Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

2024 оны 4 сарын 152024-04-15
Царцааны нүүдэл цараагаа тэлсээр байна

Айсуй сонгууль угтсан царцааны нүүдэл хэдийнэ оргилдоо хүрч байна. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг Улсын бүртгэлийн ерөнхий газар дөрөвдүгээр сарын 29-нд зогсоох хүртэл энэ нүүдэл саарах янзгүй. Тойргуудыг томруулсан учир царцааны нүүдэл зохион байгуулах нь зардал өндөртэй, зовлон ихтэй ажил. Гэвч үүнийг царцаачид тоохгүй бололтой. Нэгэнт тэжээсэн царцаагаа яаж ийгээд ашиглаж л таарна л даа. Харин ч царцааныхаа тоог богино хугацаанд эрчимтэй үржүүлэх, нүүдлийг яаралтай зохион байгуулахад анхаарч байгаа сурагтай. Даргын дэмжлэгтэй, бат ар талтай, бэлэн мөнгөтэй горилогсод царцаагаа нүүлгэж эхэлсэн бол бусад нь байдлыг ажиглан, тойрог хүлээж сууна.

Нэр дэвших нь бат гэгдсэн нэгэндээ царцаагаар туслах явдал ч гарах болжээ. Өөрийнхөө царцааг өрөөлд өгөх үү, өөрийнх дээрээ бусдынхыг авах уу гэдгээ зарим царцаачин хараахан шийдээгүй байгаа аж. Учир нь намууд аль тойрогт хэнийг сойхоо эцсийн байдлаар шийдээгүй байгаа юм. Намууд нэр дэвшигчдээ 5 дугаар сарын 14-20-ны хооронд зарлана. Үнэндээ бол үүнээс наана 4 дүгээр сард багтаад, нэр дэвшигчид ерөнхийдөө тодорно. Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохоос өмнө амжиж тодруулна гэсэн үг. Хэн царцаагаа хэнд бэлэглэх, хэн нь өөрөө авч үлдэх нь тэр үед дагаад шийдэгдэнэ. Тойргоо солих санаатай зарим хүний хувьд ч царцааных нь нүүдлийн зам тодорхой болох юм. Одоогоор нийслэлийн 6 тойргоос орон нутгийн 7 тойрог руу гол нүүдэл хийгдэж байгаа аж. Орон нутгаас нийслэлийг чиглэсэн нүүдэл харьцангуй цөөн ч гэсэн байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хороо, Өлгийн 15-р гудамжны нэгэн хашаанд Аминаа, Анимаа гэдэг төстэй нэртэй 2 хүн бүртгэлтэй. Урд талынх нь 12-р гудамжин дахь нэгэн айлд яг ижил овогтой, ижилхэн нэртэй хоёр хүн бүртгэлтэй байна. Тэдний нэг нь 1972 оных, нөгөө нь 2002 оных. Овог нэгтэй ах дүүс юм уу гэхээр нэр нь ижил. Ихэр хүүхдэдээ ч хүн нэг нэр өгдөггүй шүү дээ. 

Сонгинохайрхан дүүргийн 40-р хороо, Баянхошууны 32-р гудамжинд 47а, 47б гэсэн хаяг бий. Харин 47 гэсэн хаягтай хашаа байсангүй. Яаж ч хайгаад олсонгүй. Гэтэл сонгогчдын нэрсийн жагсаалтаас үзвэл 47 гэсэн хаягтай хашаанд сонгогчид бүртгэлтэй байв.

