П.Мөнхдэлгэр: “Инновацын эзэд” шоу нэвтрүүлэгт орсон нь миний хамгийн зөв сонголт

2024 оны 9 сарын 182024-09-18
П.Мөнхдэлгэр: “Инновацын эзэд” шоу нэвтрүүлэгт орсон нь миний хамгийн зөв сонголт

Хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хүний өдөр тутмын асуудлыг шийдэж, үйл ажиллагааг хөнгөвчилсөн инновацлаг бүтээл, техникийн шийдэл, санааг "Инновацын эзэд 2024" шоу нэвтрүүлэг хүргэдэг. Тус шоу нэвтрүүлгийн 2024 оны шинэ улирлын бүртгэл эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор бид өнгөрсөн улирал буюу 2023 оны тусгай байрын шагналт Пүрэвдэлгэрийн Мөнхдэлгэртэй ярилцлаа. Тэрээр ухаалаг тэргэнцэр бүтээлээрээ шилдэг наймд шалгарч, СУИС-д 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн эзэн болж, одоо хүссэн мэргэжлээрээ суралцаж байгаа юм.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач. “Инновацын эзэд” шоу нэвтрүүлэгт хэрхэн орж байв?

Сайн байцгаана уу. Намайг Пүрэвсүрэнгийн Мөнхдэлгэр гэдэг. Би СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн уран зургийн хоёрдугаар дамжаанд сурдаг. Анх “Инновацын эзэд” нэвтрүүлэгт Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч байхдаа багштайгаа хамт орж байсан.

- “Инновацын эзэд” шоу нэвтрүүлэгт орох бүтээлийнхээ санааг хэрхэн олсон бэ?

Анх манай багш над руу “Инновацын эзэд” нэвтрүүлгийн постер зургийг явуулсан юм. Хамаатныхаа хөгжлийн бэрхшээлтэй ахыг бодож байгаад, нэвтрүүлэгт орох санаагаа багштайгаа хамтран гаргасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гадуур явахад хүндрэлтэй байдаг. Ялангуяа Монголын замд. Жишээлбэл: Тэргэнцэртэй иргэн заавал хэн нэгний тусламжтайгаар явах, үйлдэл хийх шаардлагатай байдаг шүү дээ. Тиймээс тэр үйлдлийг хөнгөвчилж, хэн нэгний тусламжгүйгээр өөрөө автобусанд суух, гадуур явах боломж бий болгоё гэсэн үүднээс тэргэнцэр скүүтэр хоёрыг холбосон ухаалаг тэргэнцэр бүтээсэн.

- Санаагаа гаргаад, бүтээлээ хийхэд хэр хугацаа зарцуулсан бэ. Бүтээлээ хийсэн үйл явцаасаа ярьж өгөөч?

Тэргэнцэр скүүтэрт ямар ч өөрчлөлт ороогүй. Зөвхөн тэр хоёрыг хооронд нь холбох холбогч шинээр бүтээсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүн хэн нэгний оролцоогүйгээр өөрөө холбож чаддаг байлгах үүднээс хөнгөнцагаанаар авсаархан байдлаар хийсэн. Санаагаа гаргаж, зургаа зураад, түүнийгээ бодит болгоход нэг сар зарцуулсан. Эхний удаагийнх учраас ингэж удсан. Хурдан хийж болох байсан л даа. Зарим материалаа БНХАУ-аас захиж авчруулсан юм. Одоо 24 цагийн дотор хийж чадахаар болсон. Миний энэ бүтээлийг одоо амьдралдаа ашиглаж байгаа хүмүүс бий.

c24337ff-9896-416d-b0b7-11203c649d3e (1).jpg

-Нэг ухаалаг тэргэнцэр бүтээхэд хэдэн төгрөг зарцуулсан бэ?

Зардлын хувьд боломжийн. Нэг тэргэнцэр 200 мянган төгрөгийн өртгөөр хийдэг. Энэ бол зөвхөн скүүтэр, тэргэнцэр хоёрыг хооронд нь холбох холбогчийн төсөв шүү дээ. Харин тэмцээндээ оролцохын тулд Дорнодоос Улаанбаатарт ирж, очиход хүндрэлтэй байсан. Нээрээ гадаадад яг минийхтэй адилхан тэргэнцэр байдаг юм билээ. Бүр амархнаар, хялбарчлаад, холбогчгүйгээр хийчихсэн тэргэнцэр. Гэхдээ үнэтэй. Түүний хажууд миний тэргэнцрийн өртөг бага, яг Монголын нөхцөлд таарсан. Ямар ч бартаатай зам, гэр хорооллын шороон замд асуудалгүй явна. Цагт 60 км зам туулахаар хурдан явах хүчин чадал, боломжтой.

