#1 | Дуулиант хэргүүд хэрхэв...

2024 оны 4 сарын 102024-04-10
#1 | Дуулиант хэргүүд хэрхэв...

Цуврал №1

ЖДҮХС-гаас авсан 1.3 тэрбумын зээлийг нь Д.Дамба-Очир нараар төлүүлжээ

--------------------------------------------------------------------------------------------------------

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир 2018 онд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ц.Мянганбаярт “Сапфир стоун” ХХК-ийн нэр дээр ЖДҮХС-гаас 1 тэрбум 296 сая 979 мянга 524 төгрөгийн зээл авахад тусалжээ. Ингэхдээ Орхон аймгийн Баян-Өндөр суман дахь “Очир төв” ХХК-ийн нэр дээрх үйлдвэр, үйлчилгээний зориулалттай 126 ам метр талбайтай барилга, 1596 ам метр талбайтай конторын барилга барьцаалсан байна. “Очир төв”-ийн эзэн нь Д.Дамба-Очир. Ц.Мянганбаярт зээл авч өгөхдөө Д.Дамба-Очир өөрийнхөө хөрөнгийг барьцаалжээ.

Энэ хэргийг АТГ шалгаад, ЖДҮХС-д учруулсан 1 тэрбум 296 сая 979 мянга 524 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны наймдугаар сард хэлэлцээд, Д.Дамба-Очирыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хасаж, 3 жил 6 сар хорих ял оноосон. Үүнийг Д.Дамба-Очир хүлээн зөвшөөрөөгүй тул давж заалдсан юм. 2020 оны аравдугаар сарын 29-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Д.Дамба-Очир үүнийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхэд хандсан. Дээд шүүх 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд уг хэргийг хянан хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

 

“Капитал” банк хохирлоо барагдуулж дуусаагүй байна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банканд байршуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт АТГ-аас С.Эрдэнийг шалгасан. “Капитал” банк салбартаа 3-р зэрэглэлийнх. Ийм банканд НДС, ЭМДС-гийн мөнгийг байршуулсанд С.Эрдэнийг буруутгаж байгаа. АТГ-аас уг хэргийг шалгаж дуусаад, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн юм. Прокурорын шатанд хэргийг хаасан ч буцаан сэргээсэн билээ.

2019 онд “Капитал” банк татан буугдахад Нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөг, ЭМДС-гийн 136.1 тэрбум төгрөг, нийт 240.3 тэрбум төгрөг тус банканд байжээ. Тухайн үед АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санд нийтдээ 92.019.934.355 төгрөгийн хохирол буцаан төлүүлсэн. Түүнээс хойш “Капитал” банкны эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үлдсэн хохирлыг бага багаар барагдуулж байгаа аж. НДЕГ 2024 оны нэгдүгээр сарын 8-ны байдлаар “Капитал” банкнаас 68.2 тэрбум төгрөгийн авлагатай байна.

Санал болгох