронтой болохыг үнэн сэтгэлээ хүсэж, хичээн зүтгэсээр байраа нэр дээрээ шилжүүлэн авсан айл цөөн байна. Төр тийм хүмүүст боломж олгох нь зөв. Заавал Япон, Солонгос, Америкт очиж ажил хийхгүйгээр, Монголдоо ч хуруу хумсаа хуйхлаад байртай болж болдгийг энэ хүмүүс нотолж байгаа юм. Тэдний төлөө төр “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-төө түрээслээд өмчлөх гэсэн сонголтыг заавал байлгасаар байх хэрэгтэй.

Хангай хотхон.jpg

                                          Төр байраа 200-280 мянгаар түрээслүүлдэг

2016 онд “Буянт-Ухаа 2” хорооллын байрыг нэг ам метрийг нь 1 сая 350 мянган төгрөгөөр, “Хангай” хотхоны байрыг Засгийн газар авсан үнээрээ буюу 1 сая 880 мянган төгрөгөөр худалдаж авахыг түрээслэгчдэдээ санал болгосон байна. Тухайн үед боломжийн орлоготой хүмүүс эдгээр хорооллын байрыг банкны зээлээр авчихсан. “Хангай” хотхонд байрны гэрээ байгуулахдаа 30, явцын дунд 60 хувийг хоёр хувааж төлөх, түлхүүрээ авахдаа 10 хувийг төлөх гэсэн нөхцөлтэйгээр “Бэрэн” компани төлбөрийн өөр нэг нөхцөл бас санал болгож байв.

Энэ шаардлагыг хангаж чадаагүй хүмүүс төрөөс байр түрээсэлсэн юм. Тэдэнд нэг ам метр талбайг хотод 6500, орон нутагт 4500 төгрөгөөр түрээслүүлсэн байна. Түрээслэгчид сард дунджаар хотод 200-280 мянга, аймгийн төв, сууринд 140-230 мянган төгрөг төлж иржээ. Тухайлбал, “Буянт-Ухаа 2” хорооллын 49.23 ам метр орон сууцыг сард 295.380 төгрөгөөр, “Хангай” хотхоны 41 ам метр талбайтай байрыг 246 мянган төгрөгөөр түрээсэлдэг. Үнэ нь нэмэгдээгүй.

Тэгэхэд 2016 онд бусад хүн нэг өрөө байр 300-400 мянган төгрөгөөр түрээсэлж байсан бол одоо 900-1.2 сая төгрөг байна. Үнэ ингэж өссөн. Гэтэл тэд хаана ч байхгүй хямд үнээр байр түрээсэлчхээд төлбөрөө төлдөггүй байх гэж.

Буянт-Ухаа 1.jpg

                             157 айл 118.7 сая төгрөгийн төлбөрөө төлөлгүй, зугтжээ

ТОСК-тай байгуулсан 5 жилийн түрээсийн гэрээ 2021 оноос дууссан. “Буянт-Ухаа 2” хорооллын 49 ам метр талбайтай 2 өрөө байрыг 2016 онд 280 мянган төгрөгөөр түрээслүүлсэн юм. Тухайн үед түрээсийн гэрээ байгуулан, сар бүр төлбөрөө төлж ирсэн айлууд одоо түрээст төлсөн төлбөрөө байрны урьдчилгаа гэж зүтгэх болжээ. Тэд 2016 онд түрээсийн гэрээ байгуулан, уг байранд амьдарсан. Гэрээний дагуу түрээсийн төлбөрөө төлсөн. Гэтэл одоо уг төлбөрөө “Түрээсийн төлбөр биш, байрны урьдчилгаа төлсөн” гэж маргаж байгаа аж. Айлын байр түрээслэн амьдарч байснаа гэнэт “Би сар бүр мөнгөө хувааж төлсөн. Одоо байраа нэр дээрээ шилжүүлж авъя” гэж байгаатай адил. Ийм л юм болоод байна.

Түрээсийн байрны статистик.png

Засгийн газар 2021 оны 8 дугаар сарын 11-нд төрийн түрээсийн орон сууцанд амьдарч байгаа иргэдийн талаарх асуудлыг хэлэлцээд, гэрээний хугацаа нь дуусаж байгаа иргэдийн гэрээг сунгасан юм. Одоо түрээсийн байранд толгой хоргодож буй айлуудын 617 нь гэрээгээ сунгасан бол 895 нь өмчлөх гэрээ байгуулаад байна. Зарим нь байрныхаа түрээсийг төлж чадахгүйд хүрчээ. Юун худалдаж авах.

Түрээсийн төлбөрөө 2 болон түүнээс олон сар төлөөгүй, түрээсийн байраа бусдад дамлан түрээсэлсэн, түрээсийн орон сууцыг зориулалтын бусаар ашигласан, дотоод заслыг нь өөрчилсөн бол тухайн айлтай байгуулсан гэрээг цуцалж, түрээсийн байраа ТОСК буцаан авах ёстой. Иргэдтэй байгуулсан гэрээнд ч ингэж заажээ. Одоо 157 иргэн ийм шалтгаанаар түрээсийн байраа хураалгах болоод байна. ТОСК-д тэд 118.7 сая төгрөгийн төлбөр төлөлгүй алга болжээ. Энэ асуудлыг шийдүүлэхээр ТОСК шүүхэд хандаад байна. Эдгээр айлынхан ТОСК-д бүртгүүлсэн утасны дугаар дээрээ байхгүй, оршин суугаа хаяг нь тодорхой бус байгаа аж. Энэ баримтаас үзвэл төрийн байрыг түрээсэлсэн айлуудын 10 хувь нь төлбөрөө төлөлгүй, зугтжээ.

157 иргэн ийм шалтгаанаар түрээсийн байраа хураалгах болоод байна. ТОСК-д тэд 118.7 сая төгрөгийн төлбөр төлөлгүй алга болжээ.

Түрээсийн орон сууцыг төрийн мөнгөөр барьсан, бас худалдан авсан. Үнэндээ татвар төлөгчдийн, газар доорх баялгаа зарж олсон мөнгөөр. Түрээсийн төлбөрийг  төрд буцаан төвлөрүүлж, дараагийн айлуудад түрээслүүлэх орон бууцаа барих ёстой. Түрээслэгчид төлбөрөө төлөхгүй бол дараагийн айлуудад түрээслүүлэх байр барьж чадахгүй. Түрүүлж түрээсийн байранд орсон хүн дараагийнхаа хүмүүсийн боломжийг хааж болохгүй. 10 гэдэг бага тоо биш. 157 айл төлбөрөө төлөхгүй бол дараагийн 157 айл гэр хороололд галаа түлсээр байх болно. Иймээс төрийн байр түрээслэгчдийг хариуцлагатай байлгах хэрэгтэй. Төлбөрөө төлөлгүй зугтсан хүмүүсийг шүүхэд өгөх ёстой. Дараагийн түрээслэгчдэд сануулга болог.

Үүний цаана 90 хувь нь түрээсийн байрандаа гэрээгээ сунган амьдарсаар байх янзтай. Орлогыг нь сайжруулах арга хэмжээ авахгүй л бол тэд өөрийн гэсэн орон сууцтай болох шинжгүй. Тэд хувьдаа байртай болж, түрээсийн байраа суллаад, нүүхгүй. Түрээсээ төлж байгаа нөхцөлд тэднийг хөөж гаргах аргагүй. Учир иймд Засгийн газар түрээсийн байр нэмж барихаас өөр гарцгүй болж байна.

   

 

Санал болгох