Э.Болормаа: Уртын сайхан дуугаа дэлхийн тавцанд дуулж явах хувь заяандаа талархдаг

2024 оны 7 сарын 112024-07-11
Э.Болормаа: Уртын сайхан дуугаа дэлхийн тавцанд дуулж явах хувь заяандаа талархдаг

-Монгол төрийн их баяр наадмынхаа нээлтэд зууны алдарт дуу “Уяхан замба тивийн наран”-г хадаалаа. Энэ жилийн наадмын нээлтийн онцлог юу байв. Сэтгэгдлээсээ бидэнд хуваалцаач?

Монголынхоо өв уламжлал болсон наадамд “Уяхан замба тивийн наран” дууг хадаасандаа маш их баяртай байна. 2013 онд Дэлхийн ардын язгуур урлагийн наадамд Г.Энхбаатар гавьяаттай хамт оролцож, энэ дуугаараа гранпри шагнал хүртсэн. Монгол түмний бахархал наадмынхаа нээлтэд оролцоход үнэхээр сайхан байна. Санал тавьсан найруулагчдаа баярлалаа.

Энэ жилийн наадмын нээлтийн тоглолтыг Ц.Батнайрамдал найруулагч найруулсан. Эх дэлхийн үүсэл хөгжил, байгалийн чимээнээс уртын дуу үүссэн. Арга билиг буюу нар, сар ээлжилдэг гэдэг утгаар “Уяхан замба тивийн наран”-г дуулуулъя гэж Г.Энхбаатар гавьяат бид хоёрт санал тавьсан юм. Бид хоёр сөөлжиж дуулдаг. Хамтдаа эхлээд, нэгэндээ өгөөд, нөгөөх нь аваад, төгсгөлдөө хамтдаа дуулдаг. Эмэгтэй, эрэгтэй нар, сар дуулж байгаа мэтээр дуулдаг. Г.Энхбаатар гавьяат бид хоёр Дэлхий үүсэн хөгжиж буй агшин дунд лифтээр гарч ирээд, “Уяхан замба тивийн наран, Эх дэлхий минь” гэж дуулдаг. Яг тэр агшин үнэхээр гоё.

-Яагаад заавал уртын дуучин болсон бэ? Танай гэр бүлд дуучин хүн бий юү?

Нутаг, нутагт найр, наадамд дуулдаг хөгшчүүл байдаг. Тэрний нэгэн адил Архангай аймгийн Хангай суманд миний өвөө айлын хурим, найранд залагдаж дуулдаг уртын дуучин байлаа. Аавынхаа талын энэ өгөгдлөөр уртын дуучин болсон. Хөгжим, бүжгийн сургуульд Ардын жүжигчин Д.Түвшинжаргал, Ш.Чимэдцэеэ багш нарынхаа удирдлага дор суралцан, уртын дуучин мэргэжил эзэмшиж, 2010 онд сургуулиа төгссөн. Үүнээс хойш “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн”, “Арга билиг”, Морин хуурын чуулга зэрэг үндэснийхээ өв соёлыг түгээн дэлгэрүүлдэг уран бүтээлчидтэйгээ хамтран, давхардсан тоогоор 50 гаруй улсад эх орноо сурталчилсан байна. Оролцсон тэмцээн, уралдаан, фестиваль гэвэл зөндөө бий.

-Олон улсад эх орноо сурталчлахад гадаадынхан, тэр дундаа эх орноосоо гараад удаж байгаа монголчууд хэрхэн хүлээж авдаг вэ?    

Ардын урлаг дотроо хөөмий, морин хуур, уртын дуу, бие биелгээ гээд олон төрөлтэй шүү дээ. Эдгээрийг нэг дор иж бүрэн тоглолтоор үзээд, гадаадад байгаа монголчууд уйлдаг. “Ямар гоё юм бэ. Эх орондоо байхдаа уртын дууг хөгшин хүний дуу гэж боддог байсан. Үгүй юм байна. Уртын дуугаа дахиад дуулж өгч болох уу. Манай гэрт, ажил дээр ороод дуулаад өгч болох уу?” гэдэг. Бүр “Өглөө сэрээд нүдээ нээнгүүтээ “Уяхан замба тивийн наран”-г Н.Норовбанзад гуайн дуулснаар, Энхбаатар гавьяат бид хоёрын дуулснаар сонсож, бясалгал хийх шаардлагагүйгээр өөрийгөө эс, эдийн түвшинд сэрээж чаддаг болсон. Үнэхээр бахархалтай байдаг шүү” гэж хэлсэн хүн ч бий.   

