Хуульчдын "бэртэгчин" эс үйлдэл эрх зүйн хөгжилдөө халтай

2020 оны 2 сарын 42020-02-04
Хуульчдын "бэртэгчин" эс үйлдэл эрх зүйн хөгжилдөө халтай

 

Өнөөгийн УИХ-д гишүүд дунд 23 эрх зүйч байгаа гэсэн судалгааг Сонгуулийн ерөнхий хороо гаргажээ. Хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн 23 хууль тогтоогчтой гэсэн үг. Тэднээсээ арай дөнгүүр гэж Х.Нямбаатарыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар тавьсан байх. Тэрээр их чичлүүлсэн дээ, гишүүд дээ. “Миний дүү, битгий бусдын гар хөл болоод бай. Эрүүгийн хууль зэрэг энэ том хуулиудыг анх удаа УИХ-д сонгогдсон шинэ гишүүн өөрчлүүлдэггүй юм” гэх мэт. Гэхдээ л тэрээр 2015 онд баталсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, тэдгээрийн процессын хуулиудыг өөрчлөх ажлын хэсгийг ахалж 2017 онд өөрчлүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацаагаар гэмт хэрэгтнүүдэд ял завшуулах заалт оруулснаа ажлын хэсгийн ахлагчийн хувьд харж хянаагүй, чадах бүхнээ хийгээгүй нь түүний буруу.

Чичлүүлж залхсан тэрээр, “Үе үеийн Хууль зүйн сайд нарын үйл лайг би үүрч явна. Энэ Эрүүгийн хууль чинь надтай холбоогүй. Би зүгээр үг үсгийн алдаа зассан” гэж өөрөөсөө зайлуулж хэсэг үзсэн. Ц.Нямдорж руу дайрч хэсэг явав. “Өглөө нь Эрдэнэтийн 49 хувь, орой нь С.Зоригийн хэрэг л ярьдаг. Үндсэн ажлаа хийдэггүй Хууль зүйн сайдтай боллоо” гэж шүүмжилсэн. Ц.Нямдоржийг онож хэлсээн. Хуулийн сайдыг хэд хэд үгээрээ чимхсэний дараагаар Ц.Нямдоржоосоо "Чиний энэ тодрох гэсэн өвчин  аминд чинь хүрч мэднэ шүү. Мэдэхгүй, юу л гэж ойлгоно. Ойлго" гэсэн үг чуулганы нэгдсэн хуралдаан дээр сонсч байлаа.

Ш.Раднаасэдийн анх санал гаргаж өөрчлүүлсэн заалт буюу хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдэг шалтгаанаар олон авлигач, албан тушаалын хэрэгтэн ялгүй болов. Аргагүй дээ, Х.Нямбаатарын өөрчлүүлсэн хуулийг шүүх хэрэглэхээс өөр яалтай. Удаж, ядсаар оны зааг дээр Х.Нямбаатар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлуулсан. Энэ хуулиар хөөн хэлэлцэх хугацаагаар шүүх, прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах, одоо шалгаж байгаа хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан агуулгаар нь тоолох зохицуулалт оруулсан гэдэг.

Гэвч бүтэх, хэрэглэж болох эсэх нь онолын маргаантай өдийг хүрлээ. Эндээс хоёр асуудал сонирхол татна.

1.

Х.Нямбаатар Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслөө боловсруулахдаа Улсын ерөнхий прокурорын газар, Улсын Дээд шүүхээс огт санал аваагүй. Уг нь Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн нарыг ажлын хэсэгт оруулсан юм билээ. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл биш Хууль зүйн байнгын хорооноос саналыг нь томъёолж Х.Нямбаатар өөрөө оруулсан байж болно. Гэхдээ хууль хэрэглэх байгууллагуудаас нь санал аваагүй гэдгийг УИХ-ын чуулганы хурал дээр М.Чинбат прокурор хэлнэ лээ. Хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэдэг учраас нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд хэрэгсэхгүй болсон хэргүүдийг шинэ хууль гаргаад, шинээр сэргээж шийтгэх боломжгүй гэж хуульчид ярьсаар л байгаа. Хууль гардаг хэрэглэх шүүх засаглалаас “Энэ хуулийг хэрэглэх боломжтой юу. Ямар үр дагавар гарах вэ” гэдгийг асуулгүй том толгойлсон нь эцэстээ хэрэгжихгүй хууль гарах нөхцөлийг бүрдүүлжээ. Цаашлаад “Шударга бусын хонгил, МАНАН бүлэглэлд үйлчилдэг шүүгч, прокурор” гээд дайрах, довтлох боломжийг улстөрчид өөрсдөдөө бүрдүүлэв.

2.