Энэ бол 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө бий болсон царцаанууд. Тус сонгуулиар 40-өөд мянган царцаанаас бүрдсэн их нүүдэл Монгол орныг бүрхжээ. 2016 оны сонгуулийн өмнө Улсын хэмжээнд 18 мянга гаруй хүн шилжилт хөдөлгөөн хийлгэжээ. Царцааны нүүдлийн гол хэсэг буюу хамгийн олон царцаа Увс, Хөвсгөл, Баянхонгор, Архангайд ноогддог. Царцаа тэжээж, хэрэг нь болохоор ийш тийш бэлчээр хөөн нүүлгэдэг царцаачид ч бий. Тэд ч царцаа үржүүлж, тэжээн, ашиг шимийг нь хүртэж гаршаад байгаа. Жилээс жилд царцааны тоо нэмэгдэж, нүүдэл тэлж байгаа нь үүнийг нотолно. Царцааны нүүдэл болдоггүй аймаг, сум, дүүрэг байхгүй. Нүүдэлд хамрагддаг царцааны тоогоороо л ялгаатай. Сонгууль дөхөөд ирэхээр Шинэ жилийн үеэс царцааны нүүдэл эхэлж, Март, Цэргийн баяраар оргилдоо хүрээд, бүртгэл хөдөлгөөн зогсоход эрхгүй намждаг.

МИДАС төрийн бус байгууллага 2020 оны сонгуулийн үеэр сонгогчдын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, ажиглалт хийжээ. Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 2 дугаар гудамжны нэгэн хашаанд Б.Ганчимэг, Ч.Ганчимэг гэсэн амидай хамаатан бийг, 6-р гудамжны өөр нэгэн хашаанд Буянжаргал гэдэг нэртэй хоёр сонгогч хамт бүртгэлтэй байгааг тус байгууллага илрүүлсэн байна. 15-р гудамжных нь нэгэн айлынхан хаягт нь бүртгэлтэй 4 хүнийг танихгүй байжээ. 16-р гудамжны нэгэн хашаанд өөр өөр овогтой хоёр Янжинлхам бүртгэлтэй. Яг арынх нь гудамжинд 20 гаруй жил амьдарч байгаа айл тэр тоотод нь бүртгэлтэй 4 хүнийг мэдэхгүй байв. Зээлийн гудамжинд ийм олон царцаа иржээ. Ганцхан гудамж ийм байна. Тэгвэл нийслэл 204 хороотой.

Царцаанууд санал хураах үеэр илэрдэг. Сонгуулийн үеэр санал хураах байруудад иргэний нийгмийн ажиглагчид ажиглалт хийдэг. Сонгогч хурууны хээгээ уншуулахад өөр хүний зураг дэлгэцэнд гарч ирэх тохиолдол бишгүй. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ ирсэн Н.Ч гэх хүний хурууны хээг төхөөрөмж уншихгүй байжээ. Регистрийн дугаарыг нь программд шивж оруулахад өөр хүний зураг гарч ирсэн байна. Түүнийг санал өгүүлэлгүй буцаасан ч эхнэр нь ирж уулзан, иргэний үнэмлэхнийх нь лавлагааг авчирч өгснөөр ажиглагчид түүнд санал өгөхийг зөвшөөрчээ. Тэр хүний нэр дээр царцаа ирээд бүртгүүлчихсэн үү, тэр өөрөө царцаа юу гэдгийг хэн ч тогтоосонгүй.

Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой гомдол 2016 оны УИХ-ын сонгуулиас ихэсчээ. Тухайн үед Сонгогчдын боловсрол төв лавлах утас ажиллуулан, сонгогчдод зөвлөгөө, мэдээлэл өгсөн ч залгасан хүмүүсийн 45 хувь нь “Манай хаягт илүү хүн бүртгэлтэй байна” гэсэн бол 22 хувь нь нэрсийн жагсаалтад мэдээлэл дутуу оруулсан тухай гомдолложээ. Ийм алдаа, зөрчлөөс сэргийлэхийн тулд сонгогчдын нэрсийн жагсаалтыг ил тод байрлуулан, цахимаар шалгах боломж олгож байгаа ч сонгогчид тэр бүр мэдээллээ шалгадаггүй. Үүнийг 2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиас харж болно. 2 сая 142 мянга 120 иргэний нэрийн жагсаалтыг 7 дугаар сарын 16-нд Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсанд байрлуулсан атал 9 дүгээр сарын 10 гэхэд 5000 гаруй хүн бүртгэлээ шалгасан тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах мэдээлж байв. Энэ бол маш чамлалттай үзүүлэлт.  