- Хийсэн бүтээлийг нь шүүгчид хэрхэн дүгнэсэн бэ. Засаж сайжруулах зүйл байсан уу. Ямар санаа, оноо өгсөн бэ?

Шүүгчид миний санааг дэмжиж, илүү авсаархан, ашиглахад хялбар болгох тал дээр санал хэлсэн. Багш бид хоёр нэлээн ажилласан. Ерөнхийдөө скүүтэр дээр холбогчоо тавиад, дээр нь тэргэнцрээ байрлуулахад, ухаалаг тэргэнцэр бэлэн болдог. Ингээд ямар ч хүний тусламжгүйгээр явна гэсэн үг.

- Тус шоу нэвтрүүлэгт оролцох үед шантрах тохиолдол гарч байв уу. Эмэгтэй хүн зохион бүтээх, юм хийх тал дээр хэр байдаг гэж бодсон бэ?

Нэвтрүүлэгт орж байхдаа би төгсөх ангийн сурагч байсан. Элсэлтийн шалгалттай давхцаад, шантрах үе нэлээн гарсан. Шалгалтдаа бэлдмээр байдаг, тэмцээндээ ормоор байдаг. Больчихмоор санагдсан үе байсан. Гэхдээ хичээгээд, ард нь гарсан.

50080d0d-65b0-44e9-865d-ca9ae2cc8568 (1).jpg

- Чиний бүтээл хэдэн бүтээлээс шалгарч, тусгай байрын шагнал хүртсэн бэ. Тэмцээнд өрсөлдсөн бусад бүтээлүүдийн тухайд.

Анх “Инновацын эзэд” тэмцээнд 100 гаруй бүтээл ирсэн. Үүнээс шилдэг 32 бүтээлийг шалгаруулаад, шилдэг 16, шилдэг найм гэж хасаж явсаар, шилдгийн шилдэг бүтээлээ тодруулсан. Өөрийнхөө бүтээлийг шилдэг наймд шалгарсныг сонсоод, маш их баярлаад уйлсан. Баярт мэдээгээ хамгийн түрүүнд ээждээ хэлсэн. Манай аав, ээж хоёр намайг үргэлж дэмждэг, “Хиймээр байгаа зүйлээ хий” гэдэг. Тиймээс ч миний хүсэл, мөрөөдлийн дагуу СУИС-д сургаж байгаа.

- Тэмцээнд хамт өрсөлдсөн оролцогчдоос суралцсан зүйл бий юу. Өөрийнхөө бүтээлээс гадна өөр бүтээл харахад ямар санагдсан бэ?

Мэдээж маш их зүйл сурсан. “Инновацын эзэд” шоу нэвтрүүлэгт чадварлаг, сайн хүн олон байсан. Тухайлбал: ШУТИС-ийн оюутнуудын бүтээсэн машиныг хараад “Яаж ингэж бүтээсэн юм бол” гэж их гайхсан. Үнэхээр чадварлаг. Надаас хоёр дүү Дэмүүл гэж оролцогч хүнд туслах роботон гар хийсэн байсан. Шинэлэг санаа гаргаж, гоё бүтээл хийсэн үеийнхээ мундаг хүүхдүүдтэй өөрийгөө харьцуулан, голох мэдрэмж төрж байсан ч нөгөө талаас олон зүйл эргэцүүлж, ихийг сурч, мэдсэн.

f52d340b-1651-4223-8aa9-d6ed7bda18b8 (1).jpg

-Хүч хөдөлмөр, цаг заваа гаргаж бүтээсэн бүтээлээрээ тусгай байрын шагнал аваад, СУИС-д 100 хувийн тэтгэлгээр суралцах боломжтой болсон. Энэ талаар сонсоод ямар байсан бэ?

СУИС-д суралцах болсноо сонсоод маш их баярласан. Энэ мэдээгээ хамгийн түрүүнд ээждээ хэлсэн. “Инновацын эзэд” шоу нэвтрүүлэгт орсондоо би маш их баярладаг. Хэрвээ оролцоогүй байсан бол одоо СУИС-д хүссэн мэргэжлээрээ суралцахгүй ч байсан байж магадгүй. Оръё гэж шийдсэн нь миний хамгийн зөв сонголт байсан. Ур чадварын тал дээр ч, өөрийгөө нээх тал дээр маш их зүйл сурсан. Үр өгөөжтэй нэвтрүүлэг байсан. Өөрийгөө шинэ зүйлд сорьё, толгой дотроо юм хийе гэж бодож явдаг залуучуудад “Инновацын эзэд” шоу нэвтрүүлэгт заавал ороорой гэж хэлмээр байна. Үр өгөөжтэй, олон талын мэдлэг, боломж нээж өгдөг нэвтрүүлэг шүү.

Санал болгох