2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

2024 оны 7 сарын 262024-07-26
2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ.

Уг тайланг бэлтгэсэн НҮБ-ын Хүн амын хэлтсийн дарга Жон Вилмот хэлэхдээ, "энэ зуунд дэлхийн хүн ам дээд цэгтээ хүрэх магадлал нэлээд өндөр буюу 80 орчим хувьтай байна гэсэн байна.  Тэрээр "Энэ бол 10 жилийн өмнө дэлхийн хүн ам дээд хэмжээнд хүрч, улмаар 21-р зуунд өсөлт зогсох магадлал 30 орчим хувьтай байсан НҮБ-ын таамаглалтай харьцуулахад томоохон өөрчлөлт юм" гэжээ. Бакнелийн их сургуулийн математикийн профессор Том Кэссиди AP-д хэлэхдээ, түүний хамтран бичсэн “Demography” сэтгүүлд шинээр нийтлэгдсэн судалгаагаар хүн амын тоо энэ зууны эцэс гэхэд дээд цэгтээ хүрэх магадлалтай гэжээ. "Дэлхийн хүн амын хэтийн төлөв 2024" тайланд дурдсанаар, дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүд 1990 оныхоос дунджаар нэгээр цөөн хүүхэд төрүүлж байгаа бөгөөд нийт улс орон, нутаг дэвсгэрийн талаас илүүд нь нэг эмэгтэйд ногдох амьд төрөлтийн дундаж тоо 2.1-ээс бага байгаа аж. Тайланд дурдсанаар, 2024 онд Хятад, Герман, Япон, Орос зэрэг 63 улс орон, нутаг дэвсгэрт хүн амын тоо дээд цэгтээ хүрсэн байна. Энэ бүлгийн нийт хүн ам ойрын 30 жилд 14 хувиар буурах төлөвтэй байна. 

Бразил, Иран, Турк, Вьетнам зэрэг өөр 48 улс орон, нутаг дэвсгэрт хүн ам 2025-2054 онд дээд цэгтээ хүрнэ гэж тайланд дурджээ. АНУ, Энэтхэг, Индонези, Нигери, Пакистан зэрэг 126 улс орон, нутаг дэвсгэрийн хувьд хүн ам 2054 он хүртэл өсөх төлөвтэй байгаа бөгөөд зууны хоёрдугаар хагаст буюу түүнээс хойш оргилдоо хүрэх магадлалтай байна. Эдгээрээс Ангол, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Конго, Нигери, Сомали зэрэг есөн улсын хувьд 2024-2054 онд хүн ам нь хоёр дахин өсөх хандлагатай байна. 2080 он гэхэд 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн тоо 18 хүртэлх насны хүүхдүүдээс илүү байх болно. Зарим оронд цагаачлал нь ирээдүйн өсөлтийн гол хөдөлгөгч хүч байх гэдгийг ажиглагчид онцолжээ.

 

Санал болгох

Бразил улс Элон Маскийн “Х” платформыг хаалаа

Бразил улс бямба гаргийн эхээр Элон Маскийн олон нийтийн мэдээллийн сүлжээ “Х” платформыг хааж эхэлсэн байна

3 өдрийн өмнө
Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсгийн олон зуун мянган оршин суугчид үерийн гамшигт өртөөд байна

Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсэгт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Хоёр улсын хилийн эрэг орчмын гол мөрний усны түвшин эрс нэмэгдэж байгаа нь нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

16 өдрийн өмнө