11 настай Т.Мөнхнаран нисгэгчээр сурах төлбөрөө хураахын тулд жил бүрийн наадмаар хуушуур хийж зардаг

2024 оны 7 сарын 102024-07-10
11 настай Т.Мөнхнаран нисгэгчээр сурах төлбөрөө хураахын тулд жил бүрийн наадмаар хуушуур хийж зардаг

Хүй мандлын дэвжээнэ, цагаан асраа босгож хуушуураа хийж ээждээ туслах буржгар үстэй, тормогор нүдтэй жаахан хүүг Т.Мөнхнаран гэдэг. Хэн ч харсан эгдүү хүргэж, хайр булаам хүү 11 настай зургаадугаар ангийн сурагч. Тэр гурван настайгаасаа эхлэн ээжийгээ даган ажилласаар эрийн цээнд хүрч ээждээ тус хүргэж, дэм болж яваа нь энэ. Эр өсөж, эсгий сунана гэдгийн жишээ Т.Мөнхнаран хүү. Ээжтэйгээ хамт аймаг сум, улсын наадам дамжин хуушуур хийгээд найман жил болжээ. Тэд хуушуураа хийхийн зэрэгцээ наадмаа үзнэ. Мөн Т.Мөнхнаран хүү хажуугаар нь олон найзтай болж, морь унаж сурсан талаараа ярьсан юм.

oojii_unaach_huu.00_07_19_13.Still003.jpg

 Хүмүүс ус, ундаа авах гэж ирээд Т.Мөнхнаран хүүгээс хуушуур аваад буцдаг байна

Хүмүүс түүнээс ундаа ус авах гэж ирээд хуушуурыг нь аваад буцдаг гэдэг. Т.Мөнхнаран хүү хуушуураа шарж, үүнийхээ хажуугаар хүмүүст үйлчилж ус, ундаагаа зарна гээд шаламгай аж. Ийн хуушуурын захиалга нэмэгдвэл ээжийнхээ хажууд завилан сууж савтай махаа өвөр дээрээ тавьж, мах гурилаа нийлүүлэн бууз мэт бөөрөнхийлөн чимхэж элдэнэ. Тэр бөөрөнхий хуушуурыг гарамгай сайн хийж сурчээ. Ингээд босож тосоо халааж чимхсэн хуушуураа тав таваар нь хийж хайрна. Захиалгаа хүндээ өгөхдөө тооны машинаа тогшиж, дэвтэр дээр зарагсдан хуушуурынхаа тоог ярайтал бичжээ. Тооцоо, төлбөрөө хүртэлх хянуур хийж харагдана.

Түүртэх зүйлгүй дуу аялсаар 40,50 хуушуурын ард гарах нь тэр. Хамгийн ихдээ тэр ээжтэйгээ 80 хуушуурын захиалга авч байсан бөгөөд үүнийг ердөө 20 минутын дотор хийсэн гэдэг. Тэрбээр үнийн хувьд нэг хуушуур 2000 төгрөг. Ийн аз жаргалтайгаар олон түмний сэтгэлийг цадатгаж буй Т.Мөнхнаран хүүгээс хуушуур авсан хүн бүр баярлалаа, “Хөөрхөн хүү байна” гээд урамшуулна. Зарим тохиолдолд унаач болон үе тэнгийн хүүхдүүд нь хуушуур авахаар ирэхэд захиалга бэлэн болтол “Зуншлага сайхан уу. Хаагуур наадаж байна. Наадам сайхан уу” гэх мэтчилэн хэдэн  үг солино. Ийн түүний найрсаг олныг татна. Ингэсээр тэр сумын наадмаар хуушуур хийж зарахдаа хэд хэдэн найзуудтай болжээ. Оройны 6 цаг хүртэл хуушуураа хийчхээд уяачдын галаар хэснэ. Ингээд унаач найз нараасаа морь маллах ухаанаас суралцаж, багагүй мэдлэгтэй болсон гэдэг. Ингээд унаач найз нарынхаа морьдыг нэг нэгээр нь унаж наадмыг талбай тойрно гээд түүний наадам ингэж л өнгөрдөг аж. Түүний хувьд “Хүүхэд насныхан хамгийн сайхан дурсамж энд л үлдэж байна даа” хэмээн ээж нь хуучилна.