Монголчууд дэргэдэх сайхан юмаа мэдэрдэггүй юм шиг байгаа юм. Хүн өөрийн чухал үнэ цэнтэй зүйлээсээ холдоод ирэхээр тэр лүүгээ заавал тэмүүлдэг. Үүн шиг гадаадад амьдардаг монголчууд маань өв соёлоороо бусдаас ялгарч, монгол хүний үнэ цэнэ бол өв уламжлал юм байна гэдгийг ойлгочихсон байдаг юм билээ. Тиймээс үүнтэй адил Монголд байгаа хувь хүн бүр ардын өв соёлоо өөртөө тээж, хүндлэхийг хичээгээсэй.

291929438_5480005798687949_2269090747851020939_n.jpg

-Уртын дууг хүнд хүргэхэд дуучнаас ихээхэн чадвар шаарддаг байх. Яаж дуулах ёстой юм бэ?

Уртын дуу бол төсөөлөх, харах, сонсох мэдрэмж шаарддаг, дуулаачийн урлаг. Энэ утгаараа уртын дуучид бие нь энд байгаа ч сэтгэлээрээ өөр газар очин, алсыг ширтэж дуулдаг. Уг дууныхаа мөн чанар, утга агуулгыг маш сайн ойлгож дуулах ёстой. Жишээлбэл, “Уяхан замба тивийн наран”-г тайзан дээр, байгальд, гэрт дуулах өөр өөр байдаг. Тухайн орчноосоо шалтгаалаад, дуулалт өөр өөр болдог. Мэдээж тухайн дууныхаа утга, агуулгыг бодон дуулж байгаа учраас тэр дууны сүнс, утга, агуулга нь сонсож буй хүнд тусдаг. Уртын дуу хүнийг тайвшруулах увдистай, үг нь ч гүн агуулгатай. Тэр бүгдийг сонсогчдод хүргэнэ гэдэг уртын дуучаас их авьяас, чадвар шаардана.

Хүмүүс “Уртын дууны үг нь ойлгогдохгүй, аяа сунгаад байдаг” гэж хэлдэг. Бадгийг уртын дуунд түрлэг гэдэг. Түрлэг дээр 2 мөр байх жишээтэй. Тиймээс амьсгаа, авиа маш чухал. Нэг авиа өөрчлөгдөхөд, өөр дуу руу орчих гээд байдаг. Хоолойны олон удаагийн цохилго, дээшээ доошоо гарч байгаа өнгөнүүд, шуранхай зэргээр дуулаачаас техник их шаарддаг юм. Дэлхийн сонгодог бүтээлүүдэд симфони оркестр, дуурийн дуу багтдаг. Тэгвэл Монголын сонгодог урлаг нь уртын дуу. Зөвхөн Монголд дуулагддаг, үгийн философи, аяны аялга нэгдэн, сонгодог бүтээл болдог. Хүнд өгөх мэдрэмж, энерги нь амьтай сүнстэй болж ирдэг. Морин хуурын чавхдасыг адууны дэл, сүүлээр хийдэг шүү дээ. Тиймээс амьд сонсогддог. Үүн дээр уртын дуу өв уламжлагчаар дамжиж хүрч байгаа учраас амьтай, хүнд очихдоо энерги нь сайхан болж очдог.

-Хэрвээ та уртын дууч болоогүй байсан бол өөр ямар мэргэжилтэй байх байсан бэ?

Би Архангай аймгийн Хангай сумынх. Сумынхаа цэцэрлэг, сургуулийн урлагийн үзлэгт ордог, ерөөсөө л урлагийн хүн болно гэж бодож байсан. Харин дунд нь лам болох шахсан. Маани мэгзмийг аялгуутай уншдаг шүү дээ. Маани хөгжөөж байсан чинь лам ирээд “Чамайг ер нь лам болгочихъё” гэсэн. Тухайн үед би 5-р ангид байсан байх. Лам болбол ч болъё гэх ухааны юм бодож байж билээ. Үүний дараа хотод шилжин ирээд, сургуулийнхаа урлагийн үзлэгт идэвхтэй оролцож, аятайхан амжилт гаргасан. Ингээд Хөгжим, бүжгийн сургуулиас урилга авч, уртын дууч болсон доо.

-Та наадмын дараа Парисын олимпын "Монгол хаус" буюу эх орноо сурталчлах баг бүрэлдэхүүнд "Хөсөгтөн" хамтлагтай дуулахаар болсон. Энэ талаараа яриач?

