Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

1
2024 оны 4 сарын 22024-04-02
Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж буй. Тус бүтээн байгуулалтын талаар УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа.

--------------------------------------------------------------------------------------------------

 

-32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх явган хүний зам хэдэн хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна вэ?

-32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэл шинэчилж буй явган хүний замын ажил 2023 оны аравдугаар сард эхэлсэн. Нийт 1.2 км явган хүний зам буюу 7000 ам метр талбайг шинэчилж буй. Өнгөт хавтангаар явган хүний зам хийхээр эвдрэл ихтэй, насжилт богино байгаа тул уг замыг байгалийн боржин чулуугаар хийж байгаа юм. Одоогоор ажлын явц 65 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Зарим хэсэгт газар чөлөөлөлт, орц гарцтай холбоотой асуудлууд үүсэж байгаа. Үүнд Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран газар дээр нь зөвшилцөж, зам дагуух аж ахуйн нэгжүүд болон явган зорчигчдыг хохироохгүйгээр шийдэл боловсруулж байна. Уг бүтээн байгуулалт амжилттай дуусвал төвийн гол магистрал явган хүний замуудыг байгалийн боржин чулуугаар шинэчилнэ.

-Тухайн байршилд өмнө нь явган хүний зам байсан уу?

-32-ын тойргоос Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын сургууль хүртэл бараг явган хүний замгүй байсан. Сүхбаатар дүүргээс хэсэгчилсэн байдлаар зам хийсэн байсан бөгөөд хуучин замын материалыг дүүрэгт нь хүлээлгэж өгөөд 3 метр хүртэлх өргөнтэй явган хүний зам хийж байна. Өмнө нь 1.5-2 см зузаан хавтангаар зам хийдэг байсан бол энэ удаад Монголын хөрснөөс гаргаж авсан, 4 см хүртэлх зузаантай барзгар боржин чулууг ашиглаж байгаа. Тиймээс хөрс бэлтгэлийн ажлаа сайн хийж, насжилтыг уртасгаж байна. Өмнө нь дүүргээс хэсэгчилж хийсэн замууд аж ахуйн нэгж, байгууллагуудын хашаа, шон, рекламын самбар, авто зогсоол зэргээс шалтгаалж 1-2 метрийн өргөнтэй байсан. Үүнийг боломжоор нь 3 метр хүртэл өргөтгөж байна.

-Байгалийн боржин чулуун зам тавьснаар ямар давуу тал бий болох вэ?

- Өмнө нь байгалийн боржин чулуугаар зам тавихдаа гадаргыг нь шатаагаагүйгээс үүдэн халтирах эрсдэл үүсдэг байсан. Энэ удаад сонгож буй чулууны гадаргад шатаалт хийж, зориулалтын төхөөрөмжөөр барзайлган, халтиргаа үүсэхээргүй болгож байгаа. Мөн замын хагаралгүй болж, дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчиход доргилт мэдрэгдэхгүй, замын насжилт уртасна.

-Газар хөлдсөн үед уг бүтээн байгуулалт эхэлсэн. Тиймээс иргэдийн зүгээс газар гэсэхээр суулт өгч, хагарч цуурах вий гэсэн болгоомжлол байгаа. Тийм асуудал үүсэх үү?

-7000 ам метр талбайг дулааны улиралд шинэчилбэл хоёр сарын дотор дуусна. Бид 7000 ам метр талбайн 60 хувь буюу 4000 орчим ам метр талбайг 5-6 сарын хугацаанд хийж байна. Хүйтний улиралд явган хүний зам тавихдаа асар барьж, халаагч пуужин үлээлгэн, дулааны улиралд байгаа мэт нөхцөлийг бүрдүүлж хийсэн тул суулт өгөх асуудал гарахгүй. Мөн гүйцэтгэгч байгууллагын хувьд энэ төрлийн асуудал гарвал өөрсдийн хөрөнгөөр засварлаж, улсыг хохиролгүй болгоно. Цаашид хэд хэдэн байршилд ийм бүтээн байгуулалт хийх учраас гүйцэтгэгч байгууллага хариуцлагатай ажиллана. Газар чөлөөлөлт, орц гарцтай холбоотой асуудал хурдан шийдэгдвэл тавдугаар сардаа багтаан ажлаа бүрэн дуусгана.

Санал болгох

Шархад, “Да Хүрээ” орчмын 508 метр хашааг буулгалаа

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Баянзүрх дүүргийн XVII хороо, Шархад, “Да Хүрээ” зах орчимд ажиллалаа.

20 цагийн өмнө
Төмөр замын хөдөлгөөний нэгдсэн удирдлагын төвийн шав тавилаа

Монгол Улсын нутаг дэвсгэр дэх төмөр замуудын галт тэрэгний хөдөлгөөнийг нэгтгэн удирдах Төмөр замын хөдөлгөөний нэгдсэн удирдлагын төвийн шав тавих ёслол дөрөвдүгээр сарын 12-нд нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд боллоо

21 цагийн өмнө
Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар Эмийн үйлдвэрийн барилга, газрын асуудлаар холбогдох албаныхны хамт ажиллалаа

6 өдрийн өмнө
Элит сургуулийн сурагч Б.Хангай IELTS-н шалгалтаас 9 оноо авчээ

Б.Хангай нь IELTS буюу олон улсын Англи хэлний стандарт шалгалтад 2023 онд хамгийн өндөр оноо болох 9 оноо авсан бөгөөд энэ нь Монгол Улсын хамгийн залуу насандаа хамгийн дээд оноо авсан үзүүлэлт болсон юм.

6 өдрийн өмнө