Орон сууцны зээлд хамруулж өгөх АРЫН ХААЛГА хайж байна

2024 оны 4 сарын 22024-04-02
Орон сууцны зээлд хамруулж өгөх АРЫН ХААЛГА хайж байна

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр нийт 7.7 их наяд төгрөгийн зээлийг 122 мянган өрхөд олгоод байна. Сүүлийн 3 жилд олгосон зээлийн хэмжээ эрс өссөн. Эрэлт ч дагаад нэмэгдэв.

Ипотекийн зээл авахаар банканд материалаа бүрдүүлж өгсөн иргэд дунджаар 9 сар хүлээж байна. Өөрт нь банк зээл олгох үгүйг, ямар хариу өгөхийг тэд мэдэхгүй. Арилжааны банкууд 15,000 өрхийн хүсэлтэд дарагдсан тухай УИХ-ын гишүүн Г.Амартүвшин мэдээлсэн.

Хэдийгээр төв банк болон арилжааны банкууд “Зээлээ хэвийн олгож байгаа” хэмээн мэдээлсэн ч ипотекийн зээлд хамрагдаж, өөрийн гэсэн орон байртай болох гэсэн иргэдийн мөрөөдөл улам бүр алсарч байна.

  • Байрны үнэ зогсолтгүй нэмэгдсээр /Орон сууцны үнэ жилд дунджаар 10%-иар нэмэгдсээр/
  • Зээлийн олдоц муудав

Залуу гэр бүлүүд авлига, арын хаалгаар ч хамаагүй зээлээ шийдүүлэх хүсэлтэй болжээ. Учир нь байр зарж буй тал “Таны зээлийг шийдэгдтэл 6-9 сар хүлээж байя” гээд сонгосон байрыг нь хадгалж байхгүй нь ойлгомжтой. Бэлэн мөнгөтэй байрны ченжүүдэд зарж л орхино. Халааснаасаа бөөн мөнгө гаргаад, орон сууц авах чадалтай өрх манай улсад цөөн. Үүн дээр бас нэг асуудал нэмэгдсэн. Төрөөс бодлогоор олгодог зээл Улаанбаатарыг тоохоо больж, хөдөөг чиглэв.

Ипотекийн хөтөлбөрийн зээл олголт (тэрбум ₮)
Ипотекийн хөтөлбөрийн зээл олголт (тэрбум ₮)

Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийг орон нутагт тэгш, хүртээмжтэй олгохоор ажиллаж байна. Өмнөх 5 жилийн дунджаар нийт хөтөлбөрийн зээлийн 17 орчим хувийг нь орон нутагт орон сууц худалдан авч буй өрхөд олгосон бол 2023 онд 32 хувь, 2024 оны 3 дугаар сарын байдлаар ойролцоогоор 41 хувь болгон нэмэгдүүлжээ.

1500 өрхийн зээлийн хүсэлтийг буцаасан...

2024 онд уг хөтөлбөрөөс 802.6 тэрбум төгрөгийн зээл авахаар хандсан 6.4 мянган өрхийн хүсэлтийг банкууд хүлээн авч, 166.2 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1.5 мянган өрхийн хүсэлтийг тодорхой шалтгаанаар хүлээж авалгүй татгалзсан байна. Энэ оны 3 дугаар сарын 29-ний байдлаар нийт 2000 өрхөд 230 тэрбум төгрөгийн, ипотекийн зээл олгоод байна. Үүний 148.6 тэрбумыг нь Улаанбаатар хотод байр авахыг хүссэн 1.2 мянган өрхөд, 81.4 тэрбумыг нь  орон нутагт байр сонгосон 800 өрхөд олгожээ.

Монголчуудын мөрөөдөл их энгийн болж байна. Өөрийн гэсэн орон сууцтай болох. Харин тэр мөрөөдөл нь улам холдсоор. Одоо хэрэгжүүлж байгаа орон сууцны хөтөлбөрийг ад шоо үзэгсэд олон. Тэгсэн атлаа өөр сайн хувилбар олоогүй. Гэтэл зуу зуун айл өрх ипотекийн зээлд хамрагдах мөрөөдөл тээсээр, банкнаас “Таны зээл шийдэгдсэн” гэдэг гуравхан үгийг хүлээн, зээлийн эдийн засагч руугаа утас цохиж сууна. Арга ядахдаа арын хаалга хайж, авлига өгөх замыг ч сонгоход бэлэн байна.

 

Санал болгох