Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Б.Булган гэдэг хүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хийх ээлжит тулааныхаа зэвсгээр сонгож авчээ. Гэвч энэ зэвсэг ир муутай юм. Ирлэж ирлэж ийм л ир оруулаа байлгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө уран мэхийг уралдуулан, Ц.Элбэгдоржийн сул талыг нь олж, сүрхий самбаатай тулалдаж байгаа гэж бодож суугаа биз. Ард түмний хувьд бол түүний тулаанд үзүүштэй юм алга. МАН-ын өнөө л хуучин мэх, танил арга байв.
С.Зоригийг хөнөөсөн алуурчдыг, захиалагчтай нь хайх аман ажиллагааг МАН 4 жил тутамд зохион байгуулдаг. Аман ажиллагаа учир эрлийн үзүүрт юу ч байхгүй. Хий баахан таамаг дэвшүүлж, бөөн хүн хардсаар байгаад, сонгууль дуусмагц таг болдог. Дараагийн сонгууль дөхөөд ирэхээр дахиад түүнийг дурсана. Алуурчдыг олно гэж ам алдана. Захиалагчийг нь зарлана гэж өчиг өгнө. Авснаасаа босож иртэл нь ясыг нь өндөлзүүлнэ.
С.Зориг гэдэг хүн бусдын гарт амиа алдсан нь үнэн. Тиймээс алуурчин байгаа нь үнэн. Гэтэл яагаад олдоггүй юм бэ? Хумхийн тоос болоод замхарчхаагүй л бол наанадаж нэг хүн байх ёстой. Л.Булган үнэн хэлсэн бол бүр хоёр хүн байх учиртай. С.Зоригийг алуулснаас хойш өдий хүртэл МАН төр, засгийн эрх барьж, хууль хяналтынхныг чиглүүлж ирлээ. 2012-2016 оны хооронд ганц л удаа цөөнх болсон. Гэхдээ маш хүчтэй цөөнх.
Тэдэнд энэ хэргийг илрүүлэх боломж, цаг хугацаа, хүний нөөц гээд бүх юм байлаа. Гэвч илрүүлсэнгүй. Данхтай цай дундаа тавиад, хов базаж байгаа өвөгчүүл шиг л Э.Бат-Үүл малгайгаа мартсан, Ц.Элбэгдорж хүн хэлмэгдүүлсэн, Ц.Нямдорж тэгсэн ингэсэн гээд л улиг болсон зүйлээ чих дөжиртөл чалчив. Одоо ч ялгаагүй ...
Үхлээ хүртэл бусдад ашиглуулдаг үйлтэй хүн юм даа, хөөрхий.
МАН-ын тэргүүлсэн Засгийн газар, ХЗДХЯ энэ хэргийг 1998 оноос хойш 26 дахь жилдээ шалгаж байна. Гэвч одоо болтол ганц ч сэжүүр олоогүй. С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагаас нээсэн, 14926 хуудас хавтаст хэргийг 2017 оны 11 дүгээр сард Засгийн газар нууцаас гаргасан. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ талаар тухайн үед “Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа хэргийн статусыг өөрчилж УЕПГ-ын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлнэ. Энэ хоёр байгууллагын алинд шилжүүлэхээ дахин судалж байж, эцсийн шийдвэр гаргана. Харин гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 74 хуудас бүхий материалыг нууцын зэрэглэлтэй үлдээж байна. Захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэргийг үндсэн хэргээс тусгаарлаж, үргэлжлүүлэн шалгахаар болсон. Энэ хэргийг нууцаас гаргаснаар хэрэгтэй танилцах болон өмгөөлөгч нарын үйл ажиллагаагаа явуулах хүрээ илүү нээлттэй болно” гэж мэдэгдсэн юм.
Гэсэн ч бас л юу ч хийсэнгүй. Нууцалж байсан, одоо нууцаас гаргачихсан материалаа олон нийтэд үзүүлсэнгүй. Хожим нь ҮАБЗ уг хавтаст хэрэгтэй дэлгэрэнгүй танилцсан атлаа илрүүлэх чиглэлээр бас л гараа хумхижээ. Тэр тэмдэглэлийг, хавтаст хэргийг олон нийтэд ил болгохыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж одоо шаардаж байна. Тэр нь ч зөв.
Хэрэг илрүүлж чадахгүй юм бол хавтаст хэргийг нь үзүүлчих л дээ. Нууцлах шаардлагагүй болсон баримтыг нууцлаад байгаа нь ямар зорилготой вэ? Хариулт нь тодорхой. Олон түмэн мэдэхгүй байгаагаар далимдуулан, дахиад л сонгуульд ашиглаж байна.
Сонгууль, санал л бодож яваа улстөрчдөд С.Зориг яагаад алуулсан, түүнийг хэн хөнөөсөн, хэргийг хэн захиалсан нь үнэндээ падгүй. Улстөрчдөд сонгогчийн санал, ялалт л чухал. Өөрийнх нь үеийн, өөрийг нь мэддэг улстөрчид түүнийг ашиглан, УИХ-ын гишүүн болсон, намаа ялуулсан. Тэгээд зогссонгүй. Өөрийг нь таних ч үгүй 80-аад оныхонд хүртэл ашиглуулах гэж.
Үхсэн хүн үг хэлэхгүй. Гэвч хүний үхлээр хүртэл улстөр хийж, ашиг олж яаж чадаж байна аа, МАН. Үхлээ хүртэл бусдад ашиглуулдаг үйлтэй хүн юм даа, хөөрхий. Нөгөө ертөнц гэж бий л гэдэг. Б.Булган хүртэл үүнийг зөвшөөрч байна лээ дээ.