#2 | Дуулиант хэргүүд хэрхэв...

2024 оны 4 сарын 112024-04-11
#2 | Дуулиант хэргүүд хэрхэв...

Цуврал №2

Ерөнхий сайд асан С.Баяраас 5 тэрбум 580 сая төгрөг хураажээ

-----------------------------------------------------------------------------------------------------

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Давааням нарын хүмүүсийг Авлигатай тэмцэх газраас 2018 оны 4-р сард саатуулан, “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад, прокурорын хяналтад шилжүүлсэн. Албан тушуулаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх энэ хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сард хэлэлцээд, С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарласан юм.

С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Оюутолгой” ордыг ашиглалтад оруулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн, албан тушаалаа урвуулан ашиглаж, найз Ч.Даваанямын хувь эзэмшдэг “Петровис трейдинг” ХХК-ийг "Оюутолгой" ХХК-тай “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулж, 418,385,173,982.34 (Дөрвөн зуун арван найман тэрбум гурван зуун наян таван сая нэг зуун далан гурван мянга есөн зуун наян хоёр төгрөг гучин дөрвөн мөнгө) төгрөгийн орлого олох боломжоор хангажээ. Ингээд АНУ руу явж, Нью-Йорк, Сиэтл хотод нийт 11 сая 643 мянган ам.доллароор 4 хаус худалдан авчээ. Үүнийг АТГ олж тогтоосон байна.

С.Баяр эдгээр хаусаа борлуулж, АНУ-ын банкан дахь өөрийн болон эхнэр Э.Сувдын дансаар мөнгөө авчээ. Үүнийг мөнгө угаасан гэмт хэрэг гэж шүүх үзээд, С.Баярт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, нийт 5 жил хорих ял, Ч.Даваанямд 2 жил хорих ял оноож, нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Дээрх хаусуудыг хууль бусаар олж авсан гэж үзэн, хурааж, улсын орлого болгосон. С.Баярын хаус 5 тэрбум 580 сая 444 мянга 637 төгрөг, Ч.Даваанямын хаус 5 тэрбум 766 сая 440 мянган төгрөгийн үнэтэй.

2020 оны арванхоёрдугаар сард энэ хэргийг Давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд  С.Баярт оноосон 5 жилийн хорих ялыг 2.6 жил, Ч.Даваанямд оноосон 2 жилийн ялыг 1 жил болгосон. Хорих ялыг ийн хөнгөрүүлсэн ч хөрөнгийг нь хураах, улсад учруулсан хохирлыг төлүүлэх шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Булган аймгийн шүүх 2021 оны 7-р сард С.Баярыг магадлангаар сулласан юм.

 

Сангийн сайд асан С.Баярцогтоос 2 байр, 1.6 тэрбум төгрөг хураажээ

 “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэм буруутайд тооцож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 3-р сард Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жил хорих ял оноож, 2 байр, 1.6 тэрбум төгрөгийг нь хурааж, улсын орлого болгосон. Харин Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 3 жилээр хасаж, 4 жил хорих ял оноов. Б.Ариунсан, Б.Бадрал нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 1.6 жил хорихоор шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Ариунсан Татварын ерөнхий газрын дарга байхдаа, Б.Бадрал Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нартай бүлэглэн, 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй гэж яллагдсан юм. Д.Ганболд 2015 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон, Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэмтэй.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны арванхоёрдугаар сард энэ хэргийг хянан хэлэлцээд, С.Баярцогтод анхан шатны шүүхээс оноосон 10 жил хорих ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноосон 4 жилийн ялыг 1 жил 3 сар, Б.Ариунсан, Б.Бадрал нарт оноосон 1.6 жил хорих ялыг 1 жил болгон бууруулсан. С.Баярцогтоос 1.6 тэрбум төгрөг, 852.8 сая төгрөгийн үнэтэй амины орон сууц, 2.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй амины орон сууц хурааж авсан байна.  

Шүүгдэгчид давж заалдаад хүссэн үр дүндээ хүрээгүй тул хяналтын шатны шүүхэд хандсан юм. Улсын дээд шүүх 2021 оны 5 дугаар сарын 19-нд тэдний хэргийг хянан хэлэлцээд, С.Баярцогтод оноосон хорих ялыг хэвээр үлдээж, 1 сая 345 мянга 876 ам.доллар гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.  

Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг даруй сулласан юм.

Улсын дээд шүүхийн 2 шүүгчийн саналаар Эрүүгийн хэргийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ 2021 оны 7-р сарын 1-нд хуралдаж, С.Баярцогтын хэргийг хянан хэлэлцээд, гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. АТГ 2022 оны зургаадугаар сард С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

 

 

 

Санал болгох