Хороо бүрд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана

2024 оны 3 сарын 292024-03-29
Хороо бүрд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана

Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 оны анхдугаар хурал өнөөдөр болж, энэ онд тус зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах саналуудыг хэлэлцлээ. Мөн Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилт, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар танилцуулсан юм.

Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан бөгөөд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Шинэчилсэн найруулгаар хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл болон үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилсан байна. Мөн нэгжийн Засаг дарга нарын хүүхэд хамгааллын чиглэлийн чиг үүрэгт өөрчлөлт орсон тул энэ чиглэлийн үйл ажиллагаа, арга хэмжээг өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой болжээ. Энэ хүрээнд сум, хороо бүрд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах бөгөөд нийслэлд 387, орон нутагт 592 нийгмийн ажилтан ажиллуулах юм. Тус хуулиар хүүхэд хамгааллын үйлчилгээг шинэчилж, шуурхай тусламжийн үйлчилгээ, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээ гэсэн гурван хэлбэртэй байхаар тусгасан байна.

2020 оноос хойш нийслэлийн хэмжээнд буй хүүхдийн тоглоомын 976 талбайд судалгаа хийжээ. Уг судалгаагаар 803 нь стандартын шаардлага хангаагүй буюу ашиглалтын шаардлага хангахгүй, засвар үйлчилгээ дутагдалтай гэсэн нийтлэг зөрчил илэрсэн байна. Улмаар 2022 онд Хотын стандартын хүрээнд Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг дээрх үзлэг шалгалт, судалгаанд үндэслэн боловсруулж, НИТХ-аар батлуулсан юм. Шинэ стандарт батлагдсан тул 2023 онд хүүхдийн тоглоомын 487 талбайд шалгалт хийхэд гадаргууг хатуу хучилттай гүйцэтгэсэн, бүрэн бус буюу ашиглалтын шаардлага хангахгүй, суурилуулалт болон холбох хэрэгсэл дутуу эсхүл ил гарсан боолтыг далдлаагүй, тохиромжгүй байрлалд байгуулсан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Үүнтэй холбоотойгоор илэрч буй зөрчлийг арилгах, стандартын шаардлагад нийцүүлэх зөвлөмж, мэдэгдлийг Хотын стандарт, хяналтын газраас холбогдох нутгийн захиргааны байгууллагууд болон Сууц өмчлөгчдийн холбоодод хүргүүлэн, арга зүйгээр ханган ажилласан байна.

Дэлхий даяар эрүүл мэндийн салбарт ажиллагсдын ердөө 1 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг аж. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд кабинет, тасгийн түвшинд 11 байгууллага сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлийн байгууллага байхгүй.

Хүүхэд хамгааллын хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны жирэмслэлт болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг чухалчлах шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн дэд тэргүүн О.Номинчимэг онцлов.

Зөвлөлийн гишүүдийн зүгээс хүүхэд хамгааллын байгууллагууд дахь сэтгэл зүйчийг нэмэгдүүлэх, сэтгэл зүйчдийг чадавхжуулан, цалин, нийгмийн хангамжийг сайжруулах, хүүхдүүдийн дундах электрон тамхины хэрэглээ, бэлгийн боловсролд онцгойлон анхаарах зэрэг саналыг хэлж байлаа. Мөн зөвхөн хүүхэд хамгааллын чиг үүргийн гэлгүй бүх байгууллага санал санаачилга гарган, манлайлж ажиллах хэрэгтэйг онцолсон юм.

Санал болгох

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ

1 өдрийн өмнө
Хөрөнгийн үнэлгээний дүнг иргэдтэй зөвшилцөж эхэллээ

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх ажил үргэлжилж байна

3 өдрийн өмнө
“Улаанбаатар смарт карт”-ыг АТГ-аар шалгуулна

Нийтийн тээврийн үйлчилгээнд төлбөрийн цахим систем нэвтрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер 2018 онд “U money” үйлчилгээний цэгийн байршлыг шинэчлэх тогтоож, нийслэлд нийт 124 байршил баталжээ.

3 өдрийн өмнө
Шархад, “Да Хүрээ” орчмын 508 метр хашааг буулгалаа

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Баянзүрх дүүргийн XVII хороо, Шархад, “Да Хүрээ” зах орчимд ажиллалаа.

5 өдрийн өмнө