Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт гарын үсэг зурлаа

2024 оны 3 сарын 132024-03-13
Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт гарын үсэг зурлаа

Сангийн сайд Б.Жавхлан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксел Никейз, Европын хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Тереса Червинска нар /2024.3.12/ “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн эхний санхүүжилт болох 54.4 сая еврогийн зээл, буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Аймаг, сумдын дэд бүтцийг сайжруулах, худалдааг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, боловсруулалтыг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтын эхний ээлжийн 54.4 сая еврогоор аймаг, сумдын төвийн дэд бүтцийг шинэчилнэ. Тухайлбал бохир ус цэвэрлэх байгууламж барих, орон сууц барих, сургууль, эмнэлгүүдийн эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж, үерээс хамгаалах байгууламжийг барина. Үүнээс гадна аймаг сумуудын борооны ус зайлуулах байгууламжийг сайжруулж, нийтийн барилга байгууламжид нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Мөн орон нутгийн ХАА-н болон бусад бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, бэлчээрийн даацыг бууруулахад чиглэсэн тогтвортой мал аж ахуйн дадал бүхий малчдын бүлгэмийг дэмжих юм. Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлын үр дүнд ойролцоогоор 160 мянган ажлын байр шинээр бий болж, урт хугацаандаа 29 сая га газрын бэлчээр нутгийг сэргээн хамгаалж, 40 жилийн хугацаанд ялгарах 126 сая тонн хэмжээний нүүрсхүчлийн хийн ялгарлыг зогсоох юм. Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал Үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын нэгдэн орсон Парисын хэлэлцээр болон Шинэ сэргэлтийн бодлогод туссан Боомтын сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт болон Ногоон хөгжлийн сэргэлтийн хөгжлийн зорилтуудтай нягт уялдаж буйгаараа онцлог юм.

Санал болгох