Байрандаа орохоо нүдээ ширгэтэл хүлээсээр насан эцэслэж буй “онцгой”-гийн ахмадууд

1
2024 оны 4 сарын 12024-04-01
Байрандаа орохоо нүдээ ширгэтэл хүлээсээр насан эцэслэж буй “онцгой”-гийн ахмадууд

“Иргэдийнхээ төлөө явж байдаг онцгой байдлынхаа албан хаагчдадаа, мөн залуу насаа онцгой байдалд зориулсан ахмадууддаа зориулан байр барина” хэмээн тэртээ 2015 онд онцгой хотхоныг барьж эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байгаа нь “онцгой” хэмээх нэрээ улам тодотгож буй за.

Уг байрны м2 1,050,000 төгрөгийн үнэтэй зарагдсан ч 100% төлбөрөө хийвэл хямдрал зарлаж 999,000 болон хямдрал үзүүлсэн. Онцгой байдлын газар захиалгаа авсан юм чинь баттай биз хэмээн итгэл найдвараар хашаа байшингаа зарж, банкнаас өр зээл аван захиалсан ч өнөөгийн байдлаар “нэг саяын цалингаа авч 2 саяын түрээсийн байрандаа” амьдарч буйгаа иргэд хэлж байлаа.

Онцгой хотхон нь 2016 оныхоо 3 дугаар улиралд ашиглалтад орохоо хэлж байсан ч 2024 оны 4 дүгээр сарын байдлаар “Холбогдох байгууллагаас хятад компани руу нь хүсэлт явуулсан ч хүлээж аваагүй иймээс өөрсдөө барилгаа барьж дуусгана” хэмээх хариултыг өгсөн юм.

Байгууллагын ахмад настан хэмээн шинэ жилээр уут бэлэг сарвайдаг атлаа байранд нь оруулаад өгөөч хэмээн өгсөн мөнгийг авсан ч түлхүүрийг нь гар дээр буцааж тавьсангүй . Насаараа онцгойд ажиллахдаа шантарч үзээгүй ч насны бөгсөн дээр байранд орох гээд хамаг хураасан хөрөнгөөрөө байр захиалсан, шинэ орон сууцанд орохоо нүдээ ширгэтэл хүлээж хүүхдүүдийндээ “толгой хорогдсоор” хөх тэнгэртээ дэвшиж буй буурлууд цөөнгүйг ахмад ажилтнууд “шүүрс” алдан ярьж байлаа.

Энэ мэтээр 512 иргэн 9 жил хүлээж буй орон сууцаа ашиглалтад орох болов уу? барилга үргэлжлэн баригдах болов уу хэмээн хүлээсээр...

                                                                                                                                              Б.Баярцэцэг

Санал болгох