oojii_unaach_huu.00_08_06_21.Still004.jpg

Т.Мөнхнаран: Ээжтэйгээ хамт хуушуураа хийж зарах шиг гоё зуны амралт байхгүй

“Ээжтэйгээ хамт машинаа унаад цэвэр агаарт, хуушуураа хийж, хажуугаар нь олон сайхан газар үзэж, найзуудтай болж явна. Энэ л хамгийн сайхан. Үүнээс илүү гоё зуны амралт байхгүй дээ” хэмээн инээв. Мөн өөрийнхөө хөдөлмөрлөсөн мөнгөөр хэрэгтэй хүссэн зүйлээ авах нь сэтгэлд өег, аз жаргал, урам зоригийг хайрлаж байдаг гэсэн юм. “Манай асрын гадна заримдаа урт дараалал үүсчихдэг учраас хүмүүст төвөг удахгүйн үүднээс та наадмын талбай нэг, хоёр тойроод ирэхэд хуушуур нь бэлэн болно” гээд хэлчихдэг. Тэгвэл амар байдаг юм. Хуушуур авах гээд дугаарлахдаа уурлаж бухимдаж хурдал гээд хэн хэндээ төвөг удаж байхаар цагаа хэмнээд, тайван стрессгүй яваад ирэхэд хуушуур нь бэлэн байх жишээний. Аль болох удаан хүлээлгэхгүй гээд хурдан, нямбай, амттай хуушуур хийхийг зорьдог юм. Манай хуушуурыг хүмүүс амттай гээд байнга захиалах хүмүүс” бий гэлээ.

Тэр дундаа сумын наадмаар ээж бид хоёрыг танихгүй хүн байдаггүй жил бүр очдог учраас тэр. Тиймээс утасны дугаарыг минь тэмдэглэж аваад наадмын өдрүүдэд хуушуураа захиалчихдаг. Т.Мөнхнаран хүү ноднингийн улсын наадмаар Хүй долоо худагт хуушуур хийж зарсан бол энэ жил ч мөн өнөөх л зогссон газартаа байх аж. Тэр жил бүр ээждээ тусалснаар тодорхой хэмжээний урамшуулал авдаг. Өмнөх жилийн наадмаар ээжийнхээ өгсөн урамшууллын мөнгөөр унадаг дугуй авсан бол энэ жил хичээлийн хэрэгслээ бэлдэж үлдсэнийг нь их сургуулийн төлбөртөө хадгалж байгаа гэх. Тэр ирээдүйд нисгэгч болох хүсэл тэмүүлэлтэй.

oojii_unaach_huu.00_10_08_18.Still002.jpg

“Нисгэгч болж өөрийн гэсэн онгоц авч ээжийгээ суулгаад аялна” хэмээв. Иймд одооноос бизнесийн ухаанд суралцаж, хадгалж, мөнгөө ариг гамтай зөв зүйлд зарцуулах зорилгын эхлэл гэдгийг онцолсон юм. Жил бүрийн наадмаар ажиллаж олсон орлогоосоо хувь авч түүнийгээ хадгаламжид хийж их сургуулийн сургалтын төлбөрөө хуримтлуулж байгаа нь тэр.

Т.Мөнхнаран одоогоор хуримтлуулсан мөнгөө хэд болсныг мэдэхгүй. Ямартай ч зорилгодоо хүрэхийн тулд тууштай шаргуу, хөдөлмөрлөх ёстойг тэр ухамсарлажээ. Айлын гурван хүүхдийн хамгийн бага гэхэд биедээ баймгүй ухаантай гээд ойр тойрны ах дүүс нь магтдаг байна. Хөдөлмөр хүнийг шагнадаг гэдгийг ах эгч нараасаа харсан. Тийм учраас тэд үргэлж хөдөлмөрлөж зорьсондоо хүрсэн байдаг. Би ч гэсэн тэднээс үлгэр жишээ авч утсанд зарцуулах цагаа ээждээ, өөртөө ашигтай байдлаар зарцуулбал зорилго, мөрөөдөлдөө хүрч чадах юм билээ” хэмээн бодсон гэлээ. Тиймдээ ч жил бүрийн зуныг утасгүй, хөдөө агаарт хуушуураа хийж борлуулангаа өөртөө ая тухтайгаар өнгөрүүлдэг байна.

Сэтгүүлч Б.Оюунжаргал 

СУРВАЛЖИЛГЫГ ҮЗЭХ

 

ө

Санал болгох

Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гаргасан жолоочид хоёр жилийн хорих ял оноожээ

Талийгаач охины ар гэр болон түүний эгч дүүд сэтгэл санааны хохирлыг 138 сая төгрөгөөр тогтоож, осол гаргасан жолоочид 2 жилийн хорих ял оногдуулжээ.  

2 өдрийн өмнө
Иргэн: Маш их дуу чимээ гарч хормын төдийд хоёр автомашин лааз шиг болсон

СХД-ийн 33-р хороо Тахилт орчимд өнөөдөр 12:00 цагт хоёр “Prius” 30 маркийн автомашин мөргөлдөж гэрлийн шон мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Тэгвэл гэрлийн шон мөргөсөн “Prius” 30 маркийн автомашины жолоочийн эхнэр ослын талаар дараах тайлбарыг өглөө.

2 өдрийн өмнө