Буйр нуураас гадаадын иргэд хясаа түүсэн гэх мэдээлэл худал

2024 оны 8 сарын 192024-08-19
Буйр нуураас гадаадын иргэд хясаа түүсэн гэх мэдээлэл худал

Буйр нуураас гадаадын иргэд хясаа түүсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тухайн иргэний бичлэг дээр гарсан, уутанд хийсэн хясаа нь нуурын усан дотроос биш, уснаас нуурын эрэг рүү түрэгдэн гарч ирсэн хясааны хавтас яс (хуяг) юм байна. Тиймээс нотолгоо баримтгүйгээр иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг Буйр нуурын экосистемийг хагаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх төв анхаарууллаа. 

Буйр нуураас хясаа түүх асуудалд Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргааны байгаль орчны байцаагч, Буйр нуурын экосистемийг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх төвийн байгаль хамгаалагч нар тогтмол хяналт тавьж, иргэдэд зөвлөмж, мэдээлэл өгч байна.

Буйр нуурт амьдардаг дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica ), дэлт танан хясаа (Cristaria plicata) нь Монгол Улсын "Улаан ном"-д орсон. Монгол танан хясаа (Middendorffinaia mongolica) Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд маш цөөн таардаг. Хясаа нь илтэс заламгайтны ангийн төлөөлөгч юм. Буйр нуурт 10-30 см урт, 200-1000 г жинтэй бодгалиуд элбэг таардаг.

Хясаа бол ягаавтар өнгөтэй, салбант нялцгай биетэй. Салбангаас ялгарсан шүүс нь шохойлог бодис их агуулдаг. Хясаа ус цалгилах, гэрэл, харанхуйг мэдэрдэг байна. Эм хясааны өндгөн эс усан дотор эр эстэй нийлж, үр тогтдог. Авгалдай шатандаа загасны заламгайд шимэгчлэн өсөж, бие гүйцээд нуур, голын хүчилтөрөгчөөр баялаг ёроолын хэсэгт олон жил амьдардаг юм байна. Өсөлт удаантай. Нуураас агнаж буй загасны торонд шүүгдэн хорогдохоос гадна усны бохирдол, хатаж ширгэх зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр тоо толгой нь ховордож байгаа ажээ. 

Нас биед хүрсэн нэг хясаа ойролцоогоор 190 литр усыг 5 цагт цэвэршүүлдэг байна. Иймээс Буйр нуураас хясаа түүж, чанаж идэж идэхгүй байхыг зөвлөж байна. Хясаа түүж бэлтгэсэн тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.12-д заасны дагуу зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хураах, мөнгөн торгуул оногдуулах, нөхөн төлбөр гаргуулах, экосистемд учирсан хохиролыг нөхөн төлүүлэхийг Буйр нуурын экосистемийг хагаалах, аялал жуулчлал хөгжүүлэх төв анхаарууллаа. 

 

Санал болгох