Сонгогчдын нэрийн жагсаалтад хуудуу байгаа эсэхийг магадлахад олон талын хяналт чухал. Тэр тусмаа хамгийн чухал хянагч нь сонгогч өөрөө байх учиртай. Гэтэл тэгдэггүй. burtgel.gov.mn хаягаар би өөрийнхөө бүртгэлийг шалгаж болно. Бас манай хаяган дээр надтай нийлээд хэдэн хүн бүртгэлтэй байгааг шалгах боломжтой. Илүү хүн бүртгэлтэй байвал, миний бүртгэл зөрүүтэй байвал шалгуулах боломж бий. Үүнийг хүмүүс мэдсэн ч шалгадаггүй. Үүнийг царцаачид ашиглаж, царцааны нүүдэл цараагаа тэлсээр байгаа юм.  

 

Санал болгох

Улс төрийн намын удирдлагуудад дайх үгс

Монгол Улс олон намын тогтолцоог сонгоод 30 гаруй жилийг үдлээ. Энэ хугацаанд алдсан нь ч бий, оносон ч бий. Ямартай ч энэ бүх хугацаанд та бүхэн ардчиллыг бэхжүүлэхээр бартаат замаар зүтгэсээр ирсэн. Нүүдэлчин соёл, эрх чөлөөт философитой монголчуудыг намын туг доор нэгтгэнэ гэдэг амаргүй байгааг ойлгож байна. Гэхдээ бид зөв зам руугаа алхам, алхам урагшилж байгаа гэдэгт итгэлтэй байна.

6 өдрийн өмнө
ИХ СУРГУУЛИУДЫГ НҮҮЛГЭВЭЛ Улаанбаатар аяндаа 20 МИНУТЫН ХОТ БОЛНО

Л.Оюун-Эрдэнэ “20 минутын хот” гэж үлгэр зохиохын оронд их сургуулиудыг нүүлгэчихвэл Улаанбаатар аяндаа 20 минутын хот болох юм шүү дээ, уг нь.

3 сарын өмнө
Малчид аа, Мөрөөдөх хэрэггүй!!

Малчид маадгар явна. Шинэ хоршоо байгуулж, чинээлэг малчин болно гэж мөрөөдөөд, малилзаж сууна. МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар малчдад наалинхайтаад сүйд. Юу юугүй хоршоотой болгоод, 50 сая төгрөгийн зээл өгчих юм шиг бурж явна. Манай улс 64.7 сая малтай. Асар олон мал шүү. Хөдөө нутаг минь уудам тулдаа л энэ олон мал багтаж байгаа. Талдаа багтахаа байгаад, тайгыг хүртэл эзэлсэн л дээ. Ойн нялх моддыг өвөл, хаврын цагт буга, гөрөөстэй булаацалдан идээд, зэрлэг амьтдад идэх юм үлдээхээ байсан. Зэрлэг амьтан нутагладаг байсан ойд одоо мал сүрэг бэлчдэг болсон. Ямаан сүрэгт маань хадтай уулс хүрэлцэхээ байгаад, янгирынхаа бэлчээрийг булаасан.

4 сарын өмнө
МАН-ын уран нүүдэл буюу НИЙГМИЙГ ТӨЛӨӨЛӨХ 48 ХҮНИЙ ЖАГСААЛТ

Нэр цэвэр, толгой сийрэг, гар ажилсаг, олны танил байх гэсэн гол шалгуур тавьжээ. Үндсэндээ бол нэртэй айлын зүстэй хүүхдүүдийг МАН онилж, “Чи улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэсэн Эртний Грекийн сэтгэгч Периклийн үгийг сануулах юм байна

4 сарын өмнө