Шүүгч, прокурорууд батлагдсан хуулийг хэрэглэнэ. Ингэхдээ бүр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн хуулийг дагаж мөрдөнө. Гэтэл Х.Нямбаатарын санаачилсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдаад бүтэн нэг сар боллоо. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төслийг нь ч батлаад бүтэн сар өнгөрлөө. Гэтэл өнөөдрийг хүртэл Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэсэнгүй. Энэ сэтгүүлд хэвлээгүй учраас legalinfo сайтаас ч харах боломжгүй байна. Сураг сонсох нь ээ, хуулийн төсөл дээр техникийн алдаа гарсан гэх юм билээ. Энэ хугацаанд дахиад хэдэн хэрэг хэрэгсэхгүй болж байгаа бол доо. Төрийн мэдээлэл сэтгүүлд хуулийг хэвлэлээ гэж бодъё. Шүүгч нар, прокурорууд энэ хуулийг хэрэглэж болох уу. “Болох уу” гээд асуухаар ил гараад ярилцлага өгөх прокурор, шүүгч олдохгүй байна. Тэд айдастай, холбоод нь амаа хамхиастай байна. Өмгөөлөгч нар бол “болохгүй ээ” гэж хэлж байна. Харин Хуульчдын холбоо таг чиг. Энэ хуулиар хууль хэрэглээний мэтгэлцээн өрнүүлсэнгүй. Уг нь хамгийн том бодлогын мэтгэлцээн Хуульчдын холбоо дээр явагдах ёстойсон. Хуульчдын холбоо дуугарахгүй бол шүүгч, прокурорууд холбоогоороо дамжуулж дуугарах ёстой байх. Ерөнхийлөгч, ҮАБЗ-өөс айж, бэртэгчин зан гаргаж загас мэт дуугүй явах нь эргээд эрх зүйн хөгжилдөө халтай.


Эцэст нь, Х.Нямбаатар хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгтнүүдэд ял завшуулсан явдлаа засахыг оролджээ. Сонгууль дөхсөн энэ үед намаа ч, хувь улстөрөө бодсон ч, шударга ёсыг бодсон ч зөв. Тэр засах гэж хичээсэн, гар хумхилгүй үйлдлээ хийсэн л байна. Харин "Хууль тогтоох дээд байгууллага хуулийг нь батлаад өглөө. Одоо прокурор, шүүх хуулийг хэрэглэх ёстой" гээд тулгасан байна лээ. Хуулийнхан хуулийг хэрэглэх ёстой нь маргаангүй ч, хүний эрх, шударга ёсны зарчим зөрчсөн бол тийм хууль хэрэглэж болдог уу. Энэ нь явсаар Үндсэн хуулийн цэц дээр хууль нь унаж, аль ч үгүй хоцорвол яах бол. Эргээд "Прокурор, шүүхийнхэн хэрэгтнүүдийг хаацайлж Цэц дээр унагалаа. Цэц улстөржлөө" гэж тайлбарлах уу. Уг нь хууль гаргахаасаа өмнө шүүх засаглалын саналыг сонсоод алтан дунджаар баталчихсан бол хэрэгтэй байлаа.

 

Санал болгох

Дүлий сэдэв: Дарсанд дэвтсэн өдөр

Гуравдугаар сарын 8 бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр юм. Энэ өдрийн үүсэл ажилчин эмэгтэйчүүдийн жагсаалаас, дарлагдсан эмэгтэйчүүдийн тэмцлээс эхлэлтэй. Эмэгтэйчүүд нийгэмд эрчүүдийн адил тэгш боломжийг эдлэх гэж, шийдвэр гаргалтад оролцох гэж, улиг хоцрогдсон хандлагыг өөрчлөх гэж тэмцэж ирсэн өдөр.

1 жилийн өмнө
ҮХНӨ өргөн барих УИХ-ын тогтоолыг зөрчихөөр болсон уу

Үндсэн хуулийн цэцээс 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн "давхар дээл"-ний хязгаарыг унагаасны дараагаар УИХ ээлжит бус чуулган зарлан холбогдох хуулиудыг өөрчилж, дараагаар нь Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа гишүүдийг сольсон.

2 жилийн өмнө
МХХ-ны ерөнхийлөгч Б.Өнөмөнхийн хугацаа дуусаад жил тойрлоо

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар МХХ-ны ерөнхийлөгч хоёр жилээр нэг удаа сонгогдон ажиллах учиртай. Энэ хугацаа нь 2021 онд дууссан боловч өнөөг хүртэл Хуульчдын V их хурлаа зохион байгуулаагүй байна. Харин Монголын Хуульчдын холбооны зөвлөл Б.Өнөмөнхийг 2021 оны 11 сарын 13-ны өдрөөс ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах шийдвэр гаргажээ.

2 жилийн өмнө
Монголын сэтгүүлчид тайван цуглаж, олон улсад хандлаа

Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөө дэлхийд 22 байраар ухраад байна. Үүнд тэд ХЗДХЯ, Засгийн газар, УИХ-ыг буруутгаж байгаа юм.

2 жилийн өмнө