Сургалтын 9 байгууллага токарьчин бэлтгэж байна

2024 оны 9 сарын 172024-09-17
Сургалтын 9 байгууллага токарьчин бэлтгэж байна

Дэлхийн ур чадварын уралдааны токарийн төрөлд нийт 25 улс оролцлоо. Оролцогчид 3 өдрийн турш 3 модуль даалгаврыг тус бүр 4 цагийн хугацаанд гүйцэтгэв. Эхний даалгавар захиалагчийн хүсэлтээр гүйцэтгэх ажил байжээ. Манай улсаас уг төрөлд ур чадвараа сорьсон оролцогч даалгавар гүйцэтгэх машин, тоног төхөөрөмжтэйгөө танилцахад нэлээд хугацаа зарцуулжээ. Ингээд өгсөн ажлын зураг дээрх техникийн нөхцөлийг хангаж, гадаргуугийн цэвэршилт, заагдсан нарийвчлалыг гаргасан байна. Хоёр дахь даалгавар нь массын буюу бөөний үйлдвэрлэлийнх. 4 цагийн турш 5 бүтээгдэхүүнийг өгөгдсөн нарийвчлалын дагуу зорох ёстой уг даалгаврыг манай оролцогч хугацаанаас нь 30 минутын өмнө дуусгасан байна. Гурав дахь даалгавар нь угсрах эд анги зорох байв. Нийт 3 эд ангиас бүрдсэн угсаргааны эд ангийг зоржээ. 

Монголчуудын токарийн арга зүй, ур чадвар ижил түвшинд байгаа аж. Хамгийн гол бэрхшээл нь мэдэхгүй, ашиглаж үзээгүй тоног төхөөрөмж байсан аж. Дэлхийн ур чадварын уралдаанд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашигладаг. Мөн орчин үеийн, шинэ технологийн төхөөрөмж зоруулдаг юм байна. 

токарь.jpg

Энэ тэмцээнд амжилттай оролцсон улсууд 20-22 насны залуусыг үйлдвэр дээр 4-5 жил ажиллуулж дадлагажуулсны дараа уг тэмцээнд оролцуулдаг ажээ. Манай улс 1990 оноос өмнө токарь, фрезерийн 8000 орчим машинтай байв. Одоо "Эрдэнэт үйлдвэр", Төмөр замын төв засварын газар зэрэг цөөн үйлдвэр ийм машин, механизм ашиглаж байна. Үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд токарьчин мэргэжилтнүүдийг чанартай бэлтгэх, орчин үеийн машин, тоног төхөөрөмж ашиглаж сургах шаардлагатай байгааг уг тэмцээнд шинжээчээр оролцсон багш нар анхаарууллаа.

Манай улсад Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Налайх, Бор-Өндөр, Барилгын, ШУТИС-ийн харьяа политехник коллеж, Хэнтий, Герман-Монголын мэргэжлийн боловсролын сургууль гэсэн нийт 9 сургалтын байгууллага "Металлурги, металлын технологи" гэсэн хөтөлбөрөөр сургалт явуулж байна. 2024-2025 оны хичээлийн жилд 7 сургуулийн 220 суралцагч токарьчин мэргэжлээр элссэн бол 58 суралцагч дэвшин суралцаж байна.

Санал болгох