Монголчуудыг сурталчлах зүйл бол өв соёл, уламжлал. Тиймээс Монгол Улс анх удаа олимпын наадмын үеэр эх орноо сурталчлах “Монгол хаус”-ыг олимп болж буй газрын төв хэсэгт байгуулахаар болсон. “Монгол хаус”-т монгол гэр, тайз, урлаг, хоол, үндэсний хувцас гээд бүх зүйл цогцоороо байна. Олимпын үеэр нийт 50.000 хүнд хүрч үйлчлэх зорилго тавьчихсан юм билээ. Энэ баг бүрэлдэхүүнд “Хөсөгтөн” хамтлагтай нэгдэн, эх орноо сурталчлах болсон нь нэр төрийн хэрэг.

Засгийн Газар, Соёлын яам, Монголын үндэсний олимпын хороо болон олон уран бүтээлчийн хамтарсан баг эх орноо сурталчлах үйл ажиллагааг Парист зохион байгуулах гэж буй нь маш том хариуцлага, бас томоохон баяр. Үүнийхээ бэлтгэлийг давхар хийгээд явж байна.

 

Зүгээр дуугаа дуулаад явахаас илүү Дэлхийд Монголоо сурталчилна гэдэг зөвхөн надаар төсөөлөгдөж, хязгаарлагдаж буй зүйл биш.

Тиймээс хувцсаа цэгцтэй өмсөх, тоглолтондоо хариуцлагатай оролцох, дуугаа алдахгүй сайхан дуулахын тулд их хичээдэг. Энэ хичээл, зүтгэл маань өнөөдрийг болтол үргэлжлээд, зөндөө боломж гарч ирж байгаад, багш болон ээж, аав өв уламжлал болсон уртын дуу, ардын урлагтаа баярлаж явдаг.

-Уртын дуучин болж, өв соёлоо уламжлан авч яваагийн хувьд хамгийн их огшиж, баярласан үеэсээ бидэнд хуваалцахгүй юу?

Японд уртын дуу гэж байдаг юм билээ. Л.Сосорбарам ахтай нэгэн ойн үйл ажиллагаагаар Японд очсон юм. Тэр хүлээн авалтын үеэр Японы уртын дууч нь дуулсан. Тэгэхэд юу дуулчхав аа л гэж бодсон. Нөгөө хэд нь алга ташаад, баярлаж байсан. Тэгэхэд нь “Со ах аа, би “Дөмөн” дуулчих уу” гэсэн чинь “Тэг тэг. Босоод дуулчих” гэхэд нь тэр олон хүний өмнө Монгол уртын дуугаа бахдаж дуулсан. Тэр үед Монгол урлаг, уртын дуу ийм байдаг юм шүү гэдгийг утгаар нь харуулсан.

Тэр үеийг дараа нь бодоод байхад япончуудын газар нутаг жижигхэн, жижиг байр сууцанд арга эвээ олж амьдардаг учраас уртын дууны дуугаралт нь аядуу зөөлөн, богино байдаг юм шиг санагдсан. Харин Монголын урлаг, уртын дуу бол газар нутаг шигээ тэнүүн учраас дуугаа тал даяар хүргэхийн тулд ая аялгуу нь өндөр, цохилго, техник олонтой болохоор дуулахад бардам, гоё. Тэр үе миний санаанаас ер гардаггүй. Хамгийн их омогшсон үе.  

Сэтгүүлч Д.Сарантуяа

БИЧЛЭГ ҮЗЭХ

 

Санал болгох

Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гаргасан жолоочид хоёр жилийн хорих ял оноожээ

Талийгаач охины ар гэр болон түүний эгч дүүд сэтгэл санааны хохирлыг 138 сая төгрөгөөр тогтоож, осол гаргасан жолоочид 2 жилийн хорих ял оногдуулжээ.  

2 өдрийн өмнө
Иргэн: Маш их дуу чимээ гарч хормын төдийд хоёр автомашин лааз шиг болсон

СХД-ийн 33-р хороо Тахилт орчимд өнөөдөр 12:00 цагт хоёр “Prius” 30 маркийн автомашин мөргөлдөж гэрлийн шон мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Тэгвэл гэрлийн шон мөргөсөн “Prius” 30 маркийн автомашины жолоочийн эхнэр ослын талаар дараах тайлбарыг өглөө.

2 өдрийн